Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128

 

“Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00081/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч “Дархан минж” ХХК-д холбогдох

          “4.879.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Дархан минж” ХХК-ийн захирал Б.Б-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-аас:

“Жи-Мобайл” ХХК нь “Дархан Минж” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 0083/16 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг бүр нь 360.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркын 25 ширхэг гар утас буюу 9.000.000 төгрөгийн, 1.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг урьдчилан төлбөрт үйлчилгээний дугаар буюу 25.000 төгрөгийн нийт 9.025.000 төгрөгийн бараа материалыг 7 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 5.772.000 төгрөгийг төлж, үлдэх 3.253.000 төгрөгийг төлөөгүй тул удаа дараа утсаар болон албан бичгээр төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Дархан Минж” ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу үлдэх төлбөр 3.253.000 төгрөгийг гэрээний 1.4 дэх хэсэгт заасан “...төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа 231 хоногийн алданги 1.626.000 төгрөгийн хамт нийт 4.879.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дархан Минж” ХХК-аас:

“Жи-Мобайл” ХХК-ийн байгууллага хариуцсан менежер Г.Энх-Амгалан нь манай хэсэг ажилчидтай уулзан утасныхаа талаар мэдээлэл өгч, цалингаасаа өөрсдөө төлж байхаар зээлийн нөхцөлөөр авч болох талаар санал болгож 2016 оны 1 сард “Дархан Минж” ХХК-ийн 24 ажиллагсдад Жи-Мобайлын нэг бүр нь 361.000 төгрөг, нийт 9.025.000 төгрөгийн үнэ бүхий U6 гар утсыг 2016 оны 1 сараас хуваан төлөх нөхцөлтэйгээр олгосон байна. “Жи-Мобайл” ХХК-тай “Дархан Минж” ХХК нь компанийн захирал гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг бүхий гэрээг албан ёсоор байгуулаагүй, дээрх утсыг ажилчдад зээлийн нөхцөлтэйгээр олгох талаар ярьж тохирсон зүйл байхгүй болно. Ийнхүү “Жи-Мобайл” ХХК-ийн байгууллага хариуцсан менежер Г.Энх-Амгалан нь урьдчилан тохиролцсоны дагуу 2016 оны 3 сард хүний нөөцийн менежер Д.Хандмаад “Жи-Мобайл” ХХК-ний ажиллагсадтай хийх гэрээний загвар, зааварчилгаа өгч, ажиллагчид тус бүртэй гэрээ хийж, гарын үсэг зуруулан авсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь “Жи-Мобайл” ХХК-ийн салбарын менежер Л.Батсүх нь манай компанийн ажиллагсадтай тус бүртэй хийсэн 23 гэрээг тоолж, гарын үсэг зурж хүлээн авсан боловч ажилтан нэг бүрийн нэр бүхий байгуулсан гэрээний баталгаажсан хувийг одоо болтол өгөөгүй. Тус компанийн хүний нөөцийн менежер Д.Хандмаа ажиллагсдын өгсөн утасны төлбөрийн мөнгийг 2016 оны 1 сараас эхлэн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 5.772.000 төгрөгийг төлсөн болно. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 3.253.000 төгрөг. Байгууллага хариуцсан менежер Г.Энх-Амгалан нь “Танай компанийн зүгээс ажлаас гарсан ажиллагсдын талаар тухай бүр мэдэгдсэн тохиолдолд бид ажиллагсадтай өөрсдөдтэй нь гэрээ хийж байгаа тул өр барагдуулах албаараа дамжуулан тэдгээр хүмүүсээс утасныхаа төлбөрийг олж авна” гэсний дагуу ажлаас гарсан ажиллагсдын талаар болон төлбөр тооцооны талаар тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд дансаар мөнгө шилжүүлсэн тухай бүрдээ ч албан ёсоор мэдэгдэж байсан. Дээрх 3.253.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн 1.265.000 төгрөг нь ажлаас гарсан хүмүүст хамаарагдах өр төлбөр болно. “Жи-Мобайл” ХХК нь тогтмол орлоготой ажиллагсдад гар утсаа өндөр үнээр ямар ч хамаагүй аргаар дүр эсгэсэн гэрээ хийж утсаа борлуулахыг урьтал болгосон гэж үзэж байна. Иймд “Дархан Минж” ХХК-ийн ажиллагсад тус бүртэй гэрээ хийж олгосон утасны үлдэгдэл төлбөр, алдангийг компани хариуцах үндэслэлгүй байгаа ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Дархан Минж” ХХК-иас 4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93.022 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дархан минж” ХХК-ийн захирал Б.Б- давж заалдсан гомдолдоо:

“Жи-Мобайл” ХХК нь манай компаний утас авсан ажилтан бүртэй гэрээ хийж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулсан ба энэхүү гэрээний 3.3, 3.8 дахь заалтын дагуу ажилтан тус бүртэй төлбөрийн тооцоог хийж төлбөрөө нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. “Дархан минж” ХХК нь “Жи мобайл” ХХК-тай албан ёсны гэрээ байгуулж компаний тамга, тэмдэгээр баталгаажуулсан зүйл байхгүй. “Дархан минж” ХХК нь “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилж байгаа 4.879.500 төгрөгөөс ажлаас гарсан ажилчдын үлдэгдэл төлбөр болон алданги 1.897.500 төгрөг, одоо ажиллаж байгаа ажилчдын төлбөр зохих үлдэгдэл төлбөрийн алданги 994.000 төгрөг, нийт 2.891.500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилж байгаа 4.879.500 төгрөгөөс 1.988.000 төгрөгийг одоо ажиллаж байгаа ажилчдаас хураан авч төлөх боломжтой бөгөөд анхан шатны шүүхийн 4.879.500 төгрөг гаргуулах шийдвэрээс 2.891.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч “Дархан минж” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнд зааснаар гар утас худалдсаны төлбөр  3.253.000 төгрөг, үндсэн төлбөрийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний алданги 1.626.000 төгрөг нийт 4.879.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагч “Дархан Минж” ХХК-аас 4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шүүх хэргийг бүхэлд нь хянаж дараах дүгнэлтийг хийв.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд “Жи-Мобайл” ХХК нь “Дархан Минж” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ХАГ0083/16 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 1.1-д гэрээний талууд хавсралт 1-т заасан бараа материалыг “Дархан Минж” ХХК-ний албан хаагчдад хуваан төлөх нөхцөлтэйгээр, хавсралт 2-т тогтоосон хувиарын дагуу “Жи-Мобайл” ХХК-ийн дансанд төлбөрийг шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана... гэжээ.

Тус гэрээний 1.4-т ...гэрээний 1.1-т заасан нөхцөлтэй худалдан авалт хийсэн ажилтан /хавсралт 4 дэх албан хаагчид/ нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заажээ.

Энэ үйл баримтаас үзэхэд дээрх гэрээнд заасан алдангийг 25 албан хаагчид төлөх үүрэг хүлээсэн байхад энэ талаар шүүх тодруулаагүй, хариуцагч талын тайлбарт 22 хүн гар утасны төлбөрөө төлөөгүй гэж авагдсан ба энэ хүмүүсийн хэн нь төлбөрөө төлсөн ба төлөөгүй эсэх нь тооцоо баримтаар тогтоогдоогүй, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий хүмүүстэй хийсэн гэрээнүүд нь энэ хэрэгт ач холбогдолтой эсэх талаар мөн тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийэн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ... хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн “Дархан Минж” ХХК гар утас, тоног төхөөрөмж зээлээр авсан ажилчдын цалингаас суутгах хэлбэрээр нэхэмжлэгчийн дансанд гэрээнд зааснаар барааны үнийг шилжүүлэх үүргийг биелүүлээгүй тохиолдолд алданги хүлээх эсэхийг тодруулж хэргийн нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

Мөн тухайн  гар утас болон бараа материалын үнэ тодорхойгүй энэ талаар шүүх тодруулаагүй, алдангийг ямар хугацаагаар хэрхэн тооцсон тооцоолол хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үнийг заавал тодорхойлох шаардлагатай.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг үнэлээгүй, уг маргааныг шийдвэрлэхэд талуудын тооцоог тодорхой болгоогүйгээс талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.214 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ОЮУНЦЭЦЭГ