Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00049

 

 

 

 

 

 

     2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/00049

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С.А-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Т.Ц-д холбогдох

 

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцыг Т.Ц-ын эзэмшлээс чөлөөлүүлж, С.Ад олгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшин, өмгөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.А нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Y-2205006638 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, миний төрсөн охин А.Адъяасүрэн нь Кредитех СТМ ББСБ-тай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд дээрх орон сууцыг тавьсан бөгөөд охин зээлээ хугацаанд нь төлөөгүй. Кредитех СТМ ББСБ-аас зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан зээлийн гэрээний дагуу уг орон сууцыг төлбөрт тооцуулахаар болсон, иймээс уг байрыг чөлөөлөх арга хэмжээ авах талаар надад болон миний охинд мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн.Зээ хүү маань миний өмчлөлийн орон сууцанд түр амьдардаг бөгөөд Кредитех СТМ ББСБ-аас мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулан охин бид хоёр хүүгээ өөр тийш нь нүүлгэж, орон сууцыг чөлөөлөх арга хэмжээ авахаар очиход уг орон сууцыг миний хүү биш Т.Ц 2 хүүхдийн хамт амьдарч байсан.Би түүнд уг орон сууцыг өөрийн өмч гэдгээ тайлбарлан зээлийн төлбөрт тооцохоор болсон талаар хэлж яаралтай суллах арга хэмжээ авч, нүүх талаар хэлтэл “Би танай зээ хүүгийн эхнэр байгаа юм.Ойрд бид хоёр таарамжгүй байгаа.Зээ хүүтэй чинь ойрын хугацаанд учраа олоод холбогдъё” гэсэн, би нэлээдгүй хугацаанд хүлээсэн боловч огт эргэж холбогдоогүй, би дахин очтол “Би гэрлэлт цуцлалтын асуудлаа шийдвэрлэж дууссаны дараа байрыг чөлөөлнө” гэж хэлээд одоог хүртэл үргэлжлүүлэн амьдарсаар байна.Би удаа дараа түүнтэй уулзсан, мөн шүүхдээд яахав гэж бодоод суллаж өгөхийг хүлээсэн боловч сүүлдээ хаалгаа тайлж өгөхгүй, утсаа салгаад, байрнаас гарахгүй байна.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Т.Цын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 12 дугаар байр, 102 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.А надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.А нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 102 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Y-2205006638 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг түүний төрсөн охин А.Адъяасүрэн нь Кредитех СТМ ББСБ-тай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд тавьсан бөгөөд охин нь зээлээ хугацаанд нь төлөөгүй ба Кредитех СТМ ББСБ-аас зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан зээлийн гэрээний дагуу уг орон сууцыг төлбөрт тооцуулахаар болсон, иймээс уг байрыг чөлөөлөх арга хэмжээ авах талаар С.А болон  охин А.Адъяасүрэн нарт мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн байдаг.С.Агийн бага хүү А.Оддэлгэр нь дээрх орон сууцанд түр амьдардаг бөгөөд Кредитех СТМ ББСБ-аас мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулан А.Оддэлгэрийг нүүлгэж, орон сууцыг чөлөөлөхөөр очиход Т.Ц 2 хүүхдийн хамт амьдарч байсан.Т.Цд энэ орон сууцыг өөрийн өмч гэдгээ тайлбарлан зээлийн төлбөрт тооцохоор болсон талаар хэлж яаралтай суллах арга хэмжээ авч, нүүх талаар хэлтэл “Би танай хүүгийн эхнэр байна, ойрд бид хоёр таарамжгүй байгаа, бид учраа олоод холбогдоно” гэсэн боловч холбогдоогүй тул дахин очиход “Би гэрлэлт цуцлалтын асуудлаа шийдвэрлэж дууссны дараа байрыг чөлөөлнө” гэж хэлээд амьдарсаар байна.С.А удаа дараа түүнтэй уулзсан, мөн шүүхдээд яахав гэж бодоод суллаж өгөхийг хүлээсэн боловч сүүлдээ хаалгаа тайлж өгөхгүй, утсаа салгаад, байрнаас гарахгүй байна.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Т.Цын хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 12 дугаар байр, 102 тоот орон сууцыг албадан чөлөөлж, С.Ад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны 102 тоот байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.Учир нь С.А нь Т.Ц миний хадам эх, хоёр охины маань эмээ нь.Гэтэл С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг болон охидуудыг маань “танихгүй, миний байранд хууль бусаар амьдарч байна гэсэн огт ор үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлдээ бичиж, улмаар намайг гүтгэсэн байна.Би нэхэмжлэл гаргасан С.Агийн хүү болох А.Оддэлгэртэй 2012 оны 4 дүгээр сард анх танилцаж, улмаар мөн оныхоо 8 дугаар сараас эхлэн бид гэр бүл болж хамтран амьдрах болсон.Бидний дундаас охин О.Индра 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, охин О.Нинжин 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төрсөн, бид нарыг анх гэр бүл болох үед С.А нь “манай хүүхдүүд хүнтэй гэрлэлтээ батлуулж, гэр бүл болдоггүй юм.Удмын хараал хүрээд байдаг болохоор аль нэг нь өнгөрдөг” гэсний улмаас бид нар хурим найр хийж, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Гэхдээ өөрийн охин О.Индра, О.Нинжин нарыг эцэг А.Оддэлгэрээр нь овоглож, иргэний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авч байсан.Тухайн үед би А.Оддэлгэрийн эх С.Атай удаа дараа уулзаж, гэрлэлтийн талаар ярилцаж байхад С.А “өөрийн хүү А.Оддэлгэрээ тусад нь гаргаж орон байраар хангана, энд тэнд олон байр сууц байгаа” гэж хэлж байсан, бид гэр бүл болсныхоо дараа 2012 оноос хойш нэг жилийн хугацаанд түүний эх С.Агийн гэр (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49 дүгээр байр, 81 тоот хаягт)-т цуг амьдарч байгаад 2014 оны 8 сараас эхлэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 12 дугаар байр, 102 тоот хаягт шилжин амьдарсан.Тухайн үед уг орон сууцыг эгч нар нь авч өгсөн, бага хэмжээний зээл тавьж авсан учраас одоогоор ээжийнх нь нэр дээр байгаа, удахгүй 2-3 жилийн дараа зээлийг нь бүрэн төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж А.Оддэлгэр надад хэлж байсан. Түүнээс хойш уг байранд 4 жил амьдарч байгаа бөгөөд амьдарсан хугацаанаас эхлэн уг байрны мөнгө сууц өмчлөгчдийн төлбөрийг бүрэн төлж байсан.Би нөхөр болох С.Агийн А.Оддэлгэртэй гэр бүл болсоны дараа гайгүй байж байснаа 2016 оноос эхлэн архи уух нь ихсэж, улмаар гэр оронд согтуу ирж, хэрүүл маргаан үүсгэх болсон.Бүр сүүлдээ хэд хоногоор гэртээ ирэхгүй алга болж, ирэхээр агсам согтуу тавьж, хааяа миний эрх чөлөөнд халдаж, гар хүрэх тохиолдол ч гарч байсан.Заримдаа А.Оддэлгэр нь би өөр амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэх зүйлсийг ярьдаг болсон.Тухайн үед нь би согтуу хүний үг гээд төдийлөн тоодгүй байсан.Ингээд А.Оддэлгэр нь 2018 оны 7 дугаар сард гэртээ согтуу ирж, хэрүүл маргаан үүсгэж байгаад гарч яваад, дахиж гэртээ ирээгүй.А.Оддэлгэрийг гэртээ ирэхгүй болохоор нь Өмнөговь аймагт байрлах эгчийнхээ нүүрсний компанид, хөдөө ажиллаж байгаа байх гэж бодож байтал түүний эгч А.Адьяасүрэн нь надруу утсаар залгаад “...миний дүү А.Оддэлгэр чамаас салж байгаа.Чи 2 хүүхдээ аваад байр чөлөөлөөрэй...” гэсэн. Гэтэл нөгөө эгч нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр дахин надруу утсаар залгаж “...эмэгтэй хүн л хохирч үлддэг юм.Хоёр хүүхдээ аваад зайлаарай...” гэх болсон. Тэгэхээр нь А.Оддэлгэрийг хайж, түүнтэй холбогдож, юу болоод байгааг тодруулахыг хүссэн боловч тэрээр надад олдоогүй, залгахаар утсаа огт авахгүй, гэртээ ч ирэхгүй хэвээр байсан.Ингээд 2018.09.13-ны өдөр хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд гэрт хулгай орсон бололтой хамаг юм хөглөрсөн байдалтай байхаар нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд зөвхөн А.Оддэлгэрийн хувцас, хэрэглэдэг бүх зүйлс нь байхгүй, тэрээр гэртээ ирээд өөрийн эд зүйлсээ аваад явсан болох нь тодорхой болсон.Түүний дараа худал үнэн нь үл мэдэгдэх, танихгүй хүмүүс гэрт ирж, энэ байр банкны барьцаанд байгаа, байраа чөлөөлж өг гэх зэргээр дарамт шахалт үзүүлэх болсон.Өөрийн эхнэр, төрсөн охидуудаа хаяж, бүр орон гэрээс нь хөөлгөж, гудамжинд гаргахаар зүтгэж буй нөхөр А.Оддэлгэр, хадам эх С.А, түүний эгч нарын ёс жудаггүй үйлдэлд маш их гомдолтой байна.Монгол улсын хуульд зааснаар аливаа иргэн нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг, тайлбар гаргах үүрэгтэй, хэрэв худал зүйл ярьвал хуулийн хариуцлага хүлээдэг гэж би ойлгож байна.Гэтэл С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй худал зүйл бичиж, хууль ёсыг зөрчсөн үйлдэл гаргаж байна.Энэ асуудлыг холбогдох хуулиар тогтоосон журмын дагуу шийдүүлэх болно.Иймд С.Агийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд ташаа зүйлүүд их бичигдсэн байна.Миний охин Т.Ц нь С.Агийн бага хүү А.Оддэлгэртэй 7 жил хамт амьдарсан, тэднийг өрх тусгаарлахад нь би хүний ёсоор гэрийн зүүн талын бүх тавилгыг авч өгсөн.Би энэ байрыг барьцаанд байгаа гэж бодохгүй байна, барьцаанд байгаа бол гуравдагч этгээдийн эрх хөндөгдөх байх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А хариуцагч Т.Цд холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 102 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, С.Ад олгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.А нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 102 тоот хаягт байршилтай, 30 метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000340490 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байна.

 

Гэвч нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ хуульд заасан журмаар нотлоогүй байна.

 

Тухайлбал нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг нэхэмжлэгч С.А нь зээлийн барьцаанд тавьсан эсэх, улмаар уг орон сууцыг тухайн зээлийн төлбөрт тооцохоор болсон гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч С.Агийн хүү Оддэлгэртэй гэр бүл болон амьдарч байсан, уг орон сууцанд одоо Т.Ц 2 хүүхдийн хамт амьдарч байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Улмаар А.Оддэлгэр Т.Ц нарын дундаас 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин Индра, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр охин Нинжин нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний 0000924802 Г-2660, 0000269786 дугаартай гэрчилгээнүүдээр нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 102 тоот хаягт байрлах орон сууцанд 2014 оноос хойш амьдарч байгаа гэж хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байхад гэрч А.Оддэлгэр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ уг орон сууцанд Т.Цтай хамтран 4 жил амьдарсан гэж мэдүүлсэн байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагчийн эцэг нь манайх охиндоо зориулан дээрх орон сууцанд тохируулж тавилга хийлгэж өгч байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

 

Иймд тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг Т.Цд шилжүүлсэн байна гэж үзэхээр байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасан байх тул С.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 102 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, С.Ад олгох тухай С.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН