Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 020/2014/0353/З |
Дугаар | 221/МА2016/0235 |
Огноо | 2016-04-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2016/0235
| |
УДБЭТ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, Д.Д-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ж- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 879 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор УДБЭТ-ын нэхэмжлэлтэй, ТӨХ, УБЕГ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч УДБЭТ-ын захирал Ч.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь анх 1951 онд ашиглалтад орсон ба театрын 4 давхар барилга, дэд станцын барилга 2 ширхэг агуулах, гадна талын хашаа зэрэг 5 нэрийн байгууламжийг иж бүрдэл болгон 8693,3 мянган төгрөгөөр балансын анхны үнээр бүртгэлд тусгасан байдаг. Иж бүрдэл барилга байгууламж нь өнөөдрийг хүртэл иж бүрнээр төрийн өмчийн бүртгэлд тусгагдаж ирсэн ба 1995 оны Сангийн сайд, үндэсний хөгжлийн газрын хамтарсан тушаалаар батлагдсан үндсэн хөрөнгө дахин үнэлэх журмын дагуу 2001 онд дахин үнэлэгдэж 257,2 сая төгрөг, 2003 оны дахин үнэлгээгээр 642,8 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Улмаар тус театр нь ТӨХтой 2007 оны 3-р сард 66 тоот "Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-г байгуулж, тус гэрээний хавсралтад дээрх барилга байгууламж нь төрийн өмчийн бүртгэлтэй хөрөнгөөр тусгагдсан, энэ гэрээний заалтууд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших манай театрын барилга байгууламж байрлаж буй 5934 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 951 тоот захирамжаар урлаг соёлын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар манай байгууллагад эзэмшүүлсний дагуу уг газрыг зориулалтаар нь ашиглаж байна. Манай театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг ТӨХны 2002 оны 342 дугаар тогтоолоор агуулахын хуучин 2 барилга нэрээр акталж, үндсэн хөрөнгийн данснаас хасахыг зөвшөөрсөн байдаг. Улмаар 2005 онд тус театрын удирдлага ТӨХнд хүсэлт гаргаснаар тус хорооны 2002 онд гаргасан 342 тоот тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3.1 дэх заасны дагуу "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргаагүй", ТӨХны 1996 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам"-ын 2 дугаар зүйлийн 4 дэх заалтад "Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нь өмч хамгаалах байнгын зөвлөлийн гаргасан үндсэн хөрөнгө данснаас хасах тухай дүгнэлтийг үндэслэн саналаа ирүүлэх" тухай заалтыг зөрчсөн, мөн зүйлийн 6 дахь заалтад саналд данснаас хасах тухай эд хөрөнгийн тодорхойлолт, тоо хэмжээ, балансын анхны өртөг, үлдэгдэл өртөг зэргийг тусгасан байх ёстой заалтуудыг тус тус зөрчсөн байсан тул ТӨХ 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар тогтоолоор 342 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болсон байдаг. Гэтэл ТӨХны 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 364 тоот тогтоолоор "Тогтоол хүчингүй болгох тухай" ТӨХ-ны 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ба энэхүү тогтоол хууль зүйн үндэслэлгүй, дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гарсан байх тул хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын "Тав"-ын 10 дахь заалтад "Сонгодог урлагийн академик театр"-ын барилга, байгууламж, түүний эд хөрөнгийг хувьчилж үл болох эд хөрөнгөөр тогтоосон байх тул ТӨХ нь уг байгууллагын иж бүрдэл хөрөнгийн зарим хэсгийг хувийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, тус байгууллагын эзэмшил газарт хувийн компани газар эзэмших эрх эдлэх боломжгүй байна. Иймд ТӨХны "Тогтоол хүчингүй болгох тухай" 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. "Модерн тур" ХХК нь ТӨХны 2002 оны 5-р сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоолын дагуу Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлагдсан гэдэг үндэслэлээр худалдан авч Улсын бүртгэлийн 2203009632 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2002 онд авсан байдаг. Улмаар 2005 онд тус театрын удирдлага ТӨХнд хүсэлт гаргаснаар ТӨХны 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар тогтоолоор тус хорооны 342 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болсон байдаг. ТӨХны 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар тогтоол гарснаар "Модерн тур" ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших үндэслэлгүй болсон байхад тухайн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулалгүйгээр өнөөдрийг хүртэл явж ирсэн байна. Манай театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй, төрийн өмчийн бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилга нь 2 өөр бүртгэлтэй байгаа нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж, улмаар манай байгууллагын эрх ашгийг хохироож байна. "Модерн тур" ХХК-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 951 тоот захирамжаар манай театрт урлаг соёлын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн 5934 м.кв газарт орж байгаа ба тус газрыг манай театр гэрээний дагуу эзэмшиж байгаа болно. ТӨХны 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар тогтоолоор тус хорооны 342 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээс хойш "Модерн тур" ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсон, газар эзэмших гэрээ нь 2005 онд дуусгавар болсон тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн үндэслэл нь хүчингүй болсон байх тул Улсын бүртгэлийн 2203009632 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцогдох үндэслэлтэй байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.4-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахад хавсаргасан баримт бичгүүд хүчингүй болсон тухайн улсын бүртгэл хүчин төгөлдөрт тооцогдох боломжгүй болохыг нотолж байна. Иймд "Модерн тур" ХХК-ийн Улсын бүртгэлийн 2203009632 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцож өгөхийг хүсч байна гэжээ. Хариуцагч УБЕГ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбацогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Дуурь бүжгийн эрдмийн театрын зүүн талд байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхийг хүссэн "Модерн тур" ХХК /2692465/-ийн 2002 оны 10 дугаар сарын 23-ний өдөр гарсан мэдүүлэг, албан бичиг, "Модерн тур" ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, "Модерн Тур" ХХК-ийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, "Модерн Тур" ХХК-ийн эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, "Мөнх-Оргил" Трейд ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 350 тоот захирамж, түүний хавсралт, Монгол Улсын ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 тоот тогтоол, Сонгодог урлагийн акдемик театрын захирал Г.Эрдэнэбат болон "Модерн тур" ХХК-ийн захирал Ж.Баярцэцэг нарын хооронд байгуулсан 03 тоот гэрээ, эд хөрөнгийн фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009632 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 0066118 тоот гэрчилгээ олгосон байна. Тус газар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхэд "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл, УБЕГ-ын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд дээрх бүртгэлийн архивын хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянаж үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд "УДБЭТ-"-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч ТӨХны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ТӨХны 2002 оны 342 тоот тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл нь ТӨХны бүрэн эрхэд хамаарах заалт бөгөөд, харин ч 11.8 дахь хэсэгт "Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах" гэсэн бүрэн эрхийнхээ дагуу ТӨХ дээрхи шийдвэрийг гаргасан болно. Тус хорооны 2005 оны 172 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт"-ын Тав-н 10 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэхүү тогтоол нь "Сонгодог урлагийн академик театр"-ын барилга байгууламж, түүний эд хөрөнгийг хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад хамааруулсан байдаг ба энэ тогтоол нь Сонгодог урлагийн академик театрын барилга байгууламж, эд хөрөнгийг зохих хууль журмын дагуу актлах, үндсэн хөрөнгийн данснаас хасах зэргийг хориглоогүй болно. Дуурь бүжгийн эрдмийн театр нь гаргасан шаардлагадаа тус хорооны 2002 оны 342 дугаар тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3.1 дэх хэсэгт заасны дагуу "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргаагүй" гэж үзэж байгаа ч Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2002 оны 62 тоот тушаалаар байгуулагдсан комиссыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт заасан өмч хамгаалах байнгын зөвлөл гэж үзэх үндэслэлтэй байна. ТӨХны 2002 оны 342 дугаар тогтоол нь Сонгодог урлагийн академик театраас ТӨХнд ирүүлсэн 2002 оны 05 дугаар сарын 09-ний 20 тоот албан бичгийг үндэслэсэн нь тус тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Гуравдагч этгээд Модерн тур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ТӨХны 342 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурь бүжгийн эрдмийн театрын зүүн талд байгаа 210 м.кв талбай бүхий /140 м.кв, 70 м.кв/ үйлчилгээний зориулалттай 2 ширхэг нэг давхар актлагдсан байрыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн 2203009632 дугаарт бүртгүүлж 0066118 тоот гэрчилгээг авч 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өмчилж байгаа билээ. Гэтэл 2005 оны 04 дүгээр сараас эхлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Дуурь бүжгийн эрдмийн театр маргаан үүсгэж 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ТӨХны 172 дугаар тогтоолоор өмнөх ТӨХ нь 3342 дугаар тогтоолыг хүчингүй болгуулсан боловч уг 172 дугаар тогтоолыг 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ТӨХ 364 дүгээр тогтоолоороо хүчингүй болгосон шийдвэр гаргасан болно. Ингээд уг үл хөдлөх хөрөнгийн дор байрлах 240 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 350 тоот захирамжийг үндэслэн тус компани 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулан газрын гэрчилгээ авч эзэмшиж байсан. Гэтэл энэ газрын асуудал дахин маргаантай боллоо гэж Нийслэлийн Засаг даргын зүгээс манай эзэмшлийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгөлгүй элдэв аар саар зүйлээр шалтаглаж байсан тул арга буюу 2013 оны 10 дугаар сарын 22-нд бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан билээ. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийн материалтай танилцах явцад Дуурь бүжгийн эрдмийн театр нь 2011 оны 12 дугаар сарын 23ны өдөр Нийслэлийн Засаг даргын 951 тоот захирамжаар манай эзэмшлийн газрыг хүчингүй болгуулж, газрын гэрчилгээг өөртөө шилжүүлэн авсан гэх бичгийн баримтууд эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон боловч уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга Ч.Чөнхзулаас Модерн тур ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснийг хүчингүйд тооцуулах, мөн ТӨХны 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга Ч.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. УДБЭТ-ын захирал Ч.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Барилга актлах тухай 342 дугаар тогтоолын дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг ТӨХны 2002 оны 342 дугаар тогтоолоор агуулахын хуучин 2 барилга нэрээр акталж, үндсэн хөрөнгийн данснаас хасахыг зөвшөөрсөн байдаг. ТӨХны 1996 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам-ын 5 дугаар зүйлийн 20 дахь заалтад Үндсэн хөрөнгийг акталж сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах шийдвэр гарсан бол төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөл энэ тухай акт үйлдэн эд ангийг тоо ширхэгээр нь гаргаж, өөрийн орлогод аван данс бүртгэлд тусгана, 3 дугаар зүйлийн 10 дахь заалтад Төрийн өмчит хуулийн этгээдийн данснаас хасах үндсэн хөрөнгийг худалдах шийдвэр гарсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу гагцхүү дуудлагаар худалдан гэж заасан байна. Гэтэл Модерн тур ХХК нь ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Барилга актлах тухай 342 дугаар тогтоолын дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлагдсан гэдэг үндэслэлээр өөрийн эзэмшилд авч Улсын бүртгэлийн 2203009632 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2002 онд авсан нь ТӨХны тогтооолын дээр дурдсан заалтуудыг зөрчсөн байна. ТӨХ нь Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг акталж данснаас хасахаар шийдвэрлэсэн байхад хувийн компани буулгах, нураах ёстой барилгын өмчлөгч болж, улмаар хотын төвд байрлах төрийн өмчит хуулийн этгээдийн газрыг эзэмших эрхийг олгож өгөхийг шаардаж буй нь илт хууль бус үйл ажиллагаа болсон байгаа юм. Төрийн өмчийг хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж өмчлөлдөө авсан Модерн тур ХХК-ийн үйлдэл, үйл ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ч ийм аргаар хувийн хэвшлийн компанид төрийн өмчийг үнэ төлбөргүй өгөх санаа зорилго байхгүй байсан болно. Хэрвээ ТӨХ нь 1996 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам-ын 6 дугаар зүйлийн 22 дахь заалтад Данснаас хасах үндсэн хөрөнгийн талаар ТӨХноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг төрийн өмчит хуулийн этгээдийн дарга өмч хамгаалах байнгын зөвлөлтэй хамтран байгууллага дээрээ зохион байгуулах ба ТӨХны Төрийн байгууллагын хангамжийн газраас хяналт тавина гэж заасанчлан зохих ёсоор тавьсан байсан бол хувийн хэвшлийн Модерн тур ХХК нь ингэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй байсан юм. Тэгэхээр ТӨХны хяналт тавиагүй хууль бус үйлдлээс болж Төрийн өмчийг хувийн хэвшлийн Модерн тур ХХК нь дуудлага худалдаагүйгээр завшиж, Төрийн өмчийг нэг ч төгрөг төлөхгүйгээр авч гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгч УДБЭТ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгө бусдын эзэмшилд шилжиж, тус үл хөдлөх эд хөрөнгийн доорхи театрын эзэмшлийн газрыг эзэмших эрхийг авахаар шүүхэд хандсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа болно гэжээ. Хариуцагч ТӨХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ТӨХ нь 2002 онд 342 дугаар тогтоолоороо тус барилгуудыг акталсан болно. ТӨХны 1996 оны 50 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 22 дахь заалтад Данснаас хасах үндсэн хөрөнгийн талаар ТӨХноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг төрийн өмчит хуулийн этгээдийн дарга өмч хамгаалах байнгын зөвлөлтэй хамтран байгууллага дээрээ зохион байгуулах ба ТӨХны Төрийн байгууллагуудын хангамжийн газраас хяналт тавина гэсэн хэдий ч энэхүү тогтоол нь 2007 оны 297 дугаар тогтоолоор, 2007 оны 297 дугаар тогтоол нь 2007 оны 457 дугаар тогтоолоор, 2007 оны 457 дугаар тогтоол нь 2009 оны 19 дүгээр тогтоолоор, 2009 оны 19 дүгээр тогтоол нь 2012 оны 44 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болсон байна. Одоогийн байдлаар энэхүү харилцаа нь 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай журмаар зохицуулагдаж байгаа болно. 2012 оны 44 дүгээр тогтоолын 5, 6 дахь хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдээс үндсэн хөрөнгийг акталж сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах, данснаас хасах шийдвэрийг өмч хамгаалах байнгын зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэрлэж, гүйцэтгэлийг устгалын акт, эргэлтийн хөрөнгөнд орлого болгосон тэмдэглэл, худалдсан тухай акт хэлбэрээр баталгаажуулан, гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгана гэсэн байдаг ба одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар байгууллага өөрөө шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Иймээс нэхэмжлэгч УДБЭТ- нь ТӨХны 2002 оны 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг өөрийн байгууллага дээрээ өмч хамгаалах байнгын зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэрлэж гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгагдахаар шийдвэрлэгдэх боломжтой юм гэжээ Гуравдагч этгээд Модерн тур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т- нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Модерн тур ХХК нь 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж Улсын бүртгэлийн 9011 066135 РД-2692465 бүхий гэрчилгээ авч гадаад, дотоод худалдаа, эдэлбэр газар тохижуулах, түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрхи гэрчилгээгээ 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шинэчилсэн болно. Тус компани нь 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 350 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УДБЭТ-ын зүүн талд байрлалтай 240 м.кв газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3002-0029 бүртгэлийн дугаар бүхий газрын гэрчилгээгээр баталгаажуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулан эзимшиж, улмаар 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зүүн талд байршилтай дээрх 240 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 ширхэг 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн №0066118 тоот гэрчилгээг авч хууль ёсоор эзэмшиж байна. Модерн тур ХХК нь ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь заалт, Сонгодог урлагийн академик театрын 2002 оны 05 дугаар сарын 09-нийн өдрийн 20 тоот албан бичгийг үндэслэн Сонгодог урлагийн академик театрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй агуулахын 2 хуучин барилгыг акталж үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг зөвшөөрч барилгыг акталж бүртгэлээс хасах ажлыг байгууллагынхаа өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтан дор зохион байгуулахыг Сонгодог урлагийн академик театрын даргад даалгасан шийдвэртэй. Мөн барилга акталж бүртгэлээс хассан тухай комиссын шийдвэр болон ерөнхий захирал Г.Эрдэнэбатын шийдвэр, мөн 03 тоот гэрээг үндэслэн 5 сая төгрөгөөр худалдаж авсан болно. Түүнээс биш хувийн аж ахуй нэгж Төрийн өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг ямар ч байдлаар авах боломгүй гэдгийг хэн бүхэн мэднэ... гэжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 879 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 8, 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3-дахь хэсгийн 1, 3, 31 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Барилга актлах тухай 342 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй буюу гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа ТӨХны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, энэ шийдвэрээ хэрэгжүүлж Модерн тур ХХК-ны өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлахыг ТӨХнд даалгаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасныг баримтлан Модерн тур ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2203009632 дугаартай бүртгэлийг болон 0066118 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т- давж заалдах гомдолдоо: Нэгдүгээрт, Модерн тур ХХК нь маргаан бүхий хоёр барилгын өмчлөгч болох тухайд, тус компани анх маргаан бүхий 2 барилгыг 2002 оноос эзэмшиж, ашиглаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа билээ. Компани өмчлөлд шилжих болсон гол баримт нь Сонгодог урлагийн академик театр /Дуурь бүжгийн эрдмийн театр/ болон Модерн тур ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах 03 тоот гэрээ юм. Харин ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоол нь манай компанид хамааралгүй бөгөөд гэрээ байгуулагдсны дараа Төрийн өмчийн балансаас хасч байгаа баримт хэмээн тайлбарлаж байсан юм. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэхтэй холбогдох харилцааг Иргэний хуулийн 109-115 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байдаг ба "Модерн тур" ХХК-ийн хувьд дээрх 2 барилгыг гэрээ хэлцлийн дагуу шижлүүлэн авч өмчлөх эрхтэй болсон өмчлөгч болно. Түүнчлэн өмчлөх эрхийг анх олж авах үед тухайн барилгын үнэлэмж бага, элэгдэл хорогдолд орсон байсныг бид үгүйсгэхгүй бөгөөд 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд өөрийн өмчөө илээр, шударгаар эзэмшиж, ашиглаж урсгал болон их засвар үйлчилгээг тухай бур хийж, холбогдох татвар, төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Гуравдагч этгээд "Модерн тур" ХХК нь маргаан бүхий 2 барилгыг буюу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй ба харин барилгыг актлаж буулгасны улмаас бий болсон хөдлөх хөрөнгө болох материалыг өмчлөх эрхтэй. Иймд маргаан бүхий 2 барилгыг өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар маргаж буй гуравдагч этгээд "Модерн тур" ХХК-ийн тайлбар үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь илтэдбуруу юм. Учир нь Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын актыг хянан шалгахдаа ерөнхий харьяалалын шуүхийн шийдвэрлэх харилцаа буюу хувийн эрх зүйн харилцааруу орж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн4.1-д заасантай нийцэхгүй байна. Хоёрдугаарт, Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Маргааны бүхий үйл баримт нь 2002 онд болсон. Маргаан бүхий акт болох ТӨХ-ны 342 дугаар тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ ч мөн тус тус 2002 оны актууд бөгөөд өиеөдрийг хүртэл хугацаанд барилгыг эзэмшиж, ашиглаж байхад ямар нэгэн байдлаар бидэнтэй болон холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол санал тавьж байгаагүй. Гэтэл шүүх маргаан акттай холбогдох асуудлыг 2008 оны өөр акттай холбон тайлбарлаж, түүнчлэн уг актыг ч нэхэмжлэгч өмнө мэдэж байсныг нотлох баримтыг шинжлэн судлуулж байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчих бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн барилгын өмчлөл шилжих болсон үйл баримт нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд үндэслэгдсэн ба бүгд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа болохыг бид нотлож 2002 онд өмчлөгч болсоноос хойшхи бүхий л баримтыг хэрэгт авахуулсан болно. Түүнчлэн уг акттай холбоотой маргааныг нэхэмжлэгч байгууллагаас өмнө нь буюу 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 249 тоот албан бичгээр ТӨХнд гомдол гаргаж байсан ба гомдолтой холбогдох асуудлыг 2008 онд эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Энэ бүх захиргааны акт буюу "Барилга актлах тухай", "Тогтоол хүчингүй болгох тухай" тогтоолууд үйлдэгдсэн болохыг, гуравдагч этгээд "Модерн тур" ХХК-ийг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон зэрэг үйл явдлыг нэхэмжлэгч тал тухай бүрт нь мэдэжбайсан. Түүнчлэн хамгийн сүүлд л гэхэд "Модерн тур" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргадхолбогдох захиргааны хэрэгт Дуурь бүжгийн эрдмийн театр гуравдагч этгээдээр татан оролцсон ба улмаар 2008 оны 364 дүгээр тогтоолтой танилцсан баримт нь энэхүү хэрэгт авагдсан байгааг дахин тодотгож байна. Тиймээс уг акттай холбоотой маргааныг нэхэмжлэгч байгууллагаас дахин гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага солигдох бүрт уг акттай холбогдуулан гомдол: нэхэмжлэл гаргах нь "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Төрийн тухайн байгууллава, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөаөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй"гэх хууль зүйн үндэслэлд хамаарна. Түүнлчэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бүрдүүлж байна. Гуравдугаарт, Шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухайд, Нэхэмжлэгчээс нэхэмжлэл анх гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх еөрчлөх зэрэг ажиллааг хийсний эцэст дараах хоёр шаардлагыг гаргасан байдаг. Үүнд: 1. ТӨХны 2002 оны 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буюу гаргасаншийдвэрийнхээ биелэлтэнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь 2. "Модерн тур" ХХК-ийн улсын бүртгэлийн 2203009632 гэрчилгээг хүчингүй Гэтэл шүүх "Модерн тур" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бус улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж гуравдахь шаардлагыг шүүх санаачлагаар нэмж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан "нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх" гэсэн хэргийн оролцогчийн эрхийг шүүх өөрөө эдэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болон өөрчлөх зэрэг эрх нь шүүхэд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрхэд хүртэл хамаарахгүй зүйл юм. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтийг шүүх хүлээж авалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэнээр нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх байдлаас шалтгаалан тайлбар гаргахгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэг ч үг хэлээгүй юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс бичлэгт тусгагдсан байгаа болно. Гэтэл шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт; "Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно" гэж огт үндэслэлгүй зүйлийг оруулсан байх юм. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох болон эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгох хоёр асуудал хоёр өөр хууль зүйн үр дагаварт хүрэгдэг асуудал юм. "Эд херөнгө өмчлөх эрх, түүнтэй холбогдох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 23 дугаар зүйлд эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг заасан байдаг бол бусад тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгон өмчлөгчийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэдэг болно. Хэрэв нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаа улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хэмээн өөрчлөх, эсхүл иэмэгдүүлж байгаа бол энэхүү шаардлагад тайлбар гаргах эрхийг хэргийн оролцогчид олгодог. Гэтэл уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэсэн заасантай нийцэхгүй байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав. Анхан шатны шүүх УДБЭТ-ын ТӨХны 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Модерн-тур ХХК-ийн улсын бүртгэлийн 2203009632 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, ТӨХ, УБЕГ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан захиргааны хэрэг[1] үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс ТӨХны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Барилга актлах тухай 342 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буюу ТӨХ нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, энэ шийдвэрээ хэрэгжүүлж Модерн тур ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дэд станц, цайны газрын барилгыг актлахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ[2]. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ... 2008 оны тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага байсан гэж тайлбарласнаас үзвэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тодруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд хянан шийдвэрлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр ... миний хувьд хэргийн материалтай бүрэн хэмжээгээр танилцаж амжаагүй, хавтаст хэргийн материалтай танилцаж эхлэх гэж байхад баримтанд гарын үсэг зурсан... хэргийн материалтай танилцах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох гэж заасан нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлэхгүйгээр[3] шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу байна. Учир нь, дээрх хүсэлтийг шүүх хангаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсэээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх, нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах зэрэг хуульд заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, хэргийн бусад оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлах, нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, нэхэмжлэгчээс асуулт асуух зэрэг шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчимын дагуу явагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байна. Ийнхүү хэргийн оролцогчдын эрх хангалттай хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар магадлалд ... нэхэмжлэгчээс ТӨХны 2008 оны тогтоол, Модерн тур ХХК-ийн 2002 оны эрхийн улсын бүртгэл буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардсан, хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгөх байжээ.. гэж дүгнэж хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 1/7165 тоот албан бичгээр нэхэмжлэгчээс шаардсан боловч түүний хариуг авалгүй хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Иймд, давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянах, шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1]Хэргийн 1 дүгээр хавтас, 21 дэх тал [2]Хэргийн 2 дугаар хавтас, 135 дахь тал [3]Хэргийн 3 дугаар хавтас, 43 дахь тал |
|