Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00960

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 432 дугаар магадлалтай,

Б.Нгийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.Пүрэвдорж, Д.Төмөрбаатар, Б.Н нараас нийт 89 829789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 127 522 000 төгрөг гэж үнэлсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд хуучнаар 48.6 м.кв талбайг 92 м.кв талбайтай гэж дурдсан байх боловч ямар үндэслэлээр талбайг хэмжсэн болохыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний компанид орон сууцны талбайг хэмжих эрх бий эсэхийг тайланд тусгаагүй, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой бөгөөд тайлбарлаж өгөөгүй тохиолдолд хууль бус дүгнэлт болно. Мөн дүгнэлтэд газрын мэдээлэл байхгүй тул үнэлгээнд хамруулахгүй гэсэн утгатай зүйл бичжээ. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд 3 хүн гарын үсэг зурсан байхад 1 хүн нь тусгай зөвшөөрөлтэй, бусад этгээдэд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан талаарх баримтгүй учраас хараат бус мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзэж байна. Иймд НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.Пүрэвдорж, Д.Төмөрбаатар, Б.Н нараас нийт 89 829 789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГт даалгасан. Манай байгууллага энэхүү барьцаа хөрөнгийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад тэд хөрөнгийн үнэлгээг харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.Н маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 127 522 000 төгрөгөөс дээш үнэтэй гэдгийг нотлоогүй. Иймд манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 109 тоот хаягт байрлах Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/18451 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 432 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Нэг: Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...Хэдийгээр Б.Нгаас хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний үнэлгээг үл зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 127 522 000 төгрөгөөс илүү гэж маргаж байгаа тохиолдолд баримтаар нотлох ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт болон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба нэгэнт хараат бус, мэргэжлийн үнэлгээчний үнэлгээг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцэж байна...” гэжээ. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 18-р хороо 13 дугаар хороолол 14-р байр 109 тоот 48,6 м кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн “Хөрөнгө Эстимэйт”-ний хөрөнгийн үнэлгээний тайлан эргэлзээтэй хууль зөрчиж гарсан байна гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас давсан үйл баримтанд үндэслэн шийдвэр гаргасан үйлдэлд давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч магадлал гаргаагүй байна. “Х Э”ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд захирал Б.Бат-Энх, мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяа, үнэлгээчний туслах Б.Батзаяа нар тайлан бичсэн гэж гарын үсэг зурж хөрөнгийн үнэлгээг баталгаажуулан, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хөрөнгийн үнэлгээни тайланд гарын үсэг зурж баталгаажуулсан захирал Б.Бат-Энх, үнэлгээчний туслах Б.Батзаяа нарт шийдвэр гүйцэтгэгч Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргах заалтыг сануулалгүй үнэлгээг хийлгэсэн нь хөрөнгийн үнэлгээний тайлан өөрөө хууль зүйн үр дагавар үүсгэхгүй нөхцөл үүсгэсэн байна. Хоёр. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний хийлгэх шинжээч томилох 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 190 дүгээр тогтоолд 48м талбай бүхий орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр эаасан байдаг. “Хөрөнгө Эстимэйт” ХХК Баянзүрх дүүрэг 18-р хороо 13 дугаар хороолол 14-р байр 109 тоот 48,6 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлгээний тайлангийн тав дах хэсэг Үнэлгээний дүнг тодорхойлсон байдал хэсэгт барилгын талбайг 92 м кв, мөн зүйлийн жишиг үнийн арга гэсэн хэсэгт нийт 92 м.кв талбайтай, үнэлгээ хэсэгт 127 522 000 төгрөг гэж орон сууцны талбайн хэмжээг өөрчлөн хөрөнгийн үнэлгээг хийсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ 92 м.кв талбай гэсэн талбайн хэмжээг хаанаас ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй “Хөрөнгө Эстимэйт” ХХК орон сууцны талбай хэмжээг хэмжих тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нотлох баримт байхгүй, талбайн хэмжээг өөрчилсөн үндэслэл тодорхойгүй эргэлзээтэй хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчний үйлдэлд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан байна. Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03044 дүгээр шийдвэрээр Д.Пүрэвдорж, Д.Төмөрбаатар, Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 89 829 789.26 төгрөгийг гаргуулж Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 109 тоот хаягт байрлах Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1288 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00363 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

НШШГГ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгч Д.Төмөрбаатар, Д.Пүрэвдорж, Б.Н нарт 2018 оны 08 сарын 31-ний өдөр дуудлага худалдаанд оруулах орон сууцны үнийн талаар санал өгөх тухай мэдэгдэхэд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч нь хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх хүсэлт гаргасан нь тус тус тогтоогдсон буюу талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх  ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явуулжээ. Үнэлгээг “Х Э”ХХК гаргасан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захиралд эрх, үүргийг сануулсан байна. Тус компанийн мэргэжилтэн, туслах ажилтан зэрэг хүмүүс үнэлгээний тайлан гаргахад оролцсон нь эрхэлсэн ажил, чиг үүргийн дагуу тул эдгээр хүмүүст хууль сануулаагүй гэх гомдол үндэслэлгүй юм.

“Х Э”ХХК үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 127 522 000 төгрөгөөр тогтоохдоо орон сууцны ашигтай талбайн хэмжээг хуучнаар 48.6 м.кв, одоогийн баримталж буй стандартын дагуу хэмжиж үзэхэд 92.0 м.кв болохыг дүгнэсэн байна. Уг хэмжилтийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй бөгөөд үнэлгээ үндэслэл муутай болохыг баримтаар нотлоогүй байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03704 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 432 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА