Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00853

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00049 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 347 дугаар магадлалтай,

С.Агийн нэхэмжлэлтэй

Т.Цд холбогдох

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Цын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А миний бие 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ү-0000000000 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд охин А.Адъяасүрэн нь Кредитех СТМ ББСБ ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөг зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалсан ба зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний дагуу уг орон сууцыг төлбөрт тооцох тул чөлөөлөх арга хэмжээ ав гэсэн мэдэгдэл банк бус санхүүгийн байгууллагаас ирсэн. Зээ хүү маань тус орон сууцанд түр амьдардаг бөгөөд мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулан охин бид хоёр хүүгээ өөр тийш нүүлгэж, орон сууцыг чөлөөлөх арга хэмжээ авахаар очиход хүү биш Т.Ц 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Түүнд орон сууцыг өөрийн өмч, зээлийн төлбөрт тооцохоор болсон талаар хэлж яаралтай суллах арга хэмжээ авч, нүү гэхэд би танай зээ хүүгийн эхнэр. Ойрд бид хоёр таарамжгүй байгаа. Зээ хүүтэй чинь ойрын хугацаанд учраа олоод холбогдъё гэсэн боловч эргэж холбогдоогүй, дахин очтол би гэрлэлт цуцлалтын асуудлаа шийдвэрлэж дууссаны дараа байрыг чөлөөлнө гэж хэлээд одоог хүртэл үргэлжлүүлэн амьдарсаар байна. Удаа дараа түүнтэй уулзсан, мөн шүүхэд хандаад яахав гэж бодоод суллаж өгөхийг хүлээсэн боловч сүүлдээ хаалгаа тайлж өгөхгүй, утсаа унтраагаад, орон сууцнаас гарахгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Т.Цын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.А надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны 102 тоот байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч С.Агийн төрсөн хүү А.Оддэлгэртэй 2012 оны 4 дүгээр сард танилцаж, мөн оны 8 дугаар сараас эхлэн бид гэр бүл болж хамтран амьдрах болсон. Бидний дундаас охин О.Индра 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, охин О.Нинжин 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төрсөн. Анх гэр бүл болох үед С.А нь манай хүүхдүүд хүнтэй гэрлэлтээ батлуулж, гэр бүл болдоггүй. Удмын хараал хүрч аль нэг нь өнгөрдөг гэсний улмаас бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч охин О.Индра, О.Нинжин нарыг эцэг А.Оддэлгэрээр нь овоглож, иргэний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан. Тухайн үед би А.Оддэлгэрийн эх С.Атай удаа дараа уулзаж, гэрлэлтийн талаар ярилцаж байхад С.А өөрийн хүү А.Оддэлгэрээ тусад нь гаргаж орон байраар хангана, энд тэнд олон орон сууц байгаа гэж хэлсэн. Бид гэр бүл болсны дараа 2012 оноос хойш нэг жилийн хугацаанд С.Агийн гэр буюу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49 дүгээр байр, 81 тоот хаягт хамт амьдарч байгаад 2014 оны 8 сараас эхлэн дээрх хаягт шилжин амьдарсан. Уг орон сууцыг эгч нар нь авч өгсөн, бага хэмжээний зээлээр авсан учраас одоогоор ээжийнх нь нэр дээр байдаг. 2-3 жилийн дараа зээлийг нь бүрэн төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж А.Оддэлгэр надад хэлснээр маргаан бүхий орон сууцанд 4 жил амьдарч, орон сууц ашиглалтын төлбөрийг бүрэн төлж байсан. Гэтэл С.А нэхэмжлэлдээ намайг болон охидуудыг танихгүй, орон сууцанд нь хууль бусаар амьдарч байна гэж огт үндэслэлгүй зүйл бичиж, намайг гүтгэсэн байна. А.Оддэлгэртэй гэр бүл болсны дараа гайгүй байж байснаа 2016 оноос эхлэн архи уух нь ихсэж, улмаар гэр орондоо согтуу ирж, хэрүүл маргаан үүсгэж, хэд хоногоор ирэхгүй алга болж, агсам согтуу тавьж,заримдаа миний эрх чөлөөнд халдах тохиолдол гарч байсан. А.Оддэлгэр нь би өөр амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэх зүйлсийг ярьдаг болсон. Тухайн үед нь би согтуу хүний үг гээд төдийлөн тоодоггүй байсан. 2018 оны 7 дугаар сард гэрээсээ гарч яваад дахиж ирээгүй. Түүнийг гэртээ ирэхгүй болохоор нь Өмнөговь аймагт байрлах эгчийнхээ нүүрсний компанид, хөдөө ажиллаж байгаа гэж бодож байтал эгч А.Адъяасүрэн нь утсаар ...миний дүү А.Оддэлгэр чамаас салж байгаа, 2 хүүхдээ аваад байр чөлөөлөөрэй... гэсэн. А.Оддэлгэрээс тодруулахыг хүссэн боловч тэрээр надад олдоогүй. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирэхэд хулгай орсон бололтой хамаг юм хөглөрсөн байхаар нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд зөвхөн А.Оддэлгэрийн хувцас, хэрэглэдэг бүх зүйлс нь байхгүй, өөрийн эд зүйлсээ аваад явсан нь тодорхой болсон. Үүний дараа танихгүй хүмүүс гэрт ирж, энэ орон сууц банкны барьцаанд байгаа, байраа чөлөөлж өг гэх зэргээр дарамт шахалт үзүүлэх болсон. Эхнэр, охидуудаа хаяж, орон гэрээс нь хөөлгөж, гудамжинд гаргахаар зүтгэж буй нөхөр А.Оддэлгэр, хадам эх С.А, түүний эгч нарын ёс жудаггүй үйлдэлд маш их гомдолтой, 7 жил хамт амьдарсан, өрх тусгаарлахад хүний ёсоор гэрийн зүүн талын бүх тавилгыг авсан. Дээрх орон сууцыг барьцаанд байгаа гэж бодохгүй байна, барьцаанд байгаа бол гуравдагч этгээдийн эрх хөндөгдөнө. Хуульд зааснаар аливаа иргэн шүүхэд үнэн мэдүүлэг, тайлбар гаргах үүрэгтэй атал С.А нь ор үндэслэлгүй худал зүйл бичиж, хууль ёсыг зөрчсөн үйлдэл гаргаж байх тул хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 102 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, С.Ад олгох тухай С.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 347 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00049 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 12 дугаар байр 102 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Т.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.Ад олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай... гэж нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ц хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ “Иргэний хууль”-ийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэж буй явдалд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн зүгээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ огт биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн төрсөн хүү А.Оддэлгэрийнх нь эхнэр болох, өөрийнх нь ач нарын төрсөн эх болох, өөрийнх нь бэр болох хариуцагч Т.Цыг огт танихгүй хэмээн худлаа зүйл бичиж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 25.2.1 дугаар зүйлд хэргийн оролцогч нар “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” гэж заасныг ноцтой зөрчиж, шүүхэд зориуд санаатайгаар худал тайлбар, мэдээлэл өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч С.А нь өөрийн өмчлөлийн гэх тус орон сууцыг өөрийн төрсөн хүү А.Оддэлгэрийн гэр бүлд зориулан өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, өөрийн сайн дураар шилжүүлэн өгсөн байдаг бөгөөд энэ нь түүний төрсөн хүү А.Оддэлгэрийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Түүнээс биш хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч С.Агийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэлгүйгээр, хууль бус аливаа арга замаар уг орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, одоо хууль бусаар эзэмшиж, амьдарч байгаа хэрэг огт биш юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч С.Агийн орон сууцыг хууль бусаар шилжүүлэн авч, хууль бусаар эзэмшиж буй байдал тогтоогдохгүй, энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч Т.Цыг нэхэмжлэгч С.Агийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд хураагдах гэж байгаа тул хариуцагчийн эзэмшлээс гаргуулан авах...” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч С.А нь тус орон сууцыг аливаа этгээдийн зээлийн барьцаанд барьцаалсан талаарх ямар нэгэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, холбогдох шаардлагатай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна. Магадлалыг хүчингүйд тооцож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Т.Цд холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь миний хадам ээж байсан бөгөөд түүний хүү Оддэлгэртэй 2012 оны 8 дугаар сараас эхлэн хамт амьдарч, хоёр охинтой болсон., ...2014 оны 08 сараас эхлэн энэ байранд амьдарч байгаа ба бага хэмжээний зээлтэй байсан тул ээжийн нэр дээр байгаа..., Оддэлгэр 2018 оноос хойш ирээгүй, ...Оддэлгэр болон түүний ээжийн ёс жудаггүй үйлдэлд маш гомдолтой байна..., нэхэмжлэгч нь намайг болон зээ нараа танихгүй гэж, мөн орон сууцыг зээлийн өрөнд өгч байгаа гэж худал хэлж байна..., үүндээ хариуцлага хүлээх ёстой...гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ. Хариуцагч Т.Цын эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

С.А нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000340490 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ.

Түүний өмчлөлийн орон сууцыг хариуцагч Т.Ц нь хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг чөлөөлүүлэх эрх зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэх замаар дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн магадлалыг гаргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн хүү Оддэлгэр нь Т.Ц, хоёр хүүхдийн хамт уг орон сууцанд амьдарч байсан боловч тухайн орон сууц дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө эсвэл өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу эзэмшиж байгаа эсэхийг хариуцагч Т.Ц баримтаар нотлоогүй байв. Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна. Нөгөө талаар, нэхэмжлэгч С.А нь хариуцагчийн хүүхдүүдийн эмэг эх нь мөн боловч өөрийн өмчлөлийн хөрөнгийг эзэмшүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 22-ны өдрийн 347 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА