Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1783

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01572 дугаар шийдвэртэй, А.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сард “Н” ХХК-ийн Номин моторс салбарт борлуулалтын менежерээр ажилд орж, 2015 оны 6 сараас байгууллага хамтын ажиллагааны хэлтсийн тендер үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Номин дистрибьюшн салбарт үндсэн ажлаа гүйцэтгэхээр шилжиж ажилласан. 2016 оны 4 дүгээр сард манай хэлтсийн ажилтнуудыг халж, намайг үлдээж Номин Дистрибьюшн салбарт очиж ажилла, гэхдээ өмнө гүйцэтгэж байсан буюу дээр дурдсан ажлуудаа гүйцэтгэж, харьяалагдах салбарын нэр л өөрчлөгдөж байгаа болохоос хийх ажил үүрэг болон цалинд өөрчлөлт орохгүй гэсэн саналыг гаргасан тул зөвшөөрч ажлын байрны шилжилт хөдөлгөөн гэж ойлгоод Номингийн Орбитод байрлах агуулах, худалдааны байранд ажилласан. Миний үндсэн цалин 1 132 000 төгрөг бөгөөд тендерийн борлуулалтын орлого орсон улирлын балансын дараах ашгийн 10 хувийг тендерт оролцсон ажилтнууд өөрсдийн гүйцэтгэсэн хувь хэмжээнд тохирсон бонус цалин авдаг. Гэтэл 2017 оны 5 дугаар сараас эхлээд миний цалинг бодохдоо гүйцэтгэлийн хэмжээг эрс бууруулж эхэлснийг анзаарч 7 сард салбарын захирал, ня-бо 2-той уулзаж ярилцахад, манай салбар шинээр байгуулагдсан болохоор санхүүгийн асуудал ихтэй тиймээс чамд тогтмол бус борлуулалтын төлөвлөгөө өгч сар болгоны орлогын хэмжээнээс хамааруулж цалин өгнө гэж ярихад нь би анх намайг салбар шилжүүлэхэд ийм зүйл сануулаагүй, миний үүрэг борлуулалтын менежер биш Тендер хариуцсан менежер, тендер гэдэг нь зарлагдсанаас хойш шалгараад орлого орж ирэх хүртэлээ дор хаяж 90 хоног шаарддаг, гэхдээ энэ орлого хамгийн багадаа 200 сая дээд тал нь 12 тэрбум төгрөгөөр тоологдох хэмжээнд байдаг гэхэд салбарын удирдлагууд тендерээ өөрөө л хариуцаад хийгээд яв, чамд сар болгон 50 сая төгрөгийн борлуулалтын төлөвлөгөө тавьсан, үүнийг хийж байж цалин авна гэж надтай харилцан тохиролцолгүй шууд цалинд өөрчлөлт оруулсан. Энэ нь борлуулалтын менежерийн системээр цалинжих, тендер хариуцсан менежер гэх ажил үүргийг гүйцэтгүүлсэн атлаа цалинг 2017 оны 5 дугаар сараас хойш дутуу өгч явсаар 7 дугаар сараас хойш үндсэндээ цалин аваагүй. Иймд амьдралын түвшин доройтож, өр зээлд орж, байрны лизинг төлөх байтугай өдөр тутмын хэрэгцээг хангахгүйд хүрч, ажлын байр 1 талдаа 18 км, гэртээ ирж очиход З6 км явдаг зэргээс улбаалан 10 дугаар сараас хойш ажлаа тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу очиж гүйцэтгэх боломжгүй болсон. Тендер хариуцсан менежерийн ажлын онцлог нь төр захиргааны байгуулагуудаас судалгаа авч бараа материал судлах, хаана, хэзээ ямар тендер зарлагдаж байгааг тогтмол хянаж байдаг учир утас, интернэт хайлт, танил талаа ашиглан хотын төвд ажиллаж ажлаа хийж ирсэн. Цалин авч чадахгүй байх хугацаандаа буюу 5 дугаар сараас хойш би ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэсний илрэл нь нийт 50 гаруй тендерийн судалгаа хийж, 8 тендерт оролцсон ба өндөр үнийн дүн бүхий 3 тендерт шалгарсан. Компанийн бусад салбар нэгжийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаварын дагуу уулз гэсэн хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, оч гэсэн газар нь очиж тендерийн зөвлөгөө өгөх, материал бүрдэлтийг шалгах, дутуу зүйлсийг бүрдүүлэн тендерт оролцуулдаг байсан.

Гэтэл ажил олгогч 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан, уг шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь байгууллага надад цалин хөлс олгох хуулиар тогтоосон болон Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэлгүй 7 сарын хугацаа өнгөрөөж, энэ хугацаанд би Тендер хариуцсан мэргэжилтний ажил үүргийг хийсээр ирсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзсэнд гомдолтой, манай гэр бүл болон намайг их хохироосон. Иймд урьд эрхэлж байсан. ”Н” ХХК-ийн Номин дистрибьюшн салбарын Тендер, үйл ажиллагаа хариуцсан менежерын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г нь хариуцагч “Н” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Номин Дистрибьюшн салбар, нэгжийн тендер, үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан. А.Г ажиллаж байх хугацаандаа 2017 онд нийт 550,6 цаг, 2018 оны 1 дүгээр сард нийт 138,73 цаг шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5.5 дахь хэсэгт Ажилтан дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлана гэж заасан буюу гэрээний 6.5.5.2-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан зөрчлийг гаргасан тул 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2-09/17 дугаартай тушаалд А.Гийн албан тушаалыг хүний нөөцийн ажилтан техникийн алдаа гарган буруу бичсэн. “Н” ХХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Номин Холдинг ХХК-ийн охин компани бөгөөд үүний дагуу тус компаниас гаргасан дүрэм, журмыг газар, хэлтэс, алба, салбар нэгжийн ажилтнууд дагаж мөрддөг. А.Г нь Цаг бүртгэлийн журмын 4.5 дахь хэсэгт зааснаар ажлын байранд байрлуулсан цаг бүртгэлийн машинаар ажилд ирсэн, явсан цагаа бүртгүүлэх, бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно гэсний дагуу хурууны хээгээ уншуулж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн чөлөөтэй, гадуур ажилласан тохиолдолд уг журмын 4.8 дахь хэсэгт зааснаар гадуур ажилласан хуудас дээр гарын үсэг зурж хүний нөөцийн менежерт 3 хоногт өгч бүртгэлийн программд оруулах ба 3 хоногоос хэтэрсэн шалтгааныг программ бүртгэх боломжгүй учир тасалсанд тооцдог журамтай. А.Гт сар бүрийн цалинг цагийн бүртгэлийн дагуу ажилласан цагт нь ногдуулан олгодог байсан. Нэхэмжлэлд үндсэн цалин 1 132 000 төгрөг бөгөөд тендерийн борлуулалтын орлого орсон улирлын балансын дараах ашгийн 10 хувийг тендерт оролцсон ажилтнууд гүйцэтгэсэн хувь хэмжээндээ тохирсон бонус цалин авдаг гэсэн нь үндэслэлгүй. “Н” ХХК-ийн Цалин хөлс тооцож олгох журмын 3.2-т Цалин хөлсийг салбараас баталгаажиж ирсэн ажилтны цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэл, удирдлагаас ирсэн үр дүнгийн үнэлгээнд суурилан тооцно гэсний дагуу олгосон. Ажилтанд бодогдсон цалинг “Н” ХХК-ийн дотоод сүлжээнд байрлах өөрийн эрхээр нэвтэрч хянах бүрэн эрхтэй бөгөөд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно. Хэрэв цалин хөлстэй холбоотой маргаан байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гийн хариуцагч “Н” ХХК-д холбогдох Номин дистрибьюшн салбарын Тендер, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК хуулиар хүлээсэн үүрэг, гэрээгээр харилцан тохиролцсон тохиролцоог зөрчиж миний цалин хөлсийг хэвийн олгохгүй байснаас би хотоос хол зайд байх ажлын байранд очиж хурууныхаа хээг бүртгүүлж чадахгүйд хүрсэн. Энэ талаар захирлуудад удаа дараа хэлсэн боловч ажлаа хийгээд явж бай, цалинг хэвийн олгоно гэсний дагуу тогтвортой ажиллаж, тендерүүдэд оролцож байсан ба нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн намайг ажлаа хийгээд тендерт оролцож байсантай хариуцагч маргаагүй. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ ажилдаа бүртгүүлэх журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн атлаа надад цалин хөлс олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой. Би үүрэгт ажлаа хийсэн ажил олгогч цалин олгох үүргээ биелүүлээгүй учраас би 20 км зайд очиж хуруугаа бүртгүүлэх үүргээ биелүүлж чадаагүй. Ажил тасалсан гэдэг нь тухайн өдрийн хийгдэх ёстой ажил хийгдээгүй байх үр дагаврыг үүсгэнэ, хуруугаа бүртгүүлээгүй нь “Н” ХХК-ийн тендерт оролцож ашиг олох ажиллагаа зогссон зүйл байхгүй энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн судлахгүйгээр зөвхөн нэг талын тайлбарт үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой  тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Номин дистрибьюшн” салбарын тендер, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл “Н” ХХК-ийн “Номин дистрибьюшн” захирлын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2-09/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Гийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх5/

 

Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон холбогдох бусад нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч А.Г 2018 оны 1 дүгээр сарын 10, мөн оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын байранд байгаагүй нь тухайн байгууллагын цагийн бүртгэлээр тогтоогдсон байна. /1хх182-184/

 

Талуудын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.5.5.2-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш хоног ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мөн гэрээний 6.5.5-д зааснаар тохиролцсон байна. /хх50-51/

 

Нэхэмжлэгч А.Г “ажил олгогч нь тохирсон цалин хөлсөө хугацаанд өгөөгүйгээс болж хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлээгүй боловч ажлын байранд 8 цаг суулгүйгээр гадуур өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байсан” гэж нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ тодорхойлж, үүнтэй холбоотойгоор тендерт оролцсон тухай баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч компанийг төлөөлөн тендерт оролцсон талаарх баримтуудыг, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалтай харьцуулан үзвэл цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 04/1830 албан тоот, “МИАТ” ХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 05/2452 албан тоот, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01/877 албан тоот, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 199 албан тоот, хариуцагч компанийн архивт хийсэн үзлэг зэргээс үзвэл нэхэмжлэгч А.Г нь тухайн компанийн төлөөлөн 2017 онд тендерийн үйл ажиллагаанд оролцсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2018 оны 1 дүгээр сард ямар нэгэн тендерт оролцож, ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй. /1хх202, 211, 216, 242, 2хх17/

 

Иймд нэхэмжлэгч А.Гийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.2-т зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамааруулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.Гийн хариуцагч “Н” ХХК-д холбогдох Номин дистрибьюшн салбарын Тендер, үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчээс “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн судлахгүйгээр зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА