Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2785

 

                                                  

                                       

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02785                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК,

Хариуцагч: С нараас зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 207,939,809 /хоёр зуун долоон сая есөн зуун гучин есөн мянга найман зуун ес/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах,

Хариуцагч: З  сангаас батлан даалтын гэрээний дагуу зээлийн 52.08 хувь болох 241,631,911 /хоёр зуун дөчин нэгэн сая зургаан зуун гучин нэгэн мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч А.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаатар нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк 2014 оны 11 сарын 18-ны өдөр 14/1088 тоот зээлийн гэрээг “Т” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаатар, А.С нартай байгуулан 480,0 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй олгосон. Мөн З, Т, зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын БДГ-14/1093 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр З нь Тны өмнө үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52,08 хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрэн авсан ч компанийн удирдлага, хамтран зээлдэгч нар санхүүгийн сахилга бат муу, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг гэрээний дагуу аваагүй, зээлийн зарцуулалтыг зориулалт бусаар ашиглах гэх мэт олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрснээр 2016 оны 11 сард Тны Тусгай активын албанд шилжин ирснээр 4.0 сая төгрөг төлсөн муу ангилалтай байна. Зээлдэгч нь 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 14/1088 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу 1 талын санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдлийг удаа дараа өгсөн. “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг ч банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Хамтран хариуцагч Зг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн ч зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх үндэслэлээр биелүүлэхээс татгалзсан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээс 80,730,014,62, хүүнээс 59,938,968,71, нэмэгдүүлсэн хүүнээс 65,594,42, нийт 140,734,577,75 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 8 сарын 31-нээс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2018 оны 6 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 399,269,985,38, үндсэн хүү 47,850,712,01, нэмэгдүүлсэн хүү 2,451,022,52, 449.571.719.91 төгрөг болсон тул “Т” ХХК, А.С, Зтай байгуулсан гэрээг цуцалж гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс “Т” ХХК, А.С нараас 207.939.809 төгрөг, Згаас гэрээний 52,08% буюу 241,631,911,53 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх банкнаас зээл авсныг хүлээн зөвшөөрнө. Зээлийг үйлдвэрийн байшин барилга эргэлтийн хөрөнгөний зориулалттай авсан.  Байшин барилга нэмэлт объектоо барьж дуусгасан.  Зах зээлийн хүнд нөхцлөөс болоод бүтээгдэхүүний үнэ зах зээлд өсөхгүй, ерөнхий үнийн ханш өсөөд байсан учраас манайх хурдтай тоног төхөөрөмж авч, эргэлтийн хөрөнгө бий болгох зориулалтаар үйл ажиллагаа явуулах болсон учраас сүүлийн үед зээлээ төлж чадаагүй. Сүүлийн 2 жил зээлийн гэрээг зөрчсөн нь үнэн. Бид нар тодорхой байдлаар төсөвлөдөг учраас зээлийн гэрээний хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. С Т ХХК-ийн ямар ч гишүүн биш, барьцаа хөрөнгөө барьцуулсан учраас хариуцагчаар татагдах ёстой учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Згийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай сан Т болон Т ХХК-тай 2014 оны 11 сарын 18-ны өдөр БДГ-14/1093 тоот Батлан даалтын гэрээ байгуулан 480,0 сая төгрөгийн зээлийн 52.08 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу Т тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, Энэхүү гэрээний зээлийг төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлсэн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан 52.08 хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба банк батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй тул манайхаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 460.1-д зааснаар “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд манай сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т” ХХК нь “Т” ХХК болон А.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 207,939,809 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай, хариуцагч Зд холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлийн 52.08 хувь болох 241,631,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн зориулалтын бусаар ашигласан тул гэрээг цуцалж, зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу Згаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 52.08 хувийг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нь үйл ажиллагаанаас хамааран зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, одоо 11 сар л үлдсэн тул гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй гэж, хариуцагч ЗБДС нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Згийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй гэж маргалаа.

 

Т” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Т” ХХК, А.С нарт 480,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр олгохоор тохиролцон 14/1088 тоот Зээлийн гэрээг, Зтай Батлан даалтын БДГ-14/1093 тоот гэрээг тус тус байгуулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу “Т” ХХК болон “Т” ХХК болон А.С нартын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа, “Т” ХХК болон Згийн хооронд Иргэний хуулийн 460 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүчээ.

 

Зээлдэгч нар нь нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан шаардлагыг хангасан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч нь гэрээний дагуу заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш биелүүлээгүй байна.

 

Зээлийн гэрээний 6.2 дахь заалтаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй, зээлийг зөвшөөрөлгүйгээр зориулалтын бусаар ашигласан нөхцөл нь нотлогдсон тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлахаар тохиролцжээ. 

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөс цуцалсан гэж тайлбарлах ба зээлдэгч нь банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй, зээлийг зөвшөөрөлгүйгээр зориулалтын бусаар ашигласан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.

 

Хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болон энэ хугацаанд үр дүн гараагүй талаархи баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор заажээ.

 

Нэхэмжлэгчээс өгсөн хариуцагчаас банкинд гаргасан өргөдөл, уулзалтын тэмдэглэлээр гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах талаархи хууль болон гэрээнд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр, 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээгээр зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч хангалттай авсан, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлсний дараа зээлдэгчийн төлөөгүй зээлийн 52.08 хувийг өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байна.

 

Гэтэл дээрх байдлаар арга хэмжээг авсан талаар баримтгүй, зээлдэгч үүргээ зөрчсөнөөр зээлийн гэрээг цуцалсан үндэслэлийг зааж банк батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй атлаа батлан даалтын гэрээг цуцалж, нөхөх хариуцалагыг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр үндсэн зээлийн төлбөрт 399,269,985.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гүйцэтгээгүй үүргийн 52.08 хувийг гаргуулахаар хариуцагч нараас тус тус шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч “Т” ХХК, А.С нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452.2, 453.1-д зааснаар үүргийг шаардах эрхтэй тул 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 47,850,712,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,451,022,52 төгрөг, нийт 50,301734.53 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс /2,405,810+70,200/ төлсөн 2,476,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан “Т” ХХК, А.С нараас зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 399,269,985.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн болон Зд холбогдох “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК , С нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,301,734.53 /тавин сая гурван зуун нэг мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг 53 мөнгө/ төгрөгийг гаргуулан, “Т” ХХК-д олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,476,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ