Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 998

 

М.У-, Э.Ж-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Э.Ж-түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч М.У-, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.У-, Э.Ж-нарт холбогдох 1802003000164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н овгийн Э-ны Ж, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ................. хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” .................... .......ажилтай, ам бүл .., эхийн хамт ............................................................................................................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

2. Г овгийн М-ын У, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................................. төрсөн, .. настай, ....... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эх, ...., ...., ... настай ....... хамт ........................................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

Шүүгдэгч Э.Ж-2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7/3 тоотод байрлах, Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1988 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтсан героин гэх бодис 0.1397 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.У-д өгсөн,

Шүүгдэгч М.У- 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7-3 тоотод байрлах, Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Ж-М.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ж-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, М.У-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ж-г 3 жил хорих ялаар, М.У-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Э.Ж-М.У- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Э.Ж-М.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан гялгар уутанд хийсэн уутны хамт 0.1397 грамм, цайвар шаргал өнгийн нунтаг бодис, №7 гэж хаягласан ууттай, уутны хамт 0.2047 грамм цайвар өнгийн талстлаг бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгаж, Э.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тус тус хүлээлгэж, М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, М.У-д зан үйлээ засах үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус хүлээлгэж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж ойлгогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох талаар заасан бөгөөд Эрүүгийн хуульд оногдуулсан хорих ялыг тэнсэх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэхээр зохицуулагдсан байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг өөрчлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ж-тус шүүх хуралдаанд: “...Тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч М.У- тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ж-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл учруулаагүй, хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгч байсан, өндөр настай ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзаж хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа тул дээрх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хувьд Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг зөв ойлгох, хэрхэн хэрэглэх, ямар тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан зохицуулалтыг хэрэглэх, ял оногдуулж тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх хоёрын хоорондын ялгаа, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврын талаар буюу онолын асуудлын талаар бичсэн байна. Түүнээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийн асуудалд эсэргүүцэл бичээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Э.Ж-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Ж-г биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1988 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтсан героин гэх бодис 0.1397 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.У-д өгсөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.У-ыг биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Ж-М.У- нарыг гэм буруутайд тооцож, Э.Ж-г 3 жил, М.У-ыг 2 жил тус тус хорих ял оногдуулж, Э.Ж-д оногдуулсан 3 жил хорих ялыг 5 жилийн хугацаагаар тэнсэж, М.У-д оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж “Тэнсэх” эрүүгийн хариуцлагыг маш тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх “...Э.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэж...” шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд улсын яллагчийн “...Э.Ж-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг өөрчлүүлэхээр...” бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэхдээ анхан шатны шүүх Э.Ж-д эрүүгийн хариуцлага сонгон оногдуулах дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох “... “героин” гэсэн мансууруулах бодисыг өөртөө хадгалж байсан, “метамфетамин” гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авч, бусдад хэрэглүүлж, түгээж байгаа...” нөхцөл байдал болон түүний “Мансууруулах бодисыг олж авч хадгалсан”, “Мансууруулах бодисыг бусдад өгсөн...” гэсэн хоёр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж болж байгаа зэргийг харгалзалгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Э.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй ял оногдуулснаас гадна шүүхийн шийдвэр утга агуулгын хувьд өөр хоорондоо харилцан бие биеэ үгүйсгэсэн шинжтэй гарчээ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

“Тэнсэх” нь ял биш /Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйл/ тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;…” шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гарах хууль зүйн боломжгүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ж-М.У- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.Ж-М.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж  үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                               

                                                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

Д.ОЧМАНДАХ