Иргэн О.Э-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор О.Э-гийн нэхэмжлэлтэй, ЦЕГ-н даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч О.Э- шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Наранбаярыг төрүүлж, 2013 оны 3, 4 дүгээр саруудад төрсний дараах 2 сарын чөлөө, мөн 2013 оны 5 дугаар сард тухайн оны ээлжийн амралтаа авсан. Түүнээс хойш 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах тухай өргөдлийг тухайн байгууллагадаа гаргаснаар ЦЕГ-н 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар хөдөлмөрийн хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөг авсан. ЦЕГ-н даргын тушаалаар миний хүүхэд асрах чөлөө нь 1 жил хүртэлх хугацаагаар олгогдсон боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүссэн үедээ ажилдаа орох хуулийн зохицуулалт байсан учир миний хувьд банкинд цалингийн зээл, орон сууцны зээлтэй байсан зэргийг бодолцон амьдралын шаардлагаар цагдаагийн газрын удирдлагад ажилдаа орох хүсэлт гаргасан. Мөн тухайн үед миний жижүүрийн офицероор ажиллаж байсан ажлын байрыг хөхүүл хүүхэдтэй хүнд тохирохгүй, хөдөлмөрийн хууль зөрчигдөнө гэсэн шийдвэрийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн удирдлагын зүгээс гаргаж, миний ажлын байранд өөр хүнийг томилсон. Гэвч ажлын орон байрыг тухайн байгууллага нь гаргаж өгөөгүйгээс миний хувьд ажилгүй явсан ба ажлын байр гарган өгч, эгүүлэн ажилд авах тухай хүсэлтийг би 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус бичгээр гаргаж, өргөдлөө өгсөн боловч уг хүсэлтийг шийдвэрлэж ажилд томилох шийдвэр гаргаагүйн улмаас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл би ажилгүй, 10 сарын хугацаанд цалин хөлсгүй явсан юм. Намайг хүүхэд асрах чөлөө авсан 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2013 оны 06 дугаар сарын 30-ны хувьцаа миний ажлын байранд ахмад Энххадыг ЦЕГ-н даргын тушаалаар миний ажиллаж байсан жижүүрийн офицерийн албан тушаалд томилж хууль зөрчсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан тушаал хэвээр хадгалагдах заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж зааснаар ажилд томилох үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас өрхийн эдийн засаг хүндэрч, эрсдэл хүлээсэн. Иймд намайг ажилд томилох талаар арга хэмжээ аваагүй мөн миний ажлын байранд өөр албан тушаалтанг томилсон ЦЕГ-н даргын эс үйлдэхүйг тогтоож ажилгүй байсан хугацааны 10 сарын цалин хөлс болох 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 6.863.357 төгрөгийг ЦЕГ-н даргаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч ЦЕГ-н дарга О.Чингис шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Э- ЦЕГ-н даргын 2012 оны 109 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор томилогдон ажиллаж, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амаржиж, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул ЦЕГ-н даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон. О.Э- ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг тус газар хүлээн авч, түүний эрхэлж байсан албан тушаалд өөр алба хаагч томилогдсон, жижүүрийн офицерийн албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо байхгүй талаар хариуг амаар мэдэгдэж, түүний өргөдөлд энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дах хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж заажээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас өргөдөл гаргагч О.Э-д хариу мэдэгдсэн боловч тэрээр хуульд заасан хугацаанд шууд харьяалах дээд шатны байгууллага буюу ЦЕГ-н даргад гомдол гаргаагүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан. Үүнээс үзэхэд О.Э-гийн шүүхэд гаргасан гомдол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т зааснаар О.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-гийн гаргасан ...О.Э-г Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй ЦЕГ-н даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.863.357 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч О.Э- давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрийг гаргахдаа шүүх Цагдаагийн ерөнхий газар үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, чөлөөгөө дуусгавар болгох, ажилдаа орохоор гаргасан хүсэлтийг төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй 7 сар болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчөөгүй гэж үзэж үндэслэл болгон нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй байхад энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэн үүгээр давж заалдах гомдол гаргаж байна. Мөн хэрэг хянан хэлэлцэх үед хуульд заасан тодорхой эрхийг эдлүүлээгүй, байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн болохыг давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх үед тодруулан тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах, хүүхэд асрах чөлөө дуусаагүй байсан ч өөрөө хүссэн бол ажилтныг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажилуулах, харин тухайн ажилтны гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан, цөөрсөн тохиолдолд ажилтанд өөр ажил олж өгөхийг ажил олгогчид үүрэг болгожээ. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст жижүүрийн офицероор ажиллаж байсан нэхэмжлэгч О.Э- нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн даргад ...хүүхэд асрах чөлөөг 3 сараар авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар ЦЕГ-н даргын 06 дугаар сарын 07-ны өдрийн 369 дүгээр тушаалаар түүнд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгож шийдвэрлэжээ. Дээрх хуульд зааснаас үзвэл нэхэмжлэгч О.Э-г хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хариуцагчаас түүний эрхэлж байсан ажил албан тушаалд өөр этгээдийг ажиллуулахдаа түр томилох байжээ. Гэтэл хариуцагч ЦЕГ-н дарга нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 391 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Э-гийн эрхэлж байсан Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицерийн албан тушаалд Э.Э-ыг томилж, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байр хэвээр хадгалагдах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байхын дээр дээрх хуулиар хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид үүрэг болгосон байхад нэхэмжлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ...ажилдаа эргэн орох хүсэлт-ийгхүлээн авч түүнийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн нь тогтоогдож байх тул түүний ажлын байрыг хадгалаагүй, ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүйгээс цалин хөлс авч чадаагүй хохирсон тул авах ёстой байсан цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Анхан шатны шүүх эргэлзээгүй үнэн зөв гэдэг нь тогтоогдоогүй байхад хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга Н.Л ...О.Э-д жижүүрийн офицерийн сул орон тоонд санал тавьж байсан, хөхүүл хүүхэдтэй учраас 24 цагаар ажиллах боломжгүй гэж татгалзсан... гэх гэрчийн мэдүүлэг болон ЦЕГ-н даргын 2013 оны 745 дугаар тушаал, мэдэгдэл, зэргийг үндэслэн хүүхэд асрах чөлөөтэй ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд нь өөр хүнийг томилсон, түүнчлэн ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан бол ажиллуулах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хариуцагчийг зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т ...шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, О.Э-гийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн даргад гаргасан ажилд орох тухай хүсэлт-д д/х Лхагвасайханд- ЦЕГ-н Хүний нөөцийн хэлтэст танилцуулж шийдвэрлүүлэх, х/а С.Э-д-орон тоо гартал түр хойшлуулах хариуг нь өг гэсэн цохолтууд хийгдсэн байх бөгөөд тус Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас өргөдөлд дурдсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар О.Э-д мэдэгдсэн, түүнчлэн өөр ажил санал болгосон боловч татгалзсан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхын дээр нэхэмжлэгчийн ...Цагдаагийн хэлтсийн тухайн үед дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Н.Л, х/а Г.Ц нараас удаа дараа утсаар асуухад асуудлыг шийдвэрлэж өгнө, одоогоор орон тоо гарахгүй байна, дотроо орон тооны өөрчлөлт хийж байгаад шийдвэр гаргуулна гэсээр явж ирсэн ... манай байгууллага босоо удирдлагатай, Цагдаагийн Ерөнхий газарт хандах бол орон нутгийн цагдаагийн хэлтсээр дамжуулдаг журамтай... гэх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтэд зурагдсан цохолт зэргээс үзвэл түүний хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд дамжуулж шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэж байгаа гэсэн хүлээлтийг үүсгэсэн гэж үзэхээр байх тул ... О.Э-д сул орон тоо байхгүй талаар хариу өгсөн байдаг, тухайн үед нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй, хугацаа хэтэрсэн... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно гэж заажээ. Хүүхэд асрах чөлөөтэй байсан нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалд өөр хүнийг томилж ажиллуулсан, түүнчлэн ажилдаа эргэж орохоор өргөдөл гаргасан байхад ажил албан тушаалд нь үргэжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.Э-гийн хууль ёсны эрх зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд цалин хөлс авах эрхээр хангагдаагүй гэж үзэж дээрх хуулийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон гэсэнтэй адилтган үзэж, түүнд зохих хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгох үндэслэлтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч О.Э-гийн сүүлд буюу 2014 оны 03 дугаар сарын 17-нд гаргасан хүсэлтийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүргүүлснээр ЦЕГ-н дарга 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 400 дугаар тушаалаар түүнийг Хэсгийн байцаагчаар томилж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тус албыг эрхэлж байгаа буюу энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, өөрөөр хэлбэл, түүний сүүлд гаргасан хүсэлт нь шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байх тул ...ажилгүй байсан 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд авах байсан цалин 6.863.357 төгрөгийг ...гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. Тодруулбал, түүний ажилдаа эргэж орох талаарх анх гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй нь хууль бус байх тул энэ өдрөөс түүний эрх зөрчигдсөн гэж үзэх, өөрөөр хэлбэл, тус хүсэлт хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орж, үргэлжлүүлэн ажиллах улмаар цалин хөлс авах хуульд заасан эрх хангагдаагүй хохирсон байх тул 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс сүүлд хүсэлт гаргасан 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа буюу 5 сар 25 хоногийн цалин хөлс 4.679.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагын дарга нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр [1] байхын дээр хуулийг сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий цагдаагийн алба нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх[2]зарчмыг үйл ажиллагаандаа баримтлахаар байх буюу алба хаагчийн өргөдөл хүсэлтийг эрх бүхий шийдвэрлэх албан тушаалтанд нь шилжүүлсэн эсэхтэй холбоотой төрийн байгууллага, албан тушаалтны ажлын зохион байгуулалт, хариуцлагатай холбоотой шалтгааны улмаас төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах хуулиар тогтоосон эрхийг хязгаарлах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...О.Э-гийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан ажилдаа эргэж орох өргөдлийг Цагдаагийн Ерөнхий газар мэдээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д ...ажил албан тушаалын хэвээр хадгалахаар заасан бөгөөд мөн хуулийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө... дуусаагүй боловч ... өөрөө хүсвэл ажил олгогч ...ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж заасан байх тул түүнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох асуудлыг судлан шийдвэрлэх боломжтой[3] гэх тайлбарыг шүүхэд гаргасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд ...шүүхийн шийдвэр ямар байдлаас гарахаас шалтгаалаад биелүүлнэ... гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 800 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, О.Э-г Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ажилтнаар томилох шийдвэр гаргаагүй ЦЕГ-н даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 5 сар 25 хоногийн цалин хөлс болох 4.679.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ [1] Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/ 20 дугаар зүйлийн 20.1 [2] Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/ 4 дүгээр зүйл [3] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас |