Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0630

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0630

Улаанбаатар хот

 

 

“Ишиг-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ишиг-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны А/307 дугаар захирамжийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тус захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Ишиг-Уул” ХХК-д ирүүлсэн “Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” мэдэгдэл, дуудлага худалдааны анхны үнэ гэх 2.150.000.000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгож, “Ишиг-Уул” ХХК-иас НӨХГ-т мэдэгдлийн дагуу төлсөн 300.000 төгрөгийг гаргуулах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ишиг-Уул ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны А/307 дугаар захирамжийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тус захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Ишиг-Уул” ХХК-д ирүүлсэн “Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” мэдэгдэл, дуудлага худалдааны анхны үнэ гэх 2.150.000.000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгож, “Ишиг-Уул” ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдлийн дагуу төлсөн 300.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: ““Ишиг-Уул” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 373 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Бидний зүгээс нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байдаг бөгөөд энэхүү түдгэлзүүлсэн буюу үйлчлэл зогссон захиргааны актыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэсэн байна гэж. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоол нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2, 3, 4 дүгээр бүсчлэл гэж тогтоосон бөгөөд энэхүү бүсчлэлийн дагуу бүс тус бүрт харилцан адилгүй өөр өөр үнээр газрын дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар аргачлалаар бодож авдаг. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг тооцох аргачлалыг тодорхойлж өгсөн байдаг бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын бүсчлэлийг, өөрөөр хэлбэл, зэрэглэлийг тогтоож өгсөн байна. Гэтэл энэ бүсчлэл тогтоосон актыг 2012 онд шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр буюу магадлалыг биелүүлээгүй дахин шинээр захиргааны акт гаргаагүй атлаа энэхүү түдгэлзүүлсэн актыг үндэслэсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалыг биелүүлээд дахин шинээр захиргааны акт гаргаж, түүнийгээ үндэслэн дуудлага худалдааны анхны үнийг тооцож авч байгаа тохиолдолд бидний зүгээс татгалзах зүйлгүй юм. Бидний зүгээс аливаа захиргааны акт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг, сонирхлыг эерэг, сөрөг ямар нэгэн байдлаар хөндөж байдаг учраас захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн акт нь хууль тогтоомжид нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс түдгэлзүүлсэн актыг үндэслэж буюу хэрэглэж гарах үндэслэл хууль эрх зүйн хувьд байх боломжгүй гэж үзнэ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар уг хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхийн шийдвэр буюу магадлалыг биелүүлээгүй дахин шинээр захиргааны акт гаргаагүй атлаа энэхүү түдгэлзүүлсэн актын үндэслэсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны Б/307 дугаар захирамжийг гаргахдаа ...шүүхийн 2012  оны 269 дүгээр магадлалыг биелүүлээд дахин шинэ акт гаргаж, түүнийгээ үндэслэн дуудлага худалдааны анхны үнийг тооцож авч байгаа тохиолдолд бидний зүгээс татгалзах зүйлгүй... захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн байх ёстой...” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхийн магадлалын дагуу 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дахин шинэ акт гаргасан. Тус актын дагуу тооцоход нэхэмжлэгчээр төлүүлэх дуудлага худалдааны анхны үнэ мөн адил 2.150.000.000 төгрөг болж байгаа...” гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-аас өөрийн эзэмшил газрыг төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээт газар байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх ба маргаан бүхий акт нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/39 дүгээр тогтоолын 4-ийн 4-т заасныг үндэслэсэн”-ий улмаас илэрхий алдаатай захиргааны акт гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал,

            Захиргааны актын илт хууль бусад тооцох нөхцлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тоочиж заасан бөгөөд 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заажээ.

            Аливаа захиргааны акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй зэрэг тохиолдолд тухайн актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх ба илт хууль бус захиргааны акт нь ямар нэг эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй тул гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг.

Анхан шатны шүүх “...5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсгийг хууль бус гэж үзсэн тохиолдолд тухайн заалтгүйгээр А/307 дугаар захирамжийн агуулга ойлгомжгүй болно гэж үзэх боломжгүй...Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэгт заасан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг давхар үндэслэсэн ...” гэж зөв дүгнэсэн байна.

Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар “дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн” буюу үйлчлэл нь зогссон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг /Гэрээнд заасан нөхцлийн дагуу газар дээрээ барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулаагүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалд заасны дагуу төлбөр ногдуулан авах/-ийг үндэслэсэн байх боловч тус тогтоолын заалтгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны маргаан бүхий А/307 дугаар захирамж хэрэгжих боломжтой байх тул “утга агуулгын хувьд илэрхий алдаатай” гэж үзэх буюу “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын бүсчлэл, зэрэглэлийг тогтоосон байна. Харин газрын дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалын дагуу аргачлалаар тооцож тогтоодог байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Ишиг-Уул” ХХК-д аж ахуй, орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морин уулын энгэрт байршуулан 20.0 га газрыг эзэмшүүлсэн байх боловч тус газрыг эзэмших тухай хүсэлтийг зөвхөн нэхэмжлэгч компанийн захирал Р.Сарантуяа гаргаж, тус компанийн нэр дээр газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон талаарх хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус газрыг зайлшгүй хэрэгцээтэйн улмаас төсөвт байгууллагад эзэмшүүлсэн  газар гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж “Ишиг-Уул” ХХК-д газар эзэмшүүлсэн зөрчлийг арилгах зорилгоор дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр гаргасан Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасантай тус тус нийцсэн, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн бөгөөд энэхүү түдгэлзүүлсэн буюу үйлчлэл зогссон захиргааны актыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэсэн нь хууль бус...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж “илт хууль бус” болох нь тогтоогдохгүй байх тул тус захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-д дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр мэдэгдэл хүргүүлснийг буруутгах, тус мэдэгдлийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт нэхэмжлэгчээс төлсөн 300.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэл тус тус тогтоогдохгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                 ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

                 ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ