| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/01517/И |
| Дугаар | 181/ШШ2017/01744 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/01744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ш-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н албанд холбогдох
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж хуулийн дагуу шийдүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ш, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04648 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н. 52.733.412 төгрөгийн төлбөртэй байсан ба энэхүү төлбөрийг төлөхөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан юм.
Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь илт хууль бус болсон.
Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34437 тоот мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/38985 тоот мэдэгдлээр миний Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр 195 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбайтай орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тохиролцож тогтоосон үнэ 190.000.000 төгрөг болгож, үүний 70 хувиар тооцон 133.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд санал болгосон нь хууль бус болсон бөгөөд нэхэмжлэгч миний бие энэ үйлдэл дээр төлбөр авагчтай тохиролцоогүй. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байтал албадан үнэ тогтоогоод байгаад туйлын гомдолтой байна. Дээрх хуулийн заалтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь үнэлгээ огтхон ч тогтоогоогүй гэдгийг мэдэгдье.
Мөн бидний үл хөдлөх хөрөнгийн 50 хувиар тооцон 95.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг санал болгон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулах болсон гэдгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/2965 тоот мэдэгдэх хуудсаар хүргэсэн нь цаг хугацааны хувьд төөрөгдөлд оруулсан. Энэ нь миний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж улмаар зах зээлийн үнэлгээг хийгээгүй, зөвхөн төлбөрт бариулж төлбөр авагчид олгох ажиллагаа хийгдэж байна.
Энэ ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүй ба уг ажиллагааг хууль ёсны гэж үзэж 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/462 тоот бичгээр хариу мэдэгдсэн байгааг хууль бус гэж үзэж байна.
Иймээс миний бие төлбөрийг гаргуулахаар хууль бусаар зохион байгуулагдсан:
2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/38985 тоот мэдэгдэх хуудастай, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт хийгдсэн дуудлага худалдаа,
2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/2965 тоот мэдэгдэх хуудастай, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт хийгдсэн гэх дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4648 дугаар захирамжаар Н.52,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 233,412 төгрөгийг тус тус гаргуулж Н.олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.
Төлбөр төлөгч Н.төлбөрөө сайн дураараа төлж барагдуулахыг мэдэгдэж, хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******ын Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураамж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авсан.
Талуудын хоорондоо харилцан тохиролцсон үнэ болох 190.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 133.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.
Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу барьцааны орон сууцанд талуудын харилцан тогтоосон үнэ болох 190,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 95,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрд хуульд зааснаар төлбөр төлөгч Н.мэдэгдэж, тайлбар авч, тэмдэглэл хөтөлж ажиллаж байгаа болно.
Иймд төлбөр төлөгч Н.холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04648 дугаартай захирамжаар Н.52,500,000 төгрөгийг гаргуулж Н.олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 5 дугаар тал/
Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02954 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 162/88 битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 162/38 тогтоолоор хураасан талаар талууд маргаагүй. /хх-ийн 16, 28, 31 дүгээр талууд/
Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэхийг тухай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162/78, 09 дүгээр сарын 09-ний өдрийн 162/78, 09 дүгээр сарын 27-ны өдрийн 162/89 мэдэгдлээр удаа дараа мэдэгджээ./хх-ийн19, 21, 29 талууд/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч, төлбөр авагч, нар харилцан тохиролцон Баянзүрх дүүргийн тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулж үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 24-37, 44-46 дугаар талууд/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 95,000,000 төгрөгөөр тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/2965 мэдэгдлээр мэдэгдсэн байна./хх-ийн 48-50 дугаар тал/
Хариуцагч шийдвэр гүйцэтгэх албаны явуулж буй Н.Шаравцамцад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т заасны дагуу тэдний харилцан тохиролцож тогтоосон үнийн 50%-иар тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулсан нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04648 дугаартай захирамжаар *******аас 52.500.000 төгрөгийг гаргуулж Н.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 30 дугаар зүйлийн 30.1.,34 дүгээр зүйлийн 34.3., 36 дугаар зүйлийн 36.1., 39 дүгээр зүйлийн 39.3.,47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.6-д заасан шаардлагатай нийцжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Н.нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ