Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00849

 

“Т Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлалтай,

“Т Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

ТАДЭБС ХХК, А.С, “З Б Д С”д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ТАДЭБС ХХК, А.С нараас 241 631 911 төгрөгийг, “З Б Д С”гаас гэрээний 52.8 хувь буюу 207 939 809 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “З Б Д С”гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагч “З Б Д С”гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк 2014 оны 11 сарын 18-ны өдөр 14/1088 тоот зээлийн гэрээг ТАДЭБС ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаатар, А.С нартай байгуулан 480 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгосон. Мөн “З Б Д С”, ”Т Б”ХХК, зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын БДГ-14/1093 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр “З Б Д С” нь ”Т Б”ХХК-ийн өмнө үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52.08 хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрэн авсан ч компанийн удирдлага, хамтран зээлдэгч нар санхүүгийн сахилга бат муу, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг гэрээний дагуу аваагүй, зээлийн зарцуулалтыг зориулалт бусаар ашиглах гэх мэт олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрснээр 2016 оны 11 сард Төрийн банкны Тусгай активын албанд шилжин ирснээр 4.0 сая төгрөг төлсөн муу ангилалтай байна. Зээлдэгч нь 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 14/1088 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу 1 талын санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдлийг удаа дараа өгсөн. ТАДЭБС ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг ч банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Хамтран хариуцагч “З Б Д С”г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн ч зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх үндэслэлээр биелүүлэхээс татгалзсан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрт 80 730 014 төгрөг, хүү 59 938 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 594 төгрөг, нийт 140 734 577 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 399 269 985 төгрөг, үндсэн хүү 47 850 712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 022 төгрөг, 449 571 719 төгрөг болсон тул ТАДЭБС ХХК, А.С, “З Б Д С”тай байгуулсан гэрээг цуцалж гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс ТАДЭБС ХХК, А.С нараас 241 631 911 төгрөгийг, “З Б Д С”гаас гэрээний 52.8 хувь буюу 207 939 809 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТАДЭБС ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх банкнаас зээл авсныг хүлээн зөвшөөрнө. Зээлийг үйлдвэрийн байшин барилга эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан. Байшин барилга нэмэлт объектоо барьж дуусгасан. Зах зээлийн хүнд нөхцөлөөс болоод бүтээгдэхүүний үнэ зах зээлд өсөхгүй, ерөнхий үнийн ханш өсөөд байсан учраас манайх хурдтай тоног төхөөрөмж авч, эргэлтийн хөрөнгө бий болгох зориулалтаар үйл ажиллагаа явуулах болсон учраас сүүлийн үед зээлээ төлж чадаагүй. Сүүлийн 2 жил зээлийн гэрээг зөрчсөн нь үнэн. Зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Сарантоль ТАДЭБС ХХК-ийн ямар ч гишүүн биш, барьцаа хөрөнгөө барьцаалсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “З Б Д С”гийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай сан “Т Б”болон Тадэбс ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БДГ-14/1093 тоот батлан даалтын гэрээ байгуулан 480 000 000төгрөгийн зээлийн 52.08 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу “Т Б”ХХК тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, Энэхүү гэрээний зээлийг төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлсэн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан 52.08 хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба банк батлан даалтын гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлээгүй тул манайхаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгтзааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд манай сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТАДЭБС ХХК, А.С нараас зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 399 269 985.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “З Б Д С”д холбогдох “Т Б”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТАДЭБС ХХК, А.С нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 301 734 төгрөгийг гаргуулан “Т Б”ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 476 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ТАДЭБС ХХК болон А.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 241 631 911 төгрөгийг, Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З Б Д С”гаас 207 939 809 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т Б”ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Д.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 23 дугаар гудамжны 464 тоот хувийн сууц, А.Сийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 353 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжны 560 тоот, 64 м.кв хувийн сууц, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 560 тоот, 378.9 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч ТАДЭБС ХХК, А.С нараас тэмдэгтийн хураамжид 1 366 109 төгрөгийг, хариуцагч “З Б Д С”гаас 1 197 649 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т Б”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 476 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “З Б Д С”гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж баина. Давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд маргааны бодит үнэнийг тогтоохдоо хэргийг бүхэлд нь хянан үзэлгүй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлийг анхаарч хариуцагч “З Б Д С”гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Тодруулбал: 1. Магадлалын хянавал хэсэгт “Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдлийн 52.8 гэж заасан тул “З Б Д С”гаас 207 939 809 гаргуулж “Т Б”ХХК-нд олгох нь зүйтэй” гэж дүгнэжээ. Ингэхдээ “Т Б”ХХК нь “З Б Д С”гаас шаардах эрх үүссэн эсэхийг нягтлаагүй, өөрөөр хэлбэл Батлан даалтын гэрээний 1.6-д заасан зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан...” эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2017.08.23-нд зээлдэгчээр тайлбар гаргуулан авсан, 2017.09.19-нд зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл байна. Уг хоёр баримтыг зээлийг төлүүлэх талаар авсан хангалттай арга хэмжээ гэхэд хэтэрхий өрөөсгөл юм. 2. Шүүх зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийхдээ нэг талын баримтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэдийгээр нэхэмжлэгч тал батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн гэж шүүхийн өмнө тайлбарлаж байгаа ч батлан даагчийн өмнө энэ нөхцөл байдал нотлогдоогүй. Зээл, хүүний тооцооны хуудас гэх баримт хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан байна. Харин зээлийн дансны хуулга нотлох баримтаар авагдаагүй байна. Иймээс зээлдэгч үндсэн зээл, хүүнээс хэдийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл хэд байгаа нь тодорхойгүй байна. Зээл, хүүний тооцооны хуудас бол банкнаас гаргасан тооцоолол юм. Харин зээлийн дансны хуулга бол программаар татагддаг гараар өөрчлөх боломжгүй, зээлийн олголт, төлөлт, үлдэгдлийг нотлох үндсэн баримт юм. Үүнтэй холбоотойгоор үндсэн зээлийн үлдэгдэл хэд байгаа нь тодорхойгүй байхад батлан даагчаар үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж нэг талын баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь хууль бус байна. 3. Иргэний хуулийн 460.1-д батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр заасан. Уг заалтыг шүүх тайлбарлахдаа /магадлалын агуулгаас үзэхэд/ зээлдэгч зээлээ төлөхгүй л бол батлан даагчаар төлүүлэх ёстой мэтээр буруу тайлбарлажээ. Зээлдэгчээр зээлийг төлүүлэхээр хангалттай арга хэмжээ аваагүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад батлан даагчаас шууд төлбөр гаргуулах нь Иргэний хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагч “З Б Д С”гийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Т Б”ХХК нь хариуцагч ТАДЭБС ХХК, А.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “З Б Д С”д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлийн 52.08 хувь болох 207 939 809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй, маргажээ.

“Т Б”ХХК, нөгөө талаас ТАДЭБС ХХК, А.С нар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 480 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээ, №14/1088-1 дугаартай барьцааны гэрээ, мөн өдөр “Т Б”ХХК, “З Б Д С”гийн хооронд №БДГ14/1093 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулагджээ.

Зээл болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцлүүд байна.

Зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 480 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн бол зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзэж, 2018 оны 06 дугаар сарын 15 хүртэлх хугацааны биелүүлбэл зохих үүргийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.4-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалт хамаарна. Гэрээний үүргийг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үздэг байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар 2017 оны 08 сарын 23, 9 дүгээр сарын 9-нд мэдэгдэж, урьдчилан сануулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна. Нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 18 өдөр дуусах ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 12 сарын 11-ний байдлаар зээлдэгч нар үүргийн зөрчлийг арилгаагүй байв.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэг, “З Б Д С”гийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэж, “З Б Д С”гаас зээлийн үлдэгдэл дүнгийн 52.8 хувь буюу 207 939 809 төгрөгийг гаргуулж “Т Б”ХХК-д олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-д “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заасан ба зээлдүүлэгч нь зээл төлүүлэх арга хэмжээг авсан, батлан даагчаас шаардах эрх үүссэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “З Б Д С”гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч “З Б Д С”гаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 197 649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА