Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 973

 

                                               

 

 

 

 

 

                                                Ц.Нд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр Ц.Ннд холбогдох эрүүгийн 201725021045 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дагчин овгийн Цэндсүрэнгийн Нн, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Ц.Нн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод хамт архи ууж байсан хохирогч Ч.Бтэй маргалдаж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа цохиж, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, уртавтар тархины гүүр хэсгийн цус харвалт, үхжилийн голомт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3-83 тоотод оршин суух иргэн Ч.Нын эзэмшлийн орон байранд нэвтэрч, 32 инчийн LED зурагт, хүүхдийн тэрэг, МNBC кабелийн хүлээн авагч, бүтэн хонины мах, орны бүтээлэг, халтар манан хөөрөг, хүүхдийн гутал 2 хос зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 5-43 тоотод оршин суух иргэн Л.Эийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, манан хөөрөг, “Acer” загварын зөөврийн компьютер, монетон ээмэг, бөгж, кулоны хослол, монетон кулон, хүзүүний сувдан зүүлт, бугуйн цаг, шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-42 тоотод оршин суух иргэн П.Лийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, усан болор чулуун бага гарын хөөрөг, 925 сорьцтой хос мөнгөн ээмэг, эрэгтэй хүний дээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш, эрэгтэй хүний хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 920.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 4.960.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад шаардлагатай зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэхээр байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ц.Н, амь хохирогч Ж.Бямбасүрэн нарыг хэрэлдэж, муудалцах үед хамт байсан гэрч С.Жаргалсайхан “...Ц.Нн нь амь хохирогч Ж.Бямбасүрэнг нэг удаа хацарт нь алгадаж, 2 удаа хөл рүү нь өшиглөсөн. ...Ц.Норовсүрэнг гарч явсны дараа амь хохирогч нь ил харагдах шарх гэмтэлгүй, хувцас нь урагдаагүй, хэвийн үргэлжүүлж архи ууж байсан. ...” гэж мэдүүлдэг ба гэтэл амь хохирогч Ж.Бямбасүрэнгийн цогцост “...зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх” гэмтлүүд учирсан, амь хохирогчийн өмсөж байсан хувцас буюу “малгайтай ногоон өнгийн цамцны урд 80 мм, 105 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинэ ханзралтууд гарсан, цамцанд талийгаачийн өөрийн цус илэрсэн” талаар шинжээч дүгнэсэн байна.

Мөн өмнө нь анхан шатны шүүх “Хэргийг прокурорт буцаах” шүүгчийн захирамждаа “...прокурор эд мөрийн баримтаар ирүүлсэн тоосгыг хэрэгт ач холбогдолгүй гэж тайлбарласан боловч “уг тоосго нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна” гэж тэмдэглэгдсэн...” хэмээн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах асуудлыг зааж байсан боловч энэ талаар ажиллагаа хийлгүй, тодруулбал, хэргийн газраас олдсон улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тоосгонд цус илэрсэн эсэх асуудлыг шалгалгүйгээр “хэрэгт ач холбогдолгүй” хэмээн эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг хүчингүй болгожээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвээс, хэрэв амь хохирогч Ж.Бямбасүрэн Ц.Норовсүрэнг гарч явсны дараа ил харагдах гэмтэл шархгүй, хувцас урагдалгүй, цусаар бохирлогдоогүй байсан бол түүний биед “зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх” гэмтэл ямар шалтгаанаас үүссэн, хувцас ямар учраас урагдаж, цусаар бохирлогдсон, хэрэв хэргийн газраас олдсон тоосго дээр цус илэрсэн тохиолдолд хохирогчийн цусны бүлэгтэй таарах эсэх, эсхүл өөр хүний цус эсэх, хохирогчийг тоосгоор цохисон байж болох эсэх зэрэг олон эргэлзээ бүхий байдлуудыг үүсгэж байна. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Норовсүрэнд холбогдох 201725021045 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2839 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмсөж явсан малгайтай ногоон өнгийн цамцанд шинэ ханзралт гарснаас бусад хувцаснуудад урагдал байхгүй байна. Харин гэрч С.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “нүүрэнд гэмтэл болон хувцсанд урагдалгүй” байсан гэж мэдүүлж байх боловч 2017 оны 5 дугаар сард анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...намайг харж байхад Норовсүрэн талийгаачийг хөл рүү нь 2 удаа өшиглөөд 1 удаа алгадаад авахаар нь би салгатал Н гарсан...” гэж мэдүүлсэн буюу Ц.Н нь талийгаачтай барьцалдаж, зууралдах явцад хувцсанд ханзралт үүссэн байх бүрэн боломжтой.

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 5784 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас бэхжүүлж авсан тоосгонд цус илэрсэн гэх боловч цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ болон Дезоксирибонуклейны хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд талийгаачийн хэвтэж байсан газрын яг хажууд тоосго байсан фото зураг, тухайн хэрэг учралын газарт орсон, гарсан бүх хүнийг гэрчээр асуусан буюу тоосгоор цохисон асуудал тогтоогдоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулсан, уруулд учирсан гэмтэл нь тоосгоор цохих үед үүсэх эсэх, өөрөө унах үед үүсэх эсэх, үхэлд хүргэсэн гэмтэл шарх учирсан үед амнаас цус гарах эсэх зэргийг асууж тодруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Учир нь амь хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Ц.Нгийн үйлдлээс болсон нь тогтоогдоогүй. Гэрч Жаргалсайханы мэдүүлэгт “хоёр шил архитай орсон, нэг шил архины талыг уугаад сууж байхад шүүгдэгч Ц.Нтэй маргаан үүсч, амь хохирогчийн хацранд нь алгадсан, хөл рүү нь өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл амь хохирогчийн биед зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Хохирогч согтуурлын хүнд зэрэгтэй байсан. Прокурор эсэргүүцэлдээ цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад шүүгдэгч Ц.Н нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй, бүрэн гүйцэт тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой. Зулгарсан гэмтэл нь тогтоогдож байгаа боловч хохирогчийг алгадах үед хана мөргөсөн, газар савж унасан зэрэг нөхцөл байдлууд байгаагүй. Хохирогч энэ үйл явдлаас хойш хоёр хоногийн дараа нас барсан. Гэрчүүд болох Оюунчимэг, Арвайбаатар нар мэдүүлэхдээ “зодоон болсон өдрийн дараагийн хоёр хоногт тэр айлд маш олон үйл явдлууд болж өрнөсөн” гэж мэдүүлснээс үзэхэд эргэлзээтэй зүйлс их байна. Хохирогчийн хувцсанд урагдалт байхаас гадна өөрийнх нь цус гарсан байгаа. Гэтэл Жаргалсайханы өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт “алгадахад цус гарсан, хувцас урагдсан зүйл ажиглагдаагүй” гэж мэдүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ц.Нд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүхийн “амь хохирогч Ж.Бямбасүрэн Ц.Нг гарч явсны дараа ил харагдах гэмтэл шархгүй, хувцас урагдалгүй, цусаар бохирлогдоогүй байсан бол түүний биед “зүүн духны хуйханд цус хуралт, баруун өвдөг, духанд зулгаралт, доод уруулын салстад язарсан шарх” гэмтэл ямар шалтгаанаас үүссэн, хувцас ямар учраас урагдаж, цусаар бохирлогдсон, хэрэв хэргийн газраас олдсон тоосго дээр цус илэрсэн тохиолдолд хохирогчийн цусны бүлэгтэй таарах эсэх, эсхүл өөр хүний цус эсэх, хохирогчийг тоосгоор цохисон байж болох эсэх зэрэг олон эргэлзээ бүхий байдлуудыг үүсгэж байна. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж хийвэл зохино.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл нь Ц.Н холбогдох эрүүгийн 201725021045 дугаартай, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 235А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. /3-р хх-ийн 60-67/ 

 

Шүүгдэгч Ц.Нд холбогдуулж, Л.Энх-Амгалангийн байшинд нэвтэрч 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 201725030684 дугаартай /2-р хх-ийн 38/, П.Лхамсүрэнгийн өвлийн сууцанд нэвтэрч 920.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 201725030695 дугаартай /2-р хх-ийн 69/ Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоолууд гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж хуульчилжээ.

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Нямбаяр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ц.Нд холбогдох 201625022054 дугаартай хэргийг 201725021045 дугаартай хэрэгт /2-р хх-ийн 9/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2  дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чинзориг 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ц.Норовсүрэнд холбогдох 201725030684 дугаартай хэрэгт 201725030694 дугаартай хэргийг /2-р хх-ийн 62, 68/ тус тус нэгтгэж шалгахаар тогтсон байна.

 

Харин Ц.Нгийн 201725021045 дугаартай хэрэгт хулгайн хэргийн зарим болох 201725030695, 201725030684 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн тухай баримт авагдаагүй байна.

Эдгээр хулгайн хэргүүдийг яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт нэгтгэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Ц.Нгийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Нд холбогдох хэргүүдийг нэгтгэх эсэх асуудлыг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж ирүүлэх нь зүйтэй гэж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.