Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 018

 

С.М, Т.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой, С.М, Т.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор М.Фарида, шүүгдэгч С.М, Т.С нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /Дулаан харын уурхайд ажиллаж байсан/, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр багт оршин суудаг, урьд 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн С-ын М /Регистрийн дугаар: 0000/;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Бугат сумын  дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш  овогт Т-ын С  /Регистрийн дугаар: 00000/.

Шүүгдэгч С.М, Т.С нар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22  цагийн үед бүлэглэн, машин механизм ашиглаж Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д ” уурхайн агуулахаас нэг бүр нь 500.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Т.С, С.М нарыг “агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын давж заалдах гомдлын агуулга: “С.М, Т.С бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12 -ны өдрийн 87 тоот “Шийтгэх тогтоол”-ыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн талаар: Шүүгдэгч С.М, Т.С бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20-22 цагийн орчим Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” уурхайн баяжуулахын байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж байгаад хууль бус аргаар нэвтрэн орж, хоёр ширхэг гагнуурын аппаратыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. С. М, Т.С бид “гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар” татгалзаж, тухайн газарт орхиод явсан. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд дэлгэрэнгүй хэлж, мэдүүлсэн. Харин Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд “завдсан” гэж үзсэн нь бодит байдалд тохирохгүй байна. Хулгайлан авч, гадаа гаргаж, өөрсдийн эзэмшилд хулгайн зүйлийг бүрэн авсан тул “завдсан” гэж үзэх боломжгүй. С.М, Т.С бид хоёр хулгай хийхээс сайн дураар татгалзсан. Иймд  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, Т.С бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Т.С нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч С.М, Т.С нар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22  цагийн үед бүлэглэн, машин механизм ашиглаж Баян-Өлгий аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” уурхайн агуулахаас нэг бүр нь 500.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар шүүгдэгч С.М-д 9 сарын хорих ял, Т.С-д 8 сарын хорих ялыг тус тус оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын хэмжээг “хоёр жилээс найман жил хүртэл” хугацаагаар тогтоосон байхад анхан шатны шүүх мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 8, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан үндэслэл нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын “дээд хэмжээний” гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар хуульчилсан байна.

 

2. Прокурорын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар зүйлчлэхээр тогтоосон бөгөөд шүүгдэгч С.М. Т.С нарын машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй орхигдуулсныг анхан шатны шүүх анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч С.М, Т.С нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “хулгай хийхээс сайн дураараа татгалзсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасан тул шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч С.М, Т.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ