Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 972

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

 

А.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Д.Ганчимэг,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч А.Цд холбогдох эрүүгийн 1808025990830 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жалайр овгийн Авирмэдийн Ц, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хуушуур хаус”-т тогооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7  дугаар хороо, Баянхошууны 16 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

А.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-120б тоотод, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ж.Мын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жалайр овгийн Авирмэдийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Цг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Мөнхзул бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 2 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг буруу ойлгож хэрэглэсэн төдийгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ..., торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалттай зөрчилдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

А.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-120б тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ж.Мын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.М “...Би “яасан бэ” гээд гэрлээ асаасан чинь Ц шууд зурагтын нүүр лүү ширээн дээр байсан аяга аваад шидсэн, босоо толийг татаж унагаад хагалчихсан, гэрийн баганаас татсан чинь углуурга нь салаад унасан. Хөргөгчний дээд талын хаалгыг онгойлгоод тавиураас нь татаад нэг тавиур хугалчихсан. Би гэрээс гарах гэтэл толгой уруу нэг юм шидсэн, тэр нь толгойн ар хэсэгт оносон. Миний араас гарч ирээд байшингийн вакум цонх, салхивчны шилийг чулуу шидээд хагалсан. ...” /хх-ийн 19-20/,

 

гэрч Г.Адъяа “...Нэг сэрсэн чинь Ц согтуу орилоод, юм аваад ийш, тийш нь шидээд байсан. Би “болиоч” гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь гараад явчихсан байсан. ...” /хх-ийн 21-23/ нарын мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Мөнхболдын биед хуйханд шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн...” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 6241 дугаар дүгнэлт /хх-ийн 25/,

 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 28-29/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 30-38/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Цгийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Прокурор А.Мөнхзулын бичсэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг буруу ойлгож хэрэглэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

 

Дээрх хуульд хууль тогтоогчоос торгох ялыг хэсэгчлэн төлөх дээд хугацааг гурван жил гэж тодорхойлон хуульчилсан байх бөгөөд доод хугацааг тогтоогоогүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэсэн байна.

 

Иймд, шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжит хугацаатай уялдуулан торгох ялыг төлөх хугацааг тогтоож байх нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт Зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаарх ажиллагааг хуульчилсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг нь эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд хамаарахгүй.

 

Прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимд нийцэхгүй болно.

 

Харин анхан шатны шүүх торгуулийн ялыг биелүүлэх хугацааг тогтоохдоо шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар дүгнэлт хийх ёстой байтал огт дүгнэлт хийгээгүй, 2 сарын хугацаанд хэрхэн хэсэгчлэн төлөхийг нэг бүрчлэн заагаагүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр гэж ерөнхий байдлаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: