Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00966

 

“А” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар магадлалтай,

“А” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

“М.Ш”ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүүвэй би байгууллагыг төлөөлөн “М.Ш”ХХК-ийн захирал Б.Бумхоролтой 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлах 2 100 м.кв талбайтай аж ахуй, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн эзэмших гэрчилгээтэй газар /нэгж талбарын дугаар 8041/5776/ гэрчилгээний №0294477 барьцаалсан байсан болно. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч өнөөдрийн хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 118 780 төгрөгийн үндсэн зээл, 4 922 687 төгрөгийн зээлийн хүү, 984 537 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт төлөх дүн 14 026 005 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараалан уулзаж зээл эргэн төлөх амлалтуудыг авч байсан ч огт сураггүй алга болсон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02626 дугаартай захирамжаар эрэн сурвалжлуулж олж авсан боловч зээлээ төлөөгүй ба шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр зам үлдээгүй болно. Иймд манай байгууллагын 14 026 005 төгрөгийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь зээлээ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлсөнгүй, шүүхэд ирж хариу тайлбар ч өгөөгүй, хуралдаа ч ирсэнгүй. Уг нь эвлэрэх талаар ярилцсан боловч хуралдаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч “М.Ш”ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Бид гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлэхгүй байсан учир 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үнэн. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байрладаггүй гээд бид эрэн сурвалжлуулж байж захирал Б.Бумхоролын хаягийг нь олж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8 118 780 төгрөг, гэрээний дагуу тооцсон хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч нь биднийг 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсанд тооцож, үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэсэн боловч гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 21-нд гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан, түүнээс гэрээг хугацаанаас өмнө цуцалсан асуудал биш. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “М.Ш”ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 57 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...“Молор шандас" ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хандсан ба тус шүүхээс 2017-11-21-ний өдөр “Молор шандас" ХХК-ийн захирал Б.Бумхоролыг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан юм. Түүнчлэн нэхэмжлэгч ““А” ББСБ” нь 2017 оны 10-р сард зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй ба энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дах хуудас, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох юм. Үүний дагуу хариуцагч “Молор шандас” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг ба энэ нь 2017 оны 10-р сараас 2018-05-02-ны өдөр хүртэлх нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс хүлээн зөвшөөрч маргадаг. Учир нь нэгэнт нэхэмжлэгч маргаан бүхий зээлийн гэрээг 2017-10-р сард цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Угтаа бол гэрээ цуцлагдсанаар гэрээний дагуу хэрэгжих хүсэл зоригийн хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргиин харилцаа шууд цаашаа дуусгавар болох иргэний эрх зүйн ойлголттой ба энэ нь иргэний хуулийн 221.3-т тусгалаа олсон байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хянах хэсэгтээ зохигчид зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд уг хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардан, 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байгаа нотолсон мөртлөө ИХ-н 453.1-т заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэж буй дээрх үйл баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл талуудын хоорондын зээлийн гэрээний үүргийн харилцаа 2017-10-р сард дуусгавар болсон тул хариуцагч “Молор шандас” XXК нь 2017-11-20-2018-05-02-ны өдөр хүртэлх зээлийн хүү /1 сарын хүү 276.038*6=1.656.228/ 1.656.228 төгрөгийн хүү төлөх үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч 2016-05-21-2016-11-07-ны өдрийн хооронд зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 984.537 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг мөн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж хуульчилсан ба талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа 2016-04-20-2017-04-21-ний өдөр хүртэл байна гэдэг нь хэрэгт авагдсан талуудын хоорондын зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байна. Угтаа бол иргэний хуулийн 452.2-т заасан Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэх хуулийн хугацаа нь зээлийг эргүүлэн төлөх үндсэн хугацаанд хамааралтай ойлголт ба дээрх маргаантай хэргийн тухайд бол хариуцагч зээлээ эргүүлэн төлөх хугацаа нь 2017-04-21 нь байна. Гэтэл нэхэмжлэгч энэхүү зээлээ эргүүлэн төлөх үндсэн хугацаа болоогүй байхад зээлдэгч зээлээ төлөөгүй гэж нэмэгдүүлсэн хүү тооцож буй нь иргэний хуулийн 452.2-т нийцээгүй ба мөн шүүх уг хуулийн хэм хэмжээг хэрэглэж нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч зээлийн тооцооллын талаар маргаагүй гэж шийдвэртээ дурдсан боловч хэрэгт авагдсан 2018-10-26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017-10-р сараас хойших хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тусгагдсанаас гадна, уг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлох үйл баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэрэг нотлох баримтыг үнэлж, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 640 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК, хариуцагч “М.Ш”ХХК-аас үндсэн зээл 8 118 780 төгрөг, зээлийн хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрсөн боловч 2017 оны 10 сард гэрээ цуцлагдсан тул үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй  гэж татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч талууд 2016 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 10 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй нөхцөлөөр шилжүүлсэн байна. Хариуцагч “М.Ш”ХХК үндсэн зээлд 4 401 356 төгрөг, хүүд 2 156 780 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 363 356 төгрөгийг төлжээ. /хх-7/

Хариуцагч нь гэрээний дагуу 12 345 102 төгрөгийг буцааж төлөх үүрэгтэй байна. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас 14 026 005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуульд нийцсэн гэж үзнэ.

Үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь шударгаар гүйцэтгэх ёстой байна.

“М.Ш”ХХК зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул “А” ББСБ ХХК 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэрээ цуцлах асуудал талуудын хооронд байдаг ба гэрээний нэг тал нөгөө талдаа мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон, зөвшөөрсөн эсэх үйлдэл байхгүй байхад гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлийн үүргийн хэмжээг багасгаж, 2 640 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА