Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 80

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ,

Гэрч Л.Отгонбаяр,

Шүүгдэгч Б.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар (ҮД:1800) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бургууд овогт Батдоржийн Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1021 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Бургууд овогт Батдоржийн Түвшинжаргал, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Байгалийн ухааны салбарын 1-р дамжааны оюутан, ам бүл 9, эцэг, эх, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Тээвэрчдийн 12-01 тоотод оршин суудаг, ПБ96060179 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

            Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Түвшинжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, И-Г-М цахим тоглоомын газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж хохирогч Б.Мөнх-Эрдэнийг зүй ёсны шаардлага тавихад нь үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодод нь зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, И-Г-М цахим тоглоомын газарт тус тоглоомын газрыг ажиллуулж байсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Түвшинжаргалтай Б.Энхболд гэгчийн 20.000 (хорин мянга) төгрөгийг түүнд өгсөн, өгөөгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч Б.Түвшинжаргалыг бие засах өрөө рүү дагуулан орж, улмаар тэд харилцан зодолдож, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн бие махбодод зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

           Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Б.Түвшинжаргал: Энэ хэрэг нь 20.000 төгрөгөөс болсон. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчтой маргалдахаас хэд хоногийн өмнө тухайн интернэт тоглоомын газар Энхболд гэх найзтайгаа орсон. Энхболд бид хоёр хоорондоо тоглосон. Тэгээд би түрүүвчнээс нь 20.000 төгрөг тоглоомоор авсан. Удалгүй би мөнгийг нь өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тухайн тоглоомын газар дахин орж ирсэн. Тухайн тоглоомын газар ороход хохирогч Мөнх-Эрдэнэ намайг дуудсан тэгээд би очиход хохирогч Мөнх-Эрдэнэ, Энхболд чамайг надад мөнгө өгсөн гээд байна, чи юу яриад байгаа юм бэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Мөөгий ахаа би тэгж хэлээгүй ш дээ гэж хэлэхэд чи муу хулгайч минь, юу яриад байгаа юм бэ, гарч зайлаач гэж надад хэлсэн. Удалгүй хохирогч Мөнх-Эрдэнэ над руу хүрч ирээд миний цамцны араас бариад 00 өрөө дагуулж орсон. 00 өрөө рүү ороход хохирогч Мөнх-Эрдэнэ намайг мөргөөд ахын дүү чи намайг амжихгүй шүү гээд боосон. Тэгээд миний толгой эргэсэн, гарыг нь сугалж авах гэж оролдсон. Гарыг нь сугалж авсны дараа намайг үсдээд авсан. Би болиулах гэсэн боловч цамцны араас бариад дахин намайг боосон. Би цамцаа сугалаад авсан. Тэр үед гаднаас гэрч Отгонбаяр орж ирсэн. Отгонбаяр орж ирээд миний араас болиоч ээ гээд татсан. Татах үед халтираад өвдөгөө өргөтөл хохирогч Мөнх-Эрдэнийг өвдөглөсөн. Тэгээд хохирогчийн хамарнаас цус гарсан бөгөөд бид цуг эмнэлэг ороод хамарыг нь 80.000 төгрөгөөр эмчлүүлсэн гэв.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ: 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тухайн хэрэг маргаан болсон. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Түвшинжаргал, Энхболд хоёр миний ажилладаг интернэт тоглоомын газар орж ирсэн. Энхболд тооцоо хийж байх үед Түвшинжаргал нь Энхболдын түрийвчнээс 20.000 төгрөг авсан байсан. Гэхдээ би түүнийг нь хараагүй. Энхболд, Түвшинжаргал хоёр 5 цаг тоглоод гарч явсан бөгөөд Энхболд буцаж ирээд миний түрийвчнээс 20.000 төгрөг алга болсон байна, та камер шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд камер хартал Түвшинжаргал, Энхболдын түрийвчнээс 20.000 төгрөг авж байгаа нь харагдсан. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ байх үед Энхболд хүрч ирээд Түвшинжаргал танд 20.000 төгрөг өгсөн юм уу гэж асуухаар нь би үгүй гэж хариулсан. Харин маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Түвшинжаргалыг орж ирэхэд нь чи яагаад надад мөнгө өгсөн гэж Энхболдод худлаа хэлсэн юм бэ, өөрсдөө учраа олохгүй над руу түлхлээ гэж хэлтэл Түвшинжаргал амандаа маш олон удаа зайл гэж хэлэхээр нь би зөрүүлээд чи өөрөө зайл гэж хэлсэн. Би ажил дээрээ байж байгаад зайл гэж хэлүүлсэндээ уур хүрсэн. Тэгээд би Түвшинжаргалыг гар гээд түүний үүрсэн цүнхний бариулаас нь бариад чирээд хаалга руу явтал, Түвшинжаргал бие засах өрөө рүү орсон бөгөөд би ч бас дагаад орсон юм. Тэгтэл Түвшинжаргал цүнхээ тайлж цонхны тавцан дээр тавиад эргэж хараад зодолдох гэж байгаа юм шиг над руу тулаад ирсэн. Би надтай зодолдох гээд байгаа юм байх гэж бодсон. Тэгээд намайг цохиж, зодолдох гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн учир би түүнийг заамдсан. Харин Түвшинжаргал намайг цохисон. Тэр үед би манарсан бөгөөд үргэлжлүүлэн намайг 2 удаа өвдөглөсөн гэж бодож байна. Эхний удаа өвдөглөснийг нь санахгүй байна, 2 дахь удаа өвдөглөөд өвдгөө татахыг нь харсан. Тэгээд цус гарсан байсан болохоор цусаа арчаад толинд харахад хамар хажуу тал дээрээ гарсан байсан. Тэгээд бид хоёр салсан бөгөөд энэ үед хүмүүс орж ирсэн байсан юм. Гэмтлийн эмнэлэг рүү хамар янзлуулах гэж явахдаа Түвшинжаргалтай хамт явсан бөгөөд тэр үед эмчилгээний 80.000 төгрөгийг төлсөн. Тэгээд дараа нь 500.000 төгрөгийг цувуулж өгсөн гэв.

Гэрч Л.Отгонбаяр: 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, И-Г-М цахим тоглоомын газарт ажлаа хийгээд сууж байх үед бие засах газрын үүдэнд хүмүүс цугларсан бөгөөд нэгэн үйлчлүүлэгч бие засах өрөөнд зодоон болж байгаа талаа хэлсэн. Намайг бие засах газарт очтол Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан байсан бөгөөд түүний зодсон гэх залуу хажууд нь зогсож байсан. Намайг очих үед зодоон дууссан байсан. Мөн тэд дахин зодолдоогүй, харин тэд хамт цагдаа руу явсан бөгөөд би ажил дээрээ үлдсэн гэв. 

           Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1021 дугаартай хэргээс)

           Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2016 оны 3 дугаар сарын дундуур манай тоглоомын газарт нэг залуу үйлчлүүлээд гарахдаа 20.000 төгрөгөө алдчихсан гэхээр нь би камер шүүж үзэж байгаад Түвшинжаргал гэх хүн мөнгийг нь авч байгааг бичлэгээс харж мэдсэн юм. Ингээд мөнгөө алдсан залуу болон мөнгө авсан Түвшинжаргал хоёр манай тоглоомын газарт орж ирж таараад уулзаад хоёулаа өөрсдөө учраа олно гээд явцгаасан. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг тоглоомын газартаа байхад нөгөөх 20.000 төгрөгөө алдсан залуу орж ирээд Түвшинжаргал надаас авсан мөнгөө танд өгсөн юм уу гэхээр нь үгүй надад өгөөгүй гэхэд танд өгсөн гэж хэлсэн гээд явсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Түвшинжаргал манай тоглоомын газарт орж ирэхээр нь би түүнд чи яагаад надад мөнгө өгсөн гэж худлаа яриад байгаа юм гэхэд үгүй би өгсөн гэж хэлээгүй гэхээр нь тэгвэл яахаараа танд өгсөн гэж надаас мөнгө асуугаад яваад байдаг юм гэхэд амандаа зайл гэж хэлээд байхаар нь чи яагаад гардаггүй юм гээд энгэрээс нь заамдаад автал миний гарыг түлхэж тавиулаад зүүн хөмсөгний орчимд гараараа нэг удаа цохиод доошоо тонгойход өвдгөөрөө өвдөглөчихсөн. Толгой манараад хамраас цус гараад би дээшээ өндийгөөд толинд нүүрээ хартал хамаас цус гарч байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),

           Гэрч Л.Отгонбаярын өгсөн: ...манай тоглоомын газарт орж ирээд тоглож байсан нэг баньд тэнд Мөөгий ах (Мөнх-Эрдэнэ)-тай маргалдаад байна гэхээр нь би тэр үед чихэвч зүүчихсэн байсан болохоор за гэж хэлчихээд босоод хартал Мөнх-Эрдэнэ ах байхгүй байхаар нь 00-ийн өрөө рүү ортол 00 өрөөний голд Мөнх-Эрдэнэ ах доошоо тонгойгоод хамраа дараад суучихсан шалан дээгүүр бөөн цус болчихсон, Түвшинжаргал гэх баньд дээгүүрээ нүцгэн байдалтай 00-ийн өрөөний цонх налчихсан зогсож байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас),

           Гэрч Б.Энхболдын өгсөн: ...Түвшинжаргал гэх миний танил баньд авсан бичлэг байхаар нь би дараа нь түүнтэй уулзаад чи яагаад миний мөнгөнөөс 20.000 төгрөг авч байгаа юм гэхэд найз нь дараа нь өгчихнө гэж хэлсэн боловч өгөхгүй хэд хоносон байсан болохоор би нэг өдөр E-CAME компьютер тоглоомын газарт орохдоо Мөнх-Эрдэнээс Түвшинжаргал чамд 20.000 төгрөг өгсөн үү гэж асуухад өгөөгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4  дүгээр сарын 14-ний өдрийн №5058 дугаартай шинжээчийн

1. Мөнх-Эрдэнийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн этмойд хөндийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Амь насанд аюултай гэмтлүүд болно.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн: Мөнх-Эрдэнэд учруулсан дээрх гэмтлийг би учруулсан нь үнэн. Намайг хананд шахаж боогоод зодохоор нь би хариу үйлдэл хийсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх            (хх-ийн 35-39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

           Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул  түүнийг яллах үндэслэл болголоо.

           Хууль зүйн дүгнэлтийн талаар:

           Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж шүүх үзлээ. Учир нь шүүгдэгчийн үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг агуулаагүй байна. Тодруулбал, Б.Түвшинжаргал нь интернэт кафед орж ирээд хэнтэй ч маргаан үүсгээгүй байхад хохирогч Б.Мөнх-Эрдэнэ өөрт төдийлөн хамааралгүй асуудлаар Б.Түвшинжаргалтай харилцаж, маргааныг эхлүүлсэн. Улмаар шүүгдэгч Б.Түвшинжаргалыг бие засах газар руу хохирогч өөрөө дагуулж явсан. Мөн хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь эхэлж шүүгдэгч Б.Түвшинжаргалыг заамдсан бөгөөд шүүгдэгч Б.Түвшинжаргал хариу цохих, өвдөглөх үед хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл учирсан үйл баримт нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Түвшинжаргалыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.Түвшинжаргал нь бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй, хохирогч гомдолтой гэх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Яллах дүгнэлтийн хавсралтад 1.460.600 төгрөгийн хохирол учирсан хэмээн тодорхойлсон боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 1.406.600 төгрөг болж байх тул энэ талаар хохирогчоос тодруулж, нэхэмжлэлийн үнийн дүнг 1.406.600 төгрөг болгон зөвтгөв.

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь хохирол төлбөрт баримтаар нийт 1.406.600 (нэг сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуу) төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Түвшинжаргал нь хохирол төлбөрт нийт 500.000 (таван зуун мянга) төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 5, 10 дугаар хуудаст авагдсан хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн тайлбар, мэдүүлэг, хх-ийн 7, 30 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Б.Түвшинжаргалын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож, энэ талаар шүүгдэгч хохирогч хэн аль нь маргаагүй тул 500.000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзлээ. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтаас гадна анх эмнэлгийн тусламж үзүүлэх үед шүүгдэгч Б.Түвшинжаргал 80.000 төгрөг төлсөн, хохирогч төлсөн гэдгийг баталсан тул нийт 1.486.600 (нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуу) төгрөгийн хохирол учирснаас 580.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Харин хавтаст хэргийн 61 дүгээр хуудаст авагдсан 870.000 (найман зуун далан мянга) төгрөгийн баримт нь санхүүгийн тамгагүй, 62 дугаар хуудаст авагдсан 30.000 (гучин мянга) төгрөгийн санхүүгийн баримтад эмчийн тэмдэг дарсан байх тул тэдгээрийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн нийт 900.000 (есөн зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ нэхэмжлэлийн баримтаа дахин бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Иймд шүүгдэгч Б.Түвшинжаргалыг бусдад 6.600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгийн төлбөртэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 283, 284, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Бургууд овогт Батдоржийн Түвшинжаргалыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинжаргалд оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түвшинжаргалаас 6.600 (зургаан мянга зургаан зуу) төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэ (РД:УМ88120698, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 40-46 тоотод оршин суух, утасны дугаар 88758595)-д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлээс 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Түвшинжаргалыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түвшинжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА