Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130

 

“Хүрээ цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00081/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 680 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Хүрээ цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Боржигин хиад овогтой Н-ийн Э-т холбогдох

          “4.350.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Н.Э-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Золбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Хүрээ-Цамхаг” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золбаяраас:

Н.Э- нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хүрээ цамхаг” ХХК-тай №13/18 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулсан бөгөөд Дархан сумын 14-р баг,  2-р хороолол, 43-р байрны 18 тоот, 54,5 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.200.000 төгрөгөөр үнэлж нийт 65.400.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн. Үүнээс Н.Э- 62.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.900.000 төгрөгийг дараа төлөхөөр өргөдөл өгсөн юм. Иймд гэрээнд заасны дагуу алданги 1.450.000 төгрөгийн хамт нийт 4.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны м.кв-ын зөрүү 2.424.000 төгрөг, ус алдуулсны хохирол 101.000 төгрөг, шинжээчийн зардал 96.200 төгрөг, засварын хөлс 43.000 төгрөг нийт 2.664.200 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

Миний бие 2013 оны 8 сараас байрныхаа төлбөрийг гэрээний дагуу цувуулж өгч байсан ч 2014 онд тус байрны айлууд хэмжилт хийлгэснээр 1 айлаас 2-3 м.кв дутуу байсныг олж мэдэн тэр үед оршин суугчид хэл ам хийж байсан болохоор энэ компани надаас үлдэгдэл төлбөр болох 2.900.000 төгрөгийг ч нэхэхээ байж, би ч м.кв-ын дутуу зөрүүндээ тохирч байгаа юм байна гэж ойлгон төлбөрийг зогсоосон байсан. Гэтэл гэнэт 2,5 жилийн дараа үлдэгдэл мөнгөө нэхэхээр барахгүй алданги бодсон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тус компанитай хийсэн №13/18 тоот гэрээнд 54,5 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Гэтэл орон сууцны барилгын доторх талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй Улаанбаатар хот дахь “ARKKAD” ХХК-аар хэмжилт хийлгэн шалгуулахад 52,48 м.кв гэж дүгнэлт гарсан. 2,02 м.кв-ын үнэ 2.424.000 төгрөг болж байгаа. Үүнээс үзэхэд би байрныхаа төлбөрийг бараг бүрэн төлчихсөн гэж үзэж байгаа. Энэ нь тухайн үед газар дээрээ мэдэгдэх боломжгүй ч хойшид мэдэгдэх надад учирсан хохирол гэж үзэж байгаа. Ц.Золбаярт энэхүү м.кв-ын зөрүү нь байрны үлдэгдэл мөнгөтэй дүйцэж байгааг хэлэхэд “Би огт мэдэхгүй ээ” гэдэг хариу өгдөг. Асуудалд огт анхаарал, ач холбогдол өгч чаддаггүй байсан. “Хүрээ цамхаг” ХХК-аас ус алдуулсны хохирол болох 331.000 төгрөг, талбайн зөрүү 2.424.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч өнөөдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж  орон сууцны м.кв-ын зөрүү 2.424.000 төгрөг, гэм хорын хохирол 101.000 төгрөг, шинжээчийн зардал 96.200 төгрөг, засварын хөлс 43.000 төгрөг нийт 2.664.200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э-ээс 4.350.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хүрээ-Цамхаг” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Хүрээ-Цамхаг” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золбаяр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.664.200 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.550 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61.350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-ээс 84.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “Хүрээ цамхаг” ХХК-аас 57.577 төгрөгийг гаргуулж,  хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтанд бодитойгоор дүгнэлт өгч чадаагүй ба хэт нэг талыг баримталж нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Хүрээ цамхаг” ХХК нь хариуцагч Н.Э-т холбогдуулан байрны үлдэгдэл төлбөр 2.900.000 төгрөг, байрны төлбөрийг төлөхгүйгээр гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 1.450.000 төгрөг, нийт 4.350.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Н.Э- нь байрны төлбөр 2.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн боловч хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нь хохирол 2.775.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас хэмжээнээсээ дутуу байсны улмаас гарсан хохирол 2.424.000 төгрөг, ус алдуулсны хохирол 101.000 төгрөг, шинжээчийн зардал 96.200 төгрөг, засварын хөлс 43.000 төгрөг нийт 2.664.200 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг нэхэмжлэгч “Хүрээ цамхаг” ХХК зөвшөөрсөн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Хүрээ цамхаг” ХХК нь хариуцагч Н.Э-тэй харилцан тохиролцож 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 4 давхарт, 18 тоот, 54,5 м.кв, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг нь 1.200.000 төгрөгөөр тооцож, 65.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Энэ нь орон сууцны захиалгын гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээнд заасны дагуу хариуцагч Н.Э- орон сууцны төлбөрт нийт 62.500.000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

            Талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 2016 оны 7 дугаар сарын 22-нд дууссан боловч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдлийг шаардаж байсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх  хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Орон сууцны захиалгын гэрээний 4.2-т “Захиалагч гэрээний 2.1-д заасан төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэгтэй”, нэхэмлэгч тал орон сууцыг хариуцагч талд шилжүүлсэн энэ талаар талууд маргаагүй ба хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги тооцох үндэслэл тогтоогдож байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Н.Э-ээс орон сууц худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 2.900.000 төгрөг, байрны төлбөрийг төлөхгүйгээр гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 1.450.000 төгрөг нийт 4.350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хүрээ Цамхаг” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.664.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Энэ нь хариуцагч Н.Э- өмчлөлийн Дархан сумын 14-р баг, 2-р хорооллын 43-р байр 18 тоот орон сууцны талбайн хэмжээ нь 52,48 м.кв буюу 2,02 м.кв-ын зөрүүтэй болох нь “Арккард” ХХК-тай байгуулсан Орон сууцны барилгын доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ, “Арккард” ХХК-ний дүгнэлт, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар, мөн хариуцагч Н.Э-ийн өмчлөлийн орон сууцанд ус алдсаны улмаас гэм хорын хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ний хохиролын үнэлгээ хийсэн тайлан, гэрч С.Болор-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Н.Э- давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.АМАРСАНАА

                                            ШҮҮГЧИД                                         С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ