| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0620/Э |
| Дугаар | 948 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | М.Мөнхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 948
Ч.Н, Г.Т, Б.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Мөнхзул,
хохирогч О.Есүхэйн өмгөөлөгч С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Есүхэй, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Н, Г.Т, Б.М нарт холбогдох 1705016960533 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Зэлэм овгийн Ч.Н, Завхан аймгийн Улиастай суманд 1983 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Витафит” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20/3 дугаар байрны 12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ИЭ...................../,
2. Боржигон овгийн Г.Т, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 24 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: РЭ................../,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
3. Харуул овгийн Б.М, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 24 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ..................../;
Ч.Н нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн О.Есүхэйг “мөрөлсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан, улмаар заамдан татаж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Г.Т нь О.Есүхэй, Ч.Н нарыг заамдалцаж байхад нь Ч.Н-г араас нь татсаны улмаас О.Есүхэйтэй хамт унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Б.М нь Ч.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Н, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н, Г.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан хохирогч О.Есүхэйгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хохирогч О.Есүхэй давж заалдах гомдолдоо: “... Шүүх Ч.Н-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгаж байгаа нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Камерийн бичлэгт “...Би Ч.Нг огт мөрлөөгүй урдаа яваа эмэгтэйн араас явсаар ломбард гэх хаягтай подваль руу орж байгаа нь харагддаг. Ломбард руу орохдоо сугандаа жижиг цүнх хавчуулсан, халаасанд байсан цалингийн мөнгөө дарж үзэхийг Ч.Н, түүнтэй цуг явсан Д.Болдбаатар нар хараад “ломбарданд тавих эд зүйлтэй, мөнгө төгрөгтэй явна” гээд араас маань дагаж подваль руу ороод “хөөе пизда минь” гээд нүүр рүү цохиход, би “чи яаж байна аа” гэх чимээгээр подвальд байсан нохой хуцаж тэд нар гарсан.
Ломбардандаа Г.Т байхгүй болохоор нь гартал Ч.Н үгийн зөрүүгүй куртикны захаар хоолой боож, Д.Болдбаатар араас 2 гарыг маань хумиж тэврэн хөдөлгөөнгүй болгоход амьсгаа боогдож би өөрийгөө хамгаалах хөдөлгөөн хийх чадваргүй болсон. Тэр үед Г.Т гарч ирээд “болиоч, тавиач” гэх үед Ч.Н намайг урдуураа тойруулан хүчтэй татсаны улмаас хөл хашлаганд тээглэн хашлага давж цементэн дээр толгойгоороо унаж хүнд гэмтэл авсан. Г.Т намайг унагаахад нөлөөлөх үйлдэл хийгээгүй. Ч.Н хоолой боож татан, Д.Болдбаатар өөрийгөө хамгаалж тулж түших үйлдэл хийх боломжгүй болгосны улмаас би унаж гэмтсэн. Тэд надад халдаагүй байсан бол би унаж хүнд гэмтэхгүй байсан нь хэнд ч тодорхой байна. Шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгож “хохирол өгөх ёсгүй шүү” гэж хэлж, шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Ч.Н нь согтуурсан үедээ гудамжинд яваа хүмүүсийг өдөөн хоргоож нэг залууд цохиулж байгаа болон “Стелла” баарны үүдээр 20-30 минут цааш, нааш холхиж яваа нь камерын бичлэгт авагдсан. Гэртээ харих замд нь би таарч мөрөлсөн, надаар уучлалт гуйлгуулахаар миний араас подваль руу орсон гэдэг нь худал болохыг баталдаг. Камерын бичлэгээр мөрлөөгүй болох нь тогтоогдсон.
Ч.Н шүүх хурал дээр “гэм буруугаа хүлээж надад хүнд гэмтэл учруулсандаа, гэмтээсэндээ гэмшиж, учирсан хохирлыг төлнө, шүүх хурлын өмнө 500.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсээр байхад шүүх ямар үндэслэлээр цагаатгасныг ойлгохгүй байна.
Би ямар ч буруутай үйлдэл хийгээгүй, зүгээр явж байгаад Ч.Н, Д.Болдбаатар нарын халдлагад өртөж тархиндаа суурь ясны зүүн талын их далавч дайрч дээш чамархай зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын чамархай хэсэгт хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын чамархайн дэлбэнд цус хуралт, зүүн чамархай, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл авсан. Тэд над руу халдаагүй байсан бол би эрүүл саруул, ажил төрлөө хийгээд эхнэр, нялх балчир хүүхдээ тэжээгээд явах байсан. Надад хүнд гэмтэл учирсан нь Ч.Нгийн санаатай үйлдлээс болсон тул түүнийг үндэслэлгүй цагаатгасан гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Есүхэйг ломбард руу орох үед Ч.Н, Д.Болдбаатар нар араас нь дагаж, ямар ч шалтгаангүйгээр Ч.Н нь О.Есүхэйг толгойн тус газар нь цохиж, улмаар хоолойг нь боож Д.Болдбаатар нь түүнд дэмжлэг үзүүлэн О.Есүхэйгийн араас 2 гарыг нь хөдөлгөөнгүй болгон дарсан байхад Ч.Н өөрөөсөө холдуулан урдуураа тойруулан хүчтэй татсаны улмаас О.Есүхэйн хөл цементэн хашлаганд тээглэн давж унаж тархиндаа хүнд гэмтэл авсан нь хэрэгт авагдсан камерийн бичлэг, гэрч Ц.Оюунзул, Г.Т, Мөнхзул нарын өгсөн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогддог. /1-р хх 9, 28-46, 87-89/,
Шүүгдэгч Ч.Н нь шүүх хуралдаанд “... Хохирол учруулсандаа гэмшиж байна. Цаашид эмчилгээний зардлыг нь нөхөн төлнө...” гэж өөрийхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. /1-р хх 242-252/,
|
|
Мөн гэрч Д.Болдбаатар шүүх хуралдаанд “... Тухайн хэрэг болдог орой та болон таны ахын буруу байгаа юу...” гэсэн асуултанд “... байгаа ...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. /1-р хх 242-252/,
Шүүгдэгч Г.Т нь “О.Есүхэйг Норхлоогоос салгах гэсэн үйлдэл хийсэн нь О.Есүхэй гэмтэхэд нөлөөлөөгүй. Надад хүнийг татаж унагаах боломж байгаагүй” гэж удаа дараа мэдүүлсэн байдаг.
Дээр дурьдсан баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотолсон баримт байсаар атал шүүх ямар баримт нотолгоог үндэслэн үгүйсгэж, Ч.Нгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.
Хохирогч О.Есүхэй нь Ч.Н, Д.Болдбаатар нарыг өөрт нь ямар ч шалтгаангүй цохиж, багалзуурдаж, татан унагаагүй бол хүнд гэмтэл авахгүй байсан нь илтэд тодорхой. Тэдний үйлдэл, хор уршиг, хохирлын хооронд шалтгаант холбоотой байгааг үнэлж дүгнэлгүйгээр хохирогчийг цохиулж, татахад тэсч чадаагүй, унасандаа өөрөө буруутай гэж үзэн Ч.Нгийн үйлдлийг цагаатгасанд гомдолтой байна. Түүнчлэн шүүх хурлын тэмдэглэлд О.Есүхэйн хэлсэн үгийг бүрэн гүйцэд бичилгүй орхигдуулсан байна.
О.Есүхэй нь одоо 28 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, барилгын инженер мэргэжилтэй залуу бөгөөд хүнд гэмтэл авсны улмаас өнөөг хүртэл ажилгүй, унаж татахгүйн тулд байнгын эм тариа хэрэглэн туйлын хүнд байдалтай байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.593.538 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч О.Есүхэйн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Н, Д.Болдбаатар гэх хоёр хүний үйлдлээс болж хохирогч О.Есүхэйд хүнд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон. Д.Болдбаатар нь хохирогчийн хоёр гарыг барьж байсан үйлдэл нь хүнд гэмтэл учирахад нөлөөлсөн байна гэж прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан. Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч О.Есүхэй нь өөрийн зам мөрөөрөө явж байгаа нь харагддаг. Анхан шатны шүүх хуралдаанд хоёр камерийн бичлэгийг шинжлэн судалсан. Тухайн камерийн бичлэгийг үзэхэд О.Есүхэйг ломбард руу орох үед араас нь Ч.Н, Д.Болдбаатар нар дагаж орж байгаа нь харагддаг бөгөөд ломбард руу дагаж ороод нүүр рүү цохих үед подвальд байсан нохой хуцаад Ч.Н, Д.Болдбаатар нар зугтсан. Хохирогчийг ломбардны үүдэнд гарч ирэхэд Ч.Н нь хохирогчийн хоолойг нь боож, Г.Т боль гэх байдлаар хоёр тийш ээ болгох үед О.Есүхэй нь хашгаланд хөл нь тээглэж унаж байгаа үйл явдал харагддаг. Хэрвээ эдгээр хүмүүс нь Г.Тыг гарч ирээд боль гэж хэлэх үед хийж байсан үйлдлээ зогсоосон бол хохирогчид хүнд гэмтэл учрахгүй байх байсан. Хохирогч өөрт учирсан хүнд гэмтлээсээ болж ойр, ойрхон татаж унадаг болсон бөгөөд одоогийн байдлаар 11 сар ажилгүй, хүний хараа хяналтанд байгаа. Шүүгдэгч нарын зүгээс хохирогчийг мөрөлсөн гэж ярьдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй. Тэгэхээр эдгээр хоёр хүний үйлдэл нь хохирогчид гэмтэл учруулахад нөлөөлсөн шалтгаант холбоо харагдаж байна. Хохирогч нь эдгээр хүмүүстэй ямар нэгэн байдлаар маргалдаагүй, дөхөж очиж хэрүүл өдөөгүй байхад гэмтэл учруулсан үйлдлийг шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогчид санаатай үйлдэл хийсэн байдал харагдаж байхад ямар шалтгаанаар цагаатгаж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Нөхрийгөө маргаанаас холдуулж, гар, хөлийг нь тавиулах гэж татаж чангааж байх үед хөхийг нь гаргасан үйлдэлд уурлаж нэг цохисон хүнийг чи буруутай гэж дүгнэн 450.000 төгрөгөөр торгосон. Шүүгч шүүх хуралдаан дээр тэр ч байтугай “яах гэж хохирлын мөнгө өгсөн юм бэ” гэх агуулгатай зүйл ярьж байсан. Хохирогчийн зүгээс 4.093.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 3.593.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хэргийн нөхцөл байдлаас харахад Г.Т нь Ч.Нг араас нь татаж унагаагүй бол хохирогч О.Есүхэй унаж хүнд гэмтэл учрахгүй байсан. Хавтас хэрэгт авагдсан камерийн бичлэгээс үзэхэд Ч.Н, хохирогч О.Есүхэй хоёр харилцан заамдалцаад зогсч байхад Г.Т араас нь ирж хүзүүгээр нь, хойноос нь татаж тавиулах гэж оролдсоны улмаас хохирогч О.Есүхэйн биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, Г.Т, Ч.Н хоёрын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй. Хэрвээ энэ хоёр заамдалцаад байж байхад Г.Т тавиулах гэж очоогүй бол, Ч.Н нь заамдсан гараа хүзүүнээс нь тавьсан байсан бол хохирогч О.Есүхэй нь унахгүй байх боломжтой байсан. Тэгэхээр энэ хоёрын үйлдлийн улмаас хохирогч О.Есүхэйд хүнд гэмтэл учирсан шалтгаант холбоо харагдаж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Н, Г.Т, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ч.Н-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарсан байдал нь хяналтын камерын бичлэгт бичигдэн үлдсэн байх ба уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргаж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ.
Дээрх дүрс бичлэгээс үзэхэд “... шүүгдэгч Ч.Н нь хохирогч Есүхэйтэй харилцан заамдалцан зууралдсан байхад шүүгдэгч Г.Т нь тэднийг салгахаар Ч.Н-г хойноос нь хоолойноос нь татсаны улмаас шүүгдэгч, хохирогч нар газар унаж байгаа харагдаж байна. Түүнчлэн Ч.Н, О.Есүхэй нар нь хэн хэнийгээ заамалдсан чигээрээ татагдсан, хохирогч О.Есүхэй нь мөн шүүгдэгчийг түлхэх хүч үйлчлэн хашлаганд хохирогч О.Есүхэй тээглэн унасан ...” гэсэн шүүхийн тогтоолын дүгнэлт нь нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Н-гийн үйлдэл болон хохирогч О.Есүхэйн биед учирсан хохирлын шалтгаант холбоог бодитой үнэлж, дүгнэж чадаагүй, холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна. Энэ талаар хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Нгийн үйлдэл гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрийн аль нь болох, Ч.Н, Д.Болдбаатар нарын үйлдэлд нийтийн хэв журмыг зөрчсөн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Н, Г.Т, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Ч.Н, Г.Т, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ш.БАТ-ЭРДЭНЭ
М.ПҮРЭВСҮРЭН