Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн “Э” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Б-ийн нэхэмжлэлтэй;

            Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох;

            Нэхэмжлэлийн шаардлага:  

1. “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Хөвсгөл аймгийн “Э” НҮТББ-аас иргэн П.Б газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг /хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”;

2. “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”;

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага  бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие нь Хөвсгөл  аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д 1989 оноос хоршоо байхаас нь эхлэн төрийн бус байгууллага хэлбэрээр зохион байгуулагдахад үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Улмаар гүйцэтгэх захирал нас барж зарим удирдах зөвлөлийн гишүүд үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй болсон шалтгаанаар удирдах зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулж, гүйцэтгэх захиралаар М.Дийг, удирдах зөвлөлийн даргаар А.Б намайг сонгож, 2018 оны 09 сарын 12-ны өдрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлд  бүртгэж баталгаажуулсан юм. Үүнээс хойш тус байгууллагынхаа хувийн хэрэгтэй танилцах, байгууллагаа төлөөлөн гомдол гаргах боломж үүсч хувийн хэрэгтэйгээ танилцахад манай байгууллагын эзэмшлийн 6363 м.кв газраас иргэн П.Б-ий эзэмшилд 3150 м.кв газрыг шилжүүлж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжаар 3213 м.кв болгон багасгасан байхыг мэдэж  Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “Хөвсгөл аймгийн “Э” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин  “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг буюу /Хөвсгөл аймгийн “Э” НҮТББ-аас иргэн П.Б-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг/ хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилсөн. Манай байгууллагаас доорх иргэдэд газар эзэмших эрхээ шилжүүлэх талаар ямар ч шийдвэр гаргаагүй бөгөөд ийнхүү эрх шилжүүлэх талаар ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй учир хууль, дүрэм зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрүүдийн хууль бус үр дагавруудыг арилгах зорилгоор өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шинээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд:

1. Миний бие байгууллагаа төлөөлөн гаргасан үндсэн нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 238 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг /"Э" НҮТББ-с  иргэн П.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг/ хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэгт цугласан баримтаас харахад П.Б-д газар эзэмшүүлсэн энэхүү захирамж иргэн Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлэх үед хүчингүй болсон байна. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 238 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Б-д шилжүүлсэн хэсгийг/ хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

2. Мөн хэрэгт авагдсан баримтаас Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжаар иргэн П.Б-ээс Н.Б-д манай эрх ашигтай хамааралтай газрын эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсний дараа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар иргэн Н.Б-ийн газар эзэмших эрх иргэн Л.Ч-д Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар шилжиж Н.Б-д газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Н.Б-д хамаарах хэсэг хүчингүй болсон байна. Иймд өөрийн байгууллагын эрх ашигт хамаарах хэсэг болох Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамж Н.Б-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас харахад манай эрх ашигт хамаарах маргаан бүхий газрын эзэмших эрх нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар Н.Б-өөс Л.Ч-д шилжиж одоо хүчин хүчин төгөлдөр захирамж үйлчилж байна. Иймд энэхүү захирамжийн Л.Ч-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Улсын бүртгэлийн хэлтэст холбогдож гарч байсан юм. Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны гишүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалах үед удирдах зөвлөлийн дарга Б.Л нь нас барсан байсан. Ингээд байгууллагын тамга, тэмдэг, гэрчилгээ нь Б.Л даргын эхнэр Г.Ц-д үлдсэн байдаг. Гишүүд байгууллагын тамга, тэмдэг, гэрчилгээг Г.Ц-аас авах гэтэл алга болсон гээд өгөөгүй байдаг. Хоршоодын холбооны гишүүд нь холбогдох газарт хандаж лавлаж асуухад Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо нь улсад бүртгэлтэй, татан буугдаагүй байсан. Ингээд талийгаач даргын эхнэр Г.Ц-аас татан буугдаагүй учраас гэрээ гэрчилгээ, тамга, тэмдэгийг авах гэтэл үрэгдэж алга болсон гэж тайлбарлаж хэлсэн ба холбогдох байгууллагад нь хандан зарлуулж,  баримтуудыг нь бүрдүүлж өгснөөр тамга, тэмдэг, гэрчилгээг дахин шинээр гаргуулж авсан. Талууд шинээр байгуулагдсан мэтээр буруугаар ойлгож яваад байгаа юм. Энэ төрийн бус байгууллага нь маш олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд талийгаач Б.Л дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж байгууллагын газрын асуудал дээр алдаа гаргасан. Б.Л гэдэг хүний нэр дээр газар байхгүй, харин хоршооны нэрэн дээр газар байгаа. Б.Л-ийн хүсэлтээр газар шилжүүлж байгаа нь мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа юм. Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны асуудал дээр Б.Л-ийн эхнэр Г.Ц нь маш их гомдол гаргаж байсан учраас энэ асуудал шийдэгдэхгүй маш удсан юм. Г.Ц нь өөрийгөө хоршооны гишүүнч гэж үзсэн, өмчлөгч болж үзсэн, тамга, тэмдэг, гэрчилгээг хулгайд алдсан гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Энэ бүх асуудал бүгд шийдвэрлэгдсэн гэдгийг шүүх мэдэж байгаа. Б.Л, М.Д нар нь нас барсан учраас хоршоодын холбоо нь тэргүүлэгч гишүүн болон удирдах зөвлөлийн гишүүнээ сонгох хэрэгтээ болж гишүүдээ цуглуулж хурлаа хийсэн. Тэгтэл удирдах зөвлөлийн хоёр гишүүн нь удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзсан байдаг. Ингээд гишүүдийг нөхөн сонгож, гүйцэтгэх захирлаар П.Б гэдэг хүнийг томилоод Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны зөрчигдсөн эрх ашгийн дагуу явж байгаа юм. Ямар нэгэн байдлаар энэ хоршооны тамга, тэмдэг, гэрчилгээтэй холбоотой асуудалд халдаж эрх ашиг нь зөрчигдөж байгаа учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Миний ойлголтоор тухайн газар нь Б.Л-ээс П.Б, П.Б-ээс Н.Б-д, Н.Б-өөс Л.Ч-д шилжсэн байгаа юм. П.Б-ээс Н.Б-д шилжсэн захирамж нь хүчингүй болсон тул хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2012 оны аймгийн Засаг даргын А/238 дугаартай захирамж байна. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаартай захирамж байдаг. Энэ захирамж нь хүчингүй болсон учраас хууль бус байж гэж тогтоолгох шаардлагатай гэж үзсэн. Дараа нь Н.Б-өөс Л.Ч-д тухайн газар шилжиж байгаа юм. Энэ нь анхнаасаа хууль бус байсан учраас бүгд хууль бус юм. Тийм учраас Л.Ч-д шилжсэн захирамжийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргасан. Тухайн хоршоо нь 6000 орчим метр квадрат газартай байсан байдаг. Үүнээс Б.Л нь өөртөө ч авсан, бусдад зарахаач зарсан. Одоо тухайн хоршоо байгаад байхад тухайн хоршоодын гишүүд эрхээ эдэлж чадахгүй болоод байгаа юм. Тухайн хоршооны удирдах зөвлөлийн дарга А.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн нь ийм үндэслэлтэй юм. П.Б нь тухайн газрыг авахгүй гээд байхад Н.Б-д шилжүүлээд, Н.Б-өөс Л.Ч-д шилжүүлсэн. Энэ нь болохоор аймгийн Засаг дарга ашиг сонирхолын зөрчилтэй зүйлийг гаргаж байсан гэж харагдахаар байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны тухайн үеийн дарга асан Б.Л-ийн гарын үсэгтэй 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот албан бичигт “Хоршоодын холбооны эзэмшлийн газарт байгаа хувийн агуулах гражийг зарсан тул уг эзэмшил газраас урт нь 63, өргөн нь 50 метр буюу 3150 м2 газрыг иргэн П.Б-д шилжүүлнэ үү” гэсэн хүсэлтийн дагуу 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжаар газрыг хуваан шилжүүлсэн. Энэ нь газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэсэн болно. Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн холбооны дарга асан Б.Л-г нас барсны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр удирдах зөвлөлийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2018 онд байгуулагдсан удирдах зөвлөлд мэдэгдэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж гарсан, Хөвсгөл аймгийн худалдаа эд хэрэглэгчдийн хоршоо 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэлд дурьдсан байна. Иймд иргэн А.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2012 онд Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дарга Б.Л гэсэн гарын үсэг, тамга, тэмдэг, бланктай өөрийн эзэмшлийн газраас 3150 метр квадрат газрыг бусдад шилжүүлэх тухай албан тоот буюу хүсэлт ирүүлсэн. Газар шилжүүлж авч байгаа иргэн буюу П.Б гэдэг хүнээс мөн хүсэлт ирсэн байдаг. Ингээд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч эрх нь шилжсэн ба гэрээ гэрчилгээ бичих үед хоорондоо тохиролцоогүйн улмаас энэ газраа өөр хүний нэр дээр шилжүүлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Тэгээд П.Б-ээс Н.Б-д, Н.Б-өөс Л.Ч-д гээд тухайн газар шилжсэн байгаа. Энэ газар шилжүүлэх процесс нь өөрөө Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд явагдсан. Би нэхэмжлэгч талыг хариуцагч талаа буруу сонгож нэхэмжлэл шүүхэд гаргасан байна гэж үзэж байна. Яагаад гэхээр Б.Л гэдэг хүн манай байгууллагад 2012 онд хүсэлтэй өгсөн ба энэ хүний хийсэн үйлдэл болохоос биш, аймгийн Засаг дарга хууль зөрчиж эрх шилжүүлсэн гэж үзэхгүй. Тухайн үед Б.Л гэдэг хүнийг  Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоог бүрэн төлөөлж байна гэж ойлгож эрх шилжүүлсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гуравдагч этгээд П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Б нь иргэн Б.Л-ээс уг газрыг худалдан авахаар тохиролцож байсан боловч санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан авахгүй болсноо бичгээр тайлбар гарган өгсөн нь Б.Л-ийн бичиг баримт дотор эх хувиараа байгаа. Энэ газрыг авсан захирамж миний нэр дээр гарсаныг огт мэдэхгүй байсан. Миний нэр газрын кадастр гэрчилгээ гарч байгаагүй. Н.Б гэдэг хүнд шилжүүлсэн асуудлыг огт мэдэхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөрөн сумын иргэн Н.Б би иргэн П.Б-ээс хууль ёсны дагуу газар шилжүүлж авсан. Мөн энэ газрыг иргэн Л.Ч-д хууль зүйн дагуу шилжүүлж өгсөн байх тул иргэн А.Б-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд  Л.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар энэ газрыг иргэн Н.Б-с Л.Ч-д шилжүүлжээ. Дээрх газрыг А.Б нарын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Л.Ч-д олгосон хууль ёсны эзэмшлийн газар болох аймгийн Засаг даргын захирамжуудаар батлагдаж байна. ... А.Б-ийн нэхэмжлэлд дурьдсанаар дээрхи аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийг огт мэдэхгүй, 2018 оны 9 дүгээр сараас хойш олж мэдсэн гэдэг нь үндэслэлгүй, А.Б нар нь Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд 1989 оноос хоршоо байхаас нь 1990 онд төрийн бус байгууллагын хэлбэрээр тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэгдэн зохион байгуулагдахад тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан болох нь 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, удирдах зөвлөлийн гишүүдийн анкет бүртгэл, хурлын тэмдэглэлээр батлагдаж байна. ... Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооноос 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт, газар эзэмшиж, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн 743 дугаартай гэрээ, 1998 оны 6 сарын 8-ны өдрийн 1018337 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт материалуудыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд түүний улмаас 2018 онд үүсгэн байгуулагдсан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо НҮТББ-ын ашиг сонирхол зөрчигдсөн гэж үндэслэлгүйгээр нэхэмжилж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ач холбогдолтой үнэн зөв нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Л-ийн Ч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Н.Т бид нар тайлбар гаргав” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн Ч, Б нарын төлөөлөгч, өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэл дээр 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын А/238 дугаар захирамжид заасан Бат-Эрдэнэд шилжүүлсэн хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, П.Б-ээс Н.Б газар шилжүүлсэн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын А/256 дугаартай захирамж хууль бус байсныг тогтоолгох, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын А/289 дүгээр захирамжийн өөрийн эрхэд хамаарах сөрөг нөлөө бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэ нэхэмжилж байгаа зүйлүүд болох гуравдагч этгээд нарт холбогдох аймгийн Засаг даргын захирамж болон газрын албанаас гаргасан бүх нотлох баримтуудыг хууль бус байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Ийм учраас гуравдагч этгээд болох Н.Б, Л.Ч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Л агсны хууль бус үйл ажиллагаанаас гээд шаардлагаа бичиж байгаа юм. Энэ хүмүүс энэ газрыг хууль бусаар аваад дамжуулаад ийм асуудал тарьсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “Хөвсгөл аймгийн “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд  гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн, шүүхээс холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгчээс:

  1. “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Хөвсгөл аймгийн “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-аас иргэн П.Бат-Эрдэнэд газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг/ хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”,

2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”

 3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн А/2289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.  Үүнд:

             Хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

Хууль зүйн яамны 1998 оны 06 сарын 09-ний өдөр дарга Б.Л-ийн өргөдөл, материалыг хянан хэлэлцээд Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ыг Улсын бүртгэлд бүртгэж, №783, Регистр №1018337 дугаар бүхий гэрчилгээ олгосон байна. /ХХ-93 дахь тал/.

“Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-д  Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаар шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 210700235  дугаар бүхий 5600 м2 газрыг 40 жилийн хугацаатай контор, үйлчилгээний зориулалтаар 0113268 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгож, мөн өдрөө дарга Б.Л-тэй  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /ХХ-92 дахь талын арын хуудас, 65 дахь тал/

“Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын дарга 2012 оны 07 сарын 19-ний өдрийн 20 дугаар албан бичгээр “... агуулах, гражийг зарсан тул эзэмшил газраас урт 63 м, өргөн 50 м газрыг иргэн П.Б-д шилжүүлсэн газрыг түүний нэр дээр эзэмшүүлж өгнө үү ... “ гэсэн утга бүхий хүсэлтийг Газрын харилцаа, геодизи барилга, хот байгуулалтын албанд гаргаснаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц-ын 2012 оны 08 сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжаар “... иргэн П.Б-ийн болон Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлж, 2012 оны 09 сарын 19-ний өдрийн  “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0297780 дугаар гэрчилгээгээр үлдсэн 3213 м2 газрыг 33 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож, Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын дарга Б.Л-тэй газар эзэмших гэрээ байгуулжээ. /ХХ-н 80-81 дэх тал/

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц-ын 2012 оны 09 сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжаар “... иргэн П.Б-ээс “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-аас агуулах, гражийг худалдан авах эдийн засгийн боломжгүй болсон учраас Н.Б-д газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн үйлчилгээний зориулалтаар 3150 м2 газрыг 33 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна. /ХХ-н 167 дахь тал/

Улмаар Н.Б-өөс мөн хүсэлт гаргаснаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц-ын  2012 оны 10 сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар “... иргэн Н.Б-өөс иргэн Л.Ч-д газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн  үйлчилгээний зориулалтаар 3150 м2 газрыг 33 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна. /ХХ-н166 дахь тал/

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. “Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан нь дээр дурьдсан Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын дарга Б.Л-ийн хүсэлт, мөн эрх шилжүүлэн авсан нэр бүхий иргэдийн хооронд  маргаан бүхий газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшихээр шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгчээс: “... дарга Б.Л нь хууль дүрэм зөрчиж, байгууллагын газрыг бусдад шилжүүлсэн нь хууль бус, бид компани тарахад өмч аваагүй тул газраа эзэмшихийг хүсч байна ” хэмээн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймээс  “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдлагын буруутай үйл ажиллагаа” хэмээн үзэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчийг буруутгах боломжгүй, тухайн үед  хариуцагчаас гаргасан бусдад буюу гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрүүд нь хууль бус болох  нь тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан тул уг маргаан бүхий газрыг  өмчлөгч нь төрийн  эрх бүхий  байгууллага юм.

 Тухайн үед буюу Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын /1998 оны/ дүрмийн ГУРАВ-ын 7-д “... Холбооны дарга нь холбооны нэрийн өмнөөс ... харилцаж гэрээ байгуулах” гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “... өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаар зөвхөн гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болохыг”  заажээ.  Иймд Тухайн үед буюу Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын дарга Б.Л-ийн хүсэлтийг үндэслэн бусдад газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... аймгийн Засаг дарга Л.Г-д нь төрсөн дүү Л.Ч-д газрыг өгсөн” хэмээн тайлбарлах авч тухайн үед аймгийн Засаг дарга Л.Ц-ын шийдвэрээр гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхээр  шийдвэрлэгдэж байжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “...  А.Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд мөн” гэх тайлбарын тухайд:  Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” ТББ-ын /1998 оны/ дүрмийн Гурав-т зааснаар “ хоршоодын холбоо нь 18 хоршоо, 1 компаний гишүүнчлэлтэй, дарга нар нь бага хуралд оролцож... дүрмээ өөрчлөх, тэргүүлэгчид болон удирдах зөвлөлөө сонгох, хоршооны холбооны тайлан хэлэлцэх, даргаа сонгох, чөлөөлөх... эрхийг тусгасан байхад зөвхөн нэр бүхий тэргүүлэгчид  2018 оны 08 сарын 08-ны өдөр хуралдаж ... удирдах зөвлөлийн даргаар А.Б-г ... сонгож, Б.Л-г /нас барсан учир/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  нь өөрийн байгууллагын дүрмийг зөрчсөн байх боловч, 2018 оны 09 сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ гэж бүртгүүлсэн хүчин төгөлдөр бүртгэл байх тул түүнийг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй учраас А.Б-г байгууллагаа шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж үзсэн болно. /ХХ-н 5 дахь тал/

Газрын тухай хуульд зааснаар өмчлөгч нь эрх бүхий төрийн байгууллага тул газрыг өмчлөх асуудал нь тухайн байгууллагын дүрмээр болон хуулиар  Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-д эрх олгогдоогүй түүнчлэн  нэхэмжлэгч нь өмнө байсан байгууллагынхаа даргын үйл ажиллагааг буруутган, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

 Харин Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ нь өмч хөрөнгийг хуулийн дагуу захиран зарцуулах эрхтэй ба өмчийн эрхээ Иргэний хуулийн 145 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхээр өмнөх дүрмэндээ тусгасан байх бөгөөд сүүлд шинэчилсэн дүрмэндээ энэ талаар зохицуулалт тусгаагүй байна. Иймд уг байгууллагын гишүүд өмч хөрөнгийн маргаанаа иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхэд нь энэхүү шийдвэр саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12  дугаар зүйлийн 2-ын 1-д заасныг  тус тус үндэслэн нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Б-аас гаргасан  “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг /Хөвсгөл аймгийн “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо” НҮТББ-аас иргэн П.Б-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг /хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”,  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт  хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭНХТАЙВАН