Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00007

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,  

         Хариуцагч:  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Я.Н нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ний захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс манай “Хөвсгөл Сэтгэмж” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан хугацаанд нь төлөөгүй татварын өр төлбөрт 3 449 477,5 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Манай зүгээс 2014 онд Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гүйцэтгэх захирал Б.Батлхагвын нэр дээр гомдол гаргаж байсан боловч тухайн үед Б.Б-д хариу өгч байгаагүй тул гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг мэдэхгүй байсан юм. Иймд татварын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нотлох баримт, тайлбартай нь холбогдуулан Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг шүүхийн журмаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс гаргуулахаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, холбогдох баримтыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж авсан. Ийнхүү хүсэлт гаргахдаа манай компанид маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хуульд зааснаар мэдэгдсэн, хүргүүлсэн тухай баримтыг гаргуулж өгөхийг хүссэн боловч уг баримтыг шүүхэд ирүүлээгүй. Дээрх баримтуудтай танилцаад манай компаний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсэн тул харъяалалын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн асуудал бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар дэмжигдэхгүй байх тул Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Манай компани тухайн хугацаанд татвар ногдуулах хэмжээний ямар ч орлого олоогүй, үйл ажиллагааны зардал, банкны өр зээлд олсон орлогоо бүгдийг нь тушааж байсан талаар удаа дараа тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгч байсан боловч үндэслэлгүй акт тогтоосон. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл Сэтгэмж ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаартай актыг хүчингүй болгуулах юм. Энэхүү нэхэмжлэлийг гаргах шалтгаан нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд татварын хэлтсээс Х ХХК-д холбогдуулан 3 449 477,5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 онд Б.Б нь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд тухайн маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу маргаан таслах зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаагүй. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой баримтууд гарч ирсэн бөгөөд тус компаний захирал Б.Б нь өмнө мэдээгүй байсан учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд захиргааны акт хүчин төгөлдөр болох гэсэн зохицуулалтыг зааж өгсөн. Энэ хуулийн 46.1-т захиргааны актыг хууль журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. 46.2-д захиргааны актыг цуцлах, хүчингүй болгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасан. Өөрөөр хэлбэл маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарах хүртэл захиргааны акт нь хүчин төгөлдөр байх бөгөөд маргаан таслах зөвлөлөөс гарсан шийдвэрийг нь мэдэгдээгүй бол захиргааны акт нь хүчин төгөлдөр бус болно. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг “Х” ХХК-ийн захирал Б.Б-д танилцуулаагүй, мэдэгдээгүй байгаа нь хуульд зааснаар захиргааны актын хүчин төгөлдөр байх шийдвэрийг үгүйсгэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх гэсэн зохицуулалт байгаа. Үүний хүрээнд маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг Б.Б-д мэдэгдээгүй. Хавтас хэрэгт нотлох баримтууд гаргаж өгсөн боловч 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг мэдэгдсэн талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Маргаан бүхий захиргааны акт маань нэхэмжлэгчид сөрөг үйлчлэл бүхий акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамаарна захиргааны байгууллага тус захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгон гэж заасан.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Татварын улсын байцаагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр татварын хяналт шалгалтын байцаагч миний бие, татварын байцаагч Я.Н-ийн хамтаар  “Х” ХХК-ийн татвар төлөлтөд хяналт шалгалт хийсэн байгаа. Журмаараа бол 2 татварын байцаагч хяналт шалгалт хийх ёстой. Шалгалтын явцад Б.Б-ын зүгээс бол өртэй компани авсан гэж тайлбар өгч байсан. Тухайн үед анхан шатны баримтуудаа гаргаж өгөөч гэхэд манай компанид тийм баримт байхгүй, бараа материалаа авсан талаарх тооцоогоо хөтөлдөг гэх хар дансны  тамга тэмдэггүй дэвтрийг үзүүлж байсан. Харилцах, борлуултын орлого нь хяналт шалгалтаар дутуу байсан гэдэг нь нотлогдсон. Хяналт шалгалт явуулхад “Х” ХХК-ийн захирал Б.Б нь өөрөө байлцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд хандаад маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол шууд шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед бол өртэй компани авсан, өвчин зовлонтой байна гэсэн тайлбарыг л хэлж байсан болохоос биш яг ийм үндэслэлээр татвар төлөх боломжгүй байна гэх баримтыг бол гаргаж өгөөгүй” гэв. 

 Хариуцагчийн иргэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах тухай гэжээ. Татварын улсын байцаагчийн акттай холбоотой нэхэмжлэлийг тухайн татварын улсын байцаагчийн буруутай үйлдлээс шалтгаалж, акт үндэслэлгүй тогтоогдсоныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах журамтай байдаг. Х ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцсэн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг танилцуулаагүй гэдэг шалтгаанаар Татварын улсын байцаагчийн 2014 оны 170009118 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон хүчингүй болгуулах үндэслэл нь хоорондоо нийцэхгүй байна гэж үзэж байна. Тухайн үед Х ХХК-ийн гомдлыг Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөл хүлээж аваад гомдлыг хянан шийдвэрлэх явцад маргаан таслах зөвлөлийн журамд заасны дагуу татвар төлөгч болон акт тогтоосон байцаагч нараас шаардлагатай мэдээ мэдээлэл тодруулгыг авах шаардлагатай байдаг.  Тухайн үед Х ХХК-ийн захирал Б.Б-тай холбогдож шаардлагатай мэдээ мэдээлэл зэргийг авахаар холбогдох үед санаатайгаар төрийн байгууллагын ажилд саад учруулж санаатайгаар зайлсхийж байсан юм. Зөвлөлийн шийдвэрийг  тухайн үед танилцуулсан бөгөөд түүнээс хойш баг, хороо хариуцсан байцаагч тухай бүр татварын энэхүү өрийг төлүүлэх талаар 2014 оноос хойш хуульд заасан шаардлага, ажиллагааг явуулаад өнөөдрийн байдлаар 6 жил өнгөрч байна. Тухай бүр Б.Б нь энэхүү өрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэж байсан нь баг хариуцсан татварын улсын байцаагч нарын тайлбараар нотлогдож байгаа. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн зүгээс дээрх хүндрэлтэй өрийг төлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Х ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлдээ Татварын улсын байцаагчийн акт, татвар төлөгчийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар өнөөдөр мэдэж байгаа мэтээр дурдсан нь илт худал бөгөөд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Манай татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагч хянаад хэдийгээр хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан боловч Х  ХХК-ийн захирал Б.Б-ын хүсэлтийг маргаан таслах зөвлөлөөр авч хэлэлцсэн. Магадлагч байцаагчийн зүгээс татвар төлөгч Б.Б-д магадлагаа хийхэд шаардагдах анхан шатны баримтуудаа гаргаж өг гэхэд ар гэрийн гачигдал, төлбөр  төлөх боломжгүй гэх шалтаг тоочиж явсаныг тухайн үеийн татварын байцаагч нь хэлдэг бөгөөд маргаан таслах зөвлөлийн хуралд ирж оролцохыг мэдэгдхэд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй байдаг. Нэхэмжлэгч маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2020 оны 01 сарын 03-ны өдөр мэдсэн гэдэг нь худлаа, өмнө нь мэдсэн бөгөөд энэ талаар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ актыг хууль бус гэж үзэхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэрэв татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг гардуулаагүй гэж маргаж байгаа юм бол акт тогтоосон татварын байцаагч нар нь хариуцагчаар татагдах ёстой юм уу, тэр маргаан таслах зөвлөлийн гишүүдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой юм уу гэсэн асуудал яригдана. Миний зүгээс бол энэ нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ний захирал Б.Б нь “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хянат шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Х ХХК /РД:4122402/-ний 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, шалгалтаар нийт 11,281,274  төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр заалтыг үндэслэн   Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118  дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”  актаар мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.3, НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь заалтыг баримтлан 1,128,127.4 төгрөгийн  нөхөн татвар, 198,126.6 төгрөгийн торгууль, 147,689.7  төгрөгийн алданги, 1,683.8 төгрөгийн хүү нийт 1,475,627.5 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  хуралдааны 08 дугаар  тогтоолоор “...Х ХХК-ний гомдлыг хэлэлцсэн байх бөгөөд энэхүү тогтоолыг гомдол гаргагч Х ХХК-д мэдэгдсэн болон гардуулсан талаар хариуцагчаас  баримтжуулаагүй  учир түүнд хууль, журмын дагуу уг тогтоолыг мэдэгдэж, гардуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймээс  нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн хувийг  2020 оны 01 сарын 03-ны өдөр гардаж авч,  Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  хуралдаанаар 08 дугаар  тогтоолыг мэдсэн” гэх  нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч захирганы хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулсан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар  тус шүүхэд  нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзсэн болно.

Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  хуралдаанаар 08 дугаар  тогтоолд “ Х ХХК нь ... татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлоогүй, тогтоосон хугацаанд төлөөгүй, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, стандартийн дагуу тайлан тэнцлээ гаргаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байна гэж дүгнэн, мөн тус компанид 11.281.274 төгрөгийн зөрчил илэрснийг дүгнэн, 1,128,127.4 төгрөгийн  нөхөн татвар, 198,126.6 төгрөгийн торгууль, 147,689.7  төгрөгийн алданги, 1,683.8 төгрөгийн хүү нийт 1,475,627.5 төгрөгийн төлбөр ногдуулснийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /ХХ-75-78 хуудас/

Мөн түүнчлэн уг компанийн захирал Б.Б нь тухайн үед буюу 2014 оны 06 сарын 24-ний өдөр Татварын хэлтсийн Маргаан таслах зөвлөлд гаргасан хүсэлтдээ” ... биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас холбогдох зохих журмын тайлан тэнцлээ гаргаж өгөөгүй, ... татвараа төлөх боломжгүй... тухайгаа дурьдсан байх бөгөөд уг маргаан бүхий захиргааны акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар  маргаагүй байна. /ХХ-75 дугаар хуудас/

Иймээс Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Я.Н нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар акт нь хуулийн үндэслэлтэй  байх тул захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас  нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчигдсэн хэмээн үзэж  нхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Я.Н нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Х ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЭНХТАЙВАН