Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1950

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01814 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК,

Хариуцагч М ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлтэд 7 667 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал женерал даатгал /хуучнаар/ ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу К ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3017-2013/166 тоот цалингийн зээлийн гэрээгээр Таван толгой транс ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байсан Б.Төгсжаргалд олгосон 14 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан.

Гэтэл Б.Төгсжаргал 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд энэхүү тохиолдол нь тус банкны Мандал Женерал даатгал ХХК-тай байгуулсан 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 9 дүгээр зүйлийн 1-т заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс К ХХК-д дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр даатгалын компанид хүргүүлж, нөхөн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 5 111 843 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна. Бид даатгалын тохиолдлыг гэрээний хүчинтэй байх хугацаанд өгсөн. Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан даатгагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5 111 843 төгрөг, алданги 2 555 921 төгрөг, нийт 7 667 754 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: К ХХК нь Мандал Женерал даатгал ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцөлийн үндсэн дээр М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл 2012 онд байгуулагдсан гэдэгт маргах зүйлгүй, хамтын ажиллагааны ерөнхий гэрээг шүүхээс хүчин төгөлдөр үзсэн. Харин цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3-т заасан хугацааг нэхэмжлэгч тал хангаагүй буюу биелүүлээгүй. Мөн К ХХК-иас чанаргүй зээл гаргаж байсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгалын компани даатгалын нөхөн олговор олгохоос татгалзана гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3 догол мөрөнд цалингийн зээлийг төлөхөө больсноос хойш 2 сарын хугацаа өнгөрөхөд, даатгалын тохиолдол үүссэнээс хойш 5 хоногийн дотор М ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй. Мөн зээлийн дансны хуулганаас харахад нэхэмжилж байгаа үнийн дүн болон дансны үлдэгдэл хоёр зөрүүтэй, дансны хуулгаас харахад дүн буурч, 4 583 558 төгрөг болсон харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 6 875 337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 792 427 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 635 төгрөгөөс 12 679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 124 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэлд даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон.

Шүүхийн шийдвэрт даатгалын тохиолдол дээрх хэлцлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн атлаа дараагийн хэсэгт нь ажлаас халагдсан өдрөөс хойш хариуцагчид даатгалын тохиолдол болсныг мэдэгдэх хүртэлх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхгүй хэмээн утга агуулгын хувьд хоорондоо авцалдахгүй, нэг нэгийгээ үгүйсгэсэн хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэх үндэстэй байгаа юм.

Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол болсон тухай мэдэгдсэн үеээс хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх мэтээр дүгнэлт хийсэн байна. Зүй нь зээлдэгч ажлаас халагдсанаар дааталын тохиолдол үүсч байгаа билээ.

Нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 10 сарын дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 7 667 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ /хх 14-15/ байгуулагдсан ба уг гэрээний хүрээнд мөн өдрөө 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийг /хх 16/ байгуулсан бөгөөд уг гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Дээрх “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн хүрээнд нэхэмжлэгч К ХХК нь иргэн Б.Төгсжаргалтай 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн гэрээний /хх 7-8/ эрсдлийг М ХХК-ийн даатгалд хамруулж, хураамжийг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

Энэхүү зээлийн эрсдлийн даатгалд хамрагдсан Б.Төгсжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны 0000124477 тоот гэрчилгээ, /хх 12/ түүнийг мөн өдөр автомашины ослын улмаас нас барсныг тогтоосон эмнэлгийн тодорхойлолтоор /хх 74/ тогтоогдсон тул “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн 9.1-т заасан тохиолдол бий болжээ.

Талууд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр Цалингийн зээлийн эрсдлийг даатгах 12/85 тоот хэлцлийн 10 дахь заалтыг “Зээлдэгч нас барсан болох нь тогтоогдсон бол даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн Даатгагчид бичгээр мэдэгдэн нөхөн төлбөр нэхэмжилнэ” гэж өөрчилсөн, уг өөрчлөлтөөр нөхөн төлбөр нэхэмжлэх хугацааг тохиролцоогүй тул даатгалын тохиолдол бий болсныг гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч К ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг хууль болон гэрээнд зааснаар хүлээх тул  нэхэмжлэгч нь холбогдох нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар /хх 61/ Б.Төгсжаргалын К ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 4 583 558 төгрөг байгааг нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх  зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 4 583 558 төгрөг гэж тооцож, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг уг дүнгээр тодорхойлсон нь зөв болно.

Мөн шүүх “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн 10 дугаар зүйлд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсоныг үндэслэн алдангид 2 555 921 төгрөг нэхэмжилснийг дээрх төлбөр болох 4 583 558 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож 2 291 779 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд хариуцагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт үндсэн төлбөрт 4 583 558 төгрөг, алдангид 2 291 779 төгрөг, нийт 6 875 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 792 427 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх ба зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                 Ч.ЦЭНД

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ