Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/68

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, Н.Баяр,

            Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Б-д холбогдох 1734005250040 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Н.Баяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б , 1976 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо 21 дүгээр гудамж Горькийн 752 тоотод орших суух хаягтай, одоо Улаанбаатар ...... тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар:ОЮ...,

 

2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Д.Б ийн жолоодож явсан FAW маркийн 71-48 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хропны 2 дугаар голны гайх тавьсаны улмаас тормозны систем эвдэрч улмаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогсоож, захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлууна” гэснийг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 34-12 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ариунцог 71-48 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Ариунцогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Д.Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б ийн цагдан хоригдсон 9 хоногийг ял эдлэх хугацаанд дүйцүүлэн хасч, биечлэн эдлэх ялыг 228 /хоёр зуун хорин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 228 /хоёр зуун хорин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 228 /хоёр зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

             Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б оос хохирогч Б.Ариунцогийн эрүүл мэндийн хохирлын 1.822.363 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ариунцогд, эд хөрөнгийн хохирлын 5.282.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Лхамсүрэнд тус тус олгож, Б.Ариунцогийн 3.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Балдорж давж заалдах гомдолдоо: “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 тоот шийтгэх тогтоолоор хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн билээ.  Шүүгдэгч Д.Болдорж би Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх нь эрүүгийн 1734005250040 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Үндэслэл нь: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй. Тухайлбал: Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, 2017.12.02-оос 12.03-нд шилжих шөнө Төв аймгийн Баян дэлгэр сумын нутаг дэвсгэрт, зам дээр зогсож байсан FAW маркийн 71-48 УНУ улсын дугаартай миний машины араас Б.Ариунцогийн жолоодож явсан 32-14 ЗАА улсын дугаартай Субару форестр маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогдсон ба туршилт хийсэн тэмдэглэл зэрэг бусад баримтуудаар жолооч Б.Ариунцог нь зам тээврийн осол гаргасан байхад шүүх нэг талыг барьж зөвхөн намайг үндэслэлгүйгээр буруутган гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Дээрх жолооч нь эрхийн үнэмлэхгүйгээр, хурд ихтэй, бүрэн бус техниктэйгээр хөдөлгөөнд оролцож, осол гаргасан байхад шүүх түүнийг анхааралгүй орхигдуулж, түүнийг ял завшуулсанд маш их гомдолтой байна.

2. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаарт: Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ариунцогийн эрүүл мэндийн хохиролын 1.822.363 төгрөгийг, эд хөрөнгийн хохирол 5.282.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Лхамсүрэнд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцээгүй гэж үзнэ.

Минии бие жолооч Б.Ариуцогд хууль заасан үндэслэл журмаар хохирол төлөх ямарч үндэслэлгүй юм. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь "..Б.Ариунцог та хоёр хохирлыг хувааж төлөөрэй" гэж байснаа шүүх хурал дээр нэг талыг барьж зөвхөн намайг ялласанд гомдож байна.

Хяналтын прокурор Б Сувд-Эрдэнэ нь 105 дугаартай яллах дүгнэлтэндээ биеийн байцаалтыг буруу бичсэн байсныг шүүх шийтгэх тогтоолдоо хуулбарлан бичсэнийг нь би шүүгчийн туслахад хэлж засуулж зөвтгөсөн. Иймд  прокурорын яллах дүгнэлт нь хуулийн дагуу бичигдээгүй, зөрүүтэй байгааг анхаарна уу.

Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нягтлан үзэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийг зөрчин, надад дээрх зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан байх тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5018-06-15-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Д.Б  нь ослын тэмдэг тавиагүйгээс зам тээврийн осол гарч Ариунцогт хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэн түүнд 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ариунцог нь ЗХД-ийн 9.2, 2.1-заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.

-Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдсан байхад Ариунцог нь 80 км цагийн хурдтай явсанаас зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн, тээврийн хэрэгслийг харсан байтлаа зогсоох арга хэмжээ аваагүй нь 2018-03-01-ий өдрийн туршилтаар болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон.

-Хүн тээвэрлэх эрхгүй, тээврийн хэрэгсэл жолоолдох эрхгүй дадлага туршлагагүй байж асар хурдтай явж өөрөө осол гаргаж, өөртөө гэмтэл учруулсан байхад шүүх Ариунцогийн гэм бурууг Д.Б-д тохож гэм буруугүй Балдоржид шийтгэл оногдуулж гарсан хохирлыг түүгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна.Түүнчлэн шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хүнд ял оногдуулсан нь түүний амьдрал ахуйд хүнд тусаж байна. Гэтэл шүүх Ариунцогийн энэ буруутай үйлдлийн талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй ба дээрхи Д.Б ийн буруугүй болохыг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй нь ЭХХШТХ-ийн 39.5-ийн 1.2.3-р заалтыг ноцтой зөрчсөн. 39.6-ийн 1-4-р заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

2. Анхан шатны шүүх ямарч үндэслэлгүйгээр Ариунцогт 1.822.363 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 5.282.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд шүүх шударга бус хандсан. Өөрөөр хэлбэл Ариунцогийн 100% буруутай үйлдэл тогтоогдсон байхад түүнд шийтгэл оногдуулах битгий хэл хохирлын 50% -ийг төлүүлэхээр шийдвэрлээгүй.

Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-8-06- 15-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Эргэлзээтэй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Балдоржийн машин эвдрээд зайлшгүй зогсолт хийсэн бол ослын тэмдэг тавих ёстой байсан. Гэтэл гэрч нар ямар ч овоолсон цас, ослын тэмдэг байгаагүй гэж мэдүүлдэг. Ариунцогийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан асуудлыг зөрчлийн хуулиар шалгуулахаар шилжүүлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: Балдорж замаа чөлөөлж, ардаа цас овоолж тавьсан гэдгийг хариуцлагатай гэрч гэрчилдэг. Субару машины жолооч 80 км/ц хурдтай явсан, бүрэн бус техниктэй явсан гэдгийг гэрч мэдүүлдэг. Тийм учраас Балдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл мөрдөн байцаалтад буцааж шалгуулах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй. Ариунцогийн 100 хувь буруутай үйлдэл байна. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б  гаргасан тайлбартаа: Дан тэмдэг тавиагүй. Цас овоолж ослын тэмдэг тавьсан. Ариунцог 100 хувь буруутай. Миний машиныг 30-40 метрт харчхаад зогсоох арга хэмжээ аваагүй. Машин нь гэрэлтүүлэг муутай байсан гэдгийг гэрч мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Тэмдэг тавьсан тавиагүй би буруугүй. Энэ нөхөр бантангуутаа хэргээ надруу чихэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт яллагдагч Д.Б ийн жолоодож явсан FAW маркийн 71-48 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хропны 2 дугаар голны гайх тавьсаны улмаас тормозны систем эвдэрч улмаар замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогсоож, захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлууна” гэснийг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 34-12 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Д.Ариунцог 71-48 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Ариунцогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Б ийн, гэрч Э.Болдмандахын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Ариунцогийн мэдүүлэг, гэрч Ц.Батноровын мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, гэрч С.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 93 тал/, гэрч Ө.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 94 тал/, гэрч Б.Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 95 тал/, шинжээч эмчийн №16 дугаартай дүгнэлт, 32-14 ЗАА улсын дугаартай “Субару Форестер” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан техникийн үнэлгээний тайлан / хх-ийн 44-46 тал/, шинжээчийн №00000140 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Д.Б-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Шангас овогт Довдонгийн Балдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Хэрэг учрал гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад 32-14 ЗАА улсын дугаартай Субару Форестр маркийн тээврийн хэрэгсэл нь 71-48 УНУ улсын дугаартай FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн  гэх “А” цэгийн урт нь асфальтан замын ирмэг хүртэл 1.60 метрт байна. 71-48 УНУ улсын дугаартай FAW маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б  нь зорчих хэсгийг чөлөөлөөгүй зогсох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор байрлуулаагүй болох нь тогтоогдсон. Ослын зогсолтын тэмдгийг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тавьсан байсан бол дээрх осол аваар гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “эд хөрөнгийн хохирлын 5.282.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Лхамсүрэнд тус тус олгож “ гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагч” гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрх зүйн байдлын хувьд 2 өөр байхаар хуульчилсан байхад нэг этгээд мэтээр тогтоолд зааж хохирол гаргуулсан нь буруу байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Лхамсүрэнд” гэснийг “иргэний нэхэмжлэгч Н.Лхамсүрэнд” гэж өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Лхамсүрэнд” гэснийг “иргэний нэхэмжлэгч Н.Лхамсүрэнд” гэж өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

 

 

          

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

           ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ