Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/728

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808025990830 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Х”-т тогооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны** дүгээр гудамж, **тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт А овогтой Ц, /РД:*******/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны *** тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ж.Мын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө найзын хамт 1 шил архи аваад гэртээ очсон. Түүнийг хувааж уусан. Түүнээс хойш юу болсноо мэдэхгүй байгаа, нөхрийн толгойг хагалсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан торгох ял багаар оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808025990830 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ж.Мын: “2018 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим хамтран амьдрагч А.Ц нэг эмэгтэй, нэг эрэгтэй гурвуулаа архи барьчихсан ороод ирсэн. Дөрвүүлээ нөгөө архийг нь хувааж уусан. Би архи ууж дуусаад ор зассан. Гэрлээ унтраагаад унтахаар хэвтсэн ба удалгүй гэв гэнэт босоод ирсэн. Би “яасан бэ” гээд гэрлээ асаасан чинь Ц шууд зурагтын нүүр рүү ширээн дээр байсан аяга аваад шидсэн, босоо толийг татаж унагаад хагалчихсан, гэрийн баганаас татсан чинь углуурга нь салаад унасан. Хөргөгчний дээд талын хаалгыг онгойлгоод тавиураас нь татаад нэг тавиур хугалчихсан. Би гэрээс гарах гэтэл толгой уруу нэг юм шидсэн, тэр нь толгойн ар хэсэгт оносон. Миний араас гарч ирээд байшингийн вакум цонх, салхивчны шилийг чулуу шидээд хагалсан. Ц бид хоёр 2015 оноос хойш нэг гэрт хамтран амьдрах болсон. Ц бид хоёрт гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй, хүүхэд байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-19-20/,

Гэрч Г.А-гийн: “...2018 оны 5 дугаар сарын 13-ны орой Ц бид хоёр пиво ууцгаасан. Тэндээс гараад пабд орж нэг, нэг пиво уусан. Би нэг залуутай танилцсан. Тэр залуутай гурвуулаа Ц-гийн ирсэн. Тэгээд авчирсан архиа уух гээд Ц-гийн нөхөр Мод архи хийгээд өгсөн чинь уугаагүй. Би ахиад хийгээд өгсөн чинь М асгачихсан. Ц, танилцсан залуу бид гурав архиа хувааж ууцгаасан. ...Нэг сэрсэн чинь Ц согтуу орилоод юм аваад ийш, тийш нь шидээд байсан. Би “болиоч” гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь гараад явчихсан байсан. Тэгээд Ц, нөгөө танилцсан залуу бид гурав Цгийн гэрээс гараад такси барьж 21-р хорооллын орчим буудалд орж унтсан. Тухайн шөнө Ц, М нар ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Ц Мыг юугаар цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-21-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.05.18-ны өдрийн 6241 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Мын биед хуйханд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хуйхны шарх нь ир бүхий зүйлийн нэг удаагийн, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагйин үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-25/,

Шүүгдэгч А.Цгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 5-р сарын 12-ны орой ажлаа тараад найз А бас нэг залуутай гурвуулаа хоёр, хоёр шил пиво хувааж уусан. Бид гурав нэг шил архи аваад манай гэрт ирсэн. Архиа М бид нар хувааж уусан. Бүгд унтахаар хэвтсэн. Би түүнээс хойш юу болсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Өглөө нь буудалд сэрсэн. М бид хоёр танилцаад 7 жил болж байгаа бөгөөд нэг гэрт хамтран амьдраад 3 жил болж байна. М бид хоёрт гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /хх-63-64, 82-83/,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-30-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-49/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-50/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-74/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-75, 76/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ц согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дүгээр гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ж.Мын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд хуйханд шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Цгаас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Ц ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодсон, цалин хөлс авдаг гэх боловч тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Би 3 өнчин хүүхэдтэй, 2 оюутантай. Мөн ахлах тогоочоор ажиллаж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү. Мөн торгуулийн хэмжээ, хугацаан дээр харж үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.Ц-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг /хүний биед хөнгөн хохирол, гэрийн эд хогшлыг эвдэж сүйтгэсэн/-ийг харгалзан шүүгдэгчид торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт А овогтой Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР