Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Хэргийн индекс | 114/2020/0001/З |
Дугаар | 10 |
Огноо | 2020-05-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 10
;;
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2020/0001/3/
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “Дархан Оюунбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Хонгор сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр дунд сургуульд тус тус холбогдох
Нэхэмжлэлийн “Дархан Оюунбулаг ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Дархан Оюунбулаг” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Дархан Оюунбулаг” ХХК-д учирсан хохирол 39 240000 төгрөг гаргуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Сүхбаатар
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа
Хариуцагч М.Пүрэвбаатар
Хариуцагч Хонгор сумын Засаг даргын өмгөөлөгч Ө.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дархан Оюунбулаг” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгч Т.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:- Манай компани нь сүүлийн 14 жил тасралтгүй Хонгор сумын нутаг дэвсгэрт Салхит багийн 11 дүгээр сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг хуульд нийцүүлэн гэрээ хийх байдлаар тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. 2019.01.25-ны өдөр буюу сүүлийн гэрээ байгуулагдсанаас 5 хоногийн дараа Хонгор сумын ЗДТГ-ын дарга Д.Чагнаадорж өрөөндөө дуудаж гэрээний талыг байлцуулахгүйгээр өөрөө боловсруулсан гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан. Гарын үсэг зурсан шалтгаан нь халаалтын мөнгөө авах, нүүрсээ татах хэрэгтэй, өвлийн ид хүйтэн байсан, халаалт зогсох гээд аргагүй байдал, эдийн засгийн шахалтанд орж зурсан. Гэрээг 2019 оны 05 дугар сарын 15 хүртэл хийсэн гэх боловч, арын хүснэгт нь 2019 оны 12 дугаар сар дуустал хийсэн байгаа. Тус гэрээ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй анхнаасаа манай компанийн үйл ажиллагааг зогсоох, өөрсдийн дур зоргоор асуудлыг шийдвэрлэх сонирхлоор хийсэн гэрээ юм. Ийнхүү 2019 оны хавар 5 сард халаалтын үйл ажиллагаа дуусаж улмаар намар 9 сарын сүүлээр дулаанаар хангах үйлчилгээ эхлэх гэтэл Хонгор сумын Засаг дарга холбогдох албан тушаалтнаас гэрээний хугацаа дууссан 11 сургуулийн дулаан хангах асуудлыг Улаанбаатар төмөр замын БОС-ны 1-р ангийн харьяа Салхит дахь уурын зуухнаас хангана гэсэн.
Ингээд өнөөдрийг хүртэл манай үйл ажилагааг зогсоож уурын зуухыг ямар ч ашиглалтгүй болгож, манай хөрөнгө мөнгөөр тавигдсан дулааны шугамыг ямар ч хөлс мөнгөгүйгээр дур мэдэн ашиглаж манай компанийг хохироож байна. Зуухны үйл ажиллагааг зогсооход мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргах ёстой. Дүгнэлт гаргуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Засаг дарга хууль журмаар нь шийдвэрлэсэн бол гомдолгүй байх байсан.
2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ ямар үндэслэлээр дуусгавар болсон талаар 2 үндэслэлээр тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт Орон нутгийн өмчийн газартай хийсэн гэрээ дуусгавар болсон гэж. Гэтэл Орон нутгийн өмчийн газартай хийж байгаа гэрээ бол сургуулийн талбайг түрээсэлж байгаа гэрээ. Иймд Орон нутгийн өмчийн газартай хийсэн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй дулаанаар хангах гэрээ цуцлах үндэслэл болохгүй. Хоёрдугаарт хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээр сургуулийг халааж чадахгүй байсан гэж тайлбарладаг. Үүнийг нотлох баримт байна уу? гэж авч үзэхэд 2018 онд утаа сорогч эвдэрсэн тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сорогчоо соль гэсэн зөвлөмж өгсөн ийм л асуудал байдаг. Үүнээс өөр нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх баримт байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад Эрчим хүчний зохицуулах хороо нь хариуцагчийн тайлбартаа дурдаад байгаа гомдол мэдээллийг хүлээж аваагүй байдаг.
Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар ч гомдол ирээгүй гэдгийг тайлбарласан. Иймд сургууль гамшгийн нөхцөлд байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэрээг Засаг дарга баталгаажуулсан учраас хүчин төгөлдөр, баталгаажуулаагүй бол хүчин төгөлдөр биш гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн хариуцагч 2015 онд “Дархан Оюунбулаг” ХХК зуух авахдаа зөвхөн өөрийнхөө компаний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зуух авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2014 оны хурлын тэмдэглэлээс үзвэл хамтын шийдвэрээр зуух авсан болох нь харагддаг. Иймд нэхэмжлэл үндэслэлтэй.
Иймд шүүхээр “Дархан Оюунбулаг” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд 2019.01.25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Дархан Оюунбулаг” ХХК Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019.01,20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, “Дархан Оюунбулаг” ХХК дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсноор учирсан хохирол болох уурын зуух, дулааны шугамын зардлыг зах зээлийн ханшаар тогтоож, 39 240000 төгрөгийн хохирол гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа, өмгөөлөгч Ө.Ганзориг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн болох талаар хоёр үндэслэлээр тайлбарлая. Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд 12 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. 12 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заасан. 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ, 35.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 35.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г нэхэмжлэх талтай харилцан тохиролцож аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан 'Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ”-ний хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн хүрээнд байгуулсан болно. Дээрх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанчлан захиргааны гэрээ илт хууль бус болох 14 шинжийг агуулаагүй. Дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр огт гэрээ байгуулаагүй болно. Хонгор сумын Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 7.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4.д дэх хэсэгт Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхт нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан нь Засаг дарга тухайн орон нутагтаа дулааныг хангах ажилд шууд оролцох эрхтэйг харуулж байна.
Мөн санхүүжилтийг орон нутгаас олгодог тул Засаг дарга гэрээний нэг тал шууд болно. Гэрээний хугацаанд гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй, түрээсийн хугацаа дуусгавар болсон, гэрээг дүгнүүлээгүй, анги танхимын дулаан нь шаардлагад нийцэхгүй хүйтэн байсны улмаас багш, сурагчид гадуур хувцастай суух, зөрчил дутагдал маш их гарч гомдол, санал их ирдэг байсан зэрэг нөхцөл байдлаас болоод гэрээг сунгахгүй болсон тул төвлөрсөн халаалтын системд холбох болсон тухай аймгийн Засаг даргын орлогч даргын 1-10/611 албан тоотыг нэхэмжпэгч талд хүргүүлж мэдэгдсэн. Сумын Засаг даргын Тамгын газраас Дархан Оюунбулаг ХХК-тай дулааны гэрээний талаар харилцан тохиролцохоор удаа дараа очиж байсан боловч ажлын байран дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байсан. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч талаас манайд гэрээ сунгуулах тухай албан тоот ирүүлж байгаагүй.
Иймд “Дархан Оюунбулаг” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул тус компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас “Дархан Оюунбулаг” ХХК-д хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын 11 дүгээр сургуулийн захирал М.Пүрэвбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2019 оны 01 сарын 25-ны өдрийн №01 тоот гэрээ нь хуулийн дагуу хүчинтэй бөгөөд талууд бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, тус гэрээг үндэслэн “Дархан Оюунбулаг” ХХК-ийн 5 нэхэмжлэхээр Хас банкны 500059194 тоот дансанд 6 удаагийн 62 934 300 төгрөгийн гүйлгээг манай байгууллага нь халаалтын төлбөр болгож шилжүүлсэн байна. 2019 оны 01 сарын 20 өдрийн №01 тоот гэрээнд бүх талууд зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Мөн манай байгууллага нь “Орон нутгийн өмчийн газар”, “Дархан Оюунбулаг” ХХК-д гэрээнд заагдсан халаалтын улиралд барих температурын графикыг удаа дараа зөрчиж гэрээний нөхцлийг биелүүлээгүй шалтгаанаар цаашид дахин гэрээ байгуулахгүй, манай эзэмшлийн эд хөрөнгийг хүлээлгэн өгч өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг авахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдэж албан бичиг хүргүүлж байсан. Нэхэмжпэлд дурдсан уурын зуух нь “Дархан Оюун булаг” ХХК-ийн өмч бөгөөд тус байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж байсан, манай байгууллага ашиглаж байгаагүй.
Сумын Засаг дарга гэрээний талуудын ажлыг судалж санхүүжилтийг олгоно гэж шуурхай хурал дээр үүрэг өгсөн. Тус шуурхай хурлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд орох талаар яригдсан. Гэтэл Т.Сүхбаатар 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг барьж ирж намайг гарын үсэг зуруулахыг шаардсан. Би энэ гэрээнд өөрчлөлт орох юм байна лээ гэж тайлбарлаж хэлсэн боловч хэрэв чи гэрээнд гарын үсэг зурахгүй бол би санхүүжилт авч чадахгүй. Санхүүжилт ороогүйгээс болж гарсан зардлыг чи төлөөрэй гэж айлгасан тул би аргагүй эрхэнд 20-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Гэрээг дахин байгуулахгүй гэж мэдэгдсэн. Гэрээний хавсралтад авагдсан халаалтын температурыг тэмдэглэдэг дэвтэр болон багш ажилчдын гомдлоос үзэхэд нэхэмжлэгч гэрээний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлд дурдсан зуух бол “Дархан Оюунбулаг” ХХК-ийн өмч бөгөөд тус компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулахын тулд авсан. Харин 11-р сургуулийн үйл ажиллагааг сайжруулахаар авсан сургуулийн өмч биш юм. Тийм учраас бид зуухны үнийг төлөх үндэслэлгүй. “Дархан Оюунбулаг” ХХК бол манай сургуультай 2005 оноос халаалтын гэрээ байгуулж ажилласан. Тус зуухыг 2015 онд авсан байдаг. “Дархан Оюунбулаг” ХХК-иас болж бид хохирсон байхад биднээс хохирол нэхэмжилж байгаад харамсаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ илт хууль бус биш тул хохирлыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээг илт хууль бусд тооцсоны дараа энэ талаар ярих ёстой. Шугам хоолойг манай сургууль “Дархан Оюунбулаг” ХХК-д мэдэгдэхгүйгээр ашигласан биш, “Дархан Оюунбулаг” ХХК авахгүй байсаар байгаад биднийг ашиглахад хүргэсэн. Иймд шугам хоолойг ашигласан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэлийн “Дархан Оюунбулаг ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч талаас “2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дээрх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д “ захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус”, 55.1.4-т “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж, хариуцагч нар нь дулааны эрчим хүчээр хангах дээрх гэрээг хүчин төгөлдөр, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хохирол төлбөр үндэслэлгүй талаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч “Дархан Оюунбулаг” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 2775719 тоот гэрчилгээтэй, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/2015 дугаар бүхий эрчим хүчээр дулаан үйлдвэрлэх, эрчим хүчээр дулаан түгээх, эрчим хүчээр дулаан зохицуулалттай хангах чиглэлээр олгосон тусгай зөвшөөрөлтэй, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, ...хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” заасан хуулийн этгээд байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жилээр олгогдсон, зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт байрлах сумын 11 дүгээр сургуулийг дулаанаар хангах зорилгоор нэг талаас “Дархан Оюунбулаг” ХХК, уг байгууллагыг төлөөлж захирал Т.Сүхбаатар /хангагч тал/, нөгөө талаас сумын 11 сургуулийн захирал М.Пүрэвбаатар, Хонгор сумын Засаг дарга /хэрэглэгч тал/ нар нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” захиргааны гэрээг хэрэглэж болно, 53 дугаар зүйлийн 53.1-д “Захиргааны гэрээг бичгээр байгуулна”, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг ...эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан журам зөрчөөгүй захиргааны гэрээг байгуулсан нь нотлогдож байх ба гэрээнд талууд бүгд оролцож, гарын үсгээ зурж, тамга дарж баталжуулсанаас үзэхэд гэрээний талууд тодорхой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д “захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус” гэж заасан илт хууль бус үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Хонгор сумын Засаг дарга нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэж зааснаар илт хууль бус гэрээ байгуулсан гэх тайлбарт Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг” гэж зааснаар сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийг хуваарилан зарцуулах, хяналт тавих чиг үүрэгтэй байх ба чиг үүргээ хэрэгжүүлж сургуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах, санхүүжүүлэлтийг хариуцдаг үүднээс сургуулийг дулаанаар хангах гэрээний 1 тал болон оролцож байгааг эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь захиргааны гэрээ илт хууль бус болох нөхцөлд гэрээ нь байгуулагдсан цагаасаа үйлчлэлгүй байх, гэрээний улмаас ямар нэг үр дагавар үүсээгүй байх, захиргааны байгууллага өөрийн хариуцсан чиг үүргээс гадна эрх зүйн харилцаа үүсгэсэн байх, хариуцагчийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх зэрэг зөрчлүүд үүссэн байхыг шаардах бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “дулааны эрчим хүчээр хангах” гэрээнээс үзэхэд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлж, “Дархан Оюунбулаг” ХХК нь 2019 оны 2,4,6,8 тоот нэхэмжлэхээр дулааны төлбөрөө нэхэмжилж, Хонгор сумын 11 дүгээр сургууль төлбөрийн 00005,00023,00036,00052 тоот хүсэлтээр Төрийн сангийн данснаас дулааны төлбөр 55 941600 /Тавин тав сая есөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг төлж үүргээ гүйцэтгэж, гэрээгээр эрх зүйн үр дагавар үүссэн, гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул дээрх захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, ...холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах тул хариуцагчийн өмгөөлөгчийн “Эрчим хүчний тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэлийн “Дархан Оюунбулаг” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох” шаардлагын тухайд:
“Дархан Оюунбулаг” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот дулаанаар хангах гэрээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Хариуцагчийн “2019 оны 01 дүгээр сарын 20-ны гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болсон” гэж тайлбар үндэслэлтэй, дээрх гэрээгээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй, гэрээнд Хонгор сумын Засаг дарга оролцоогүй нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд маргах эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ эрх зүйн ач холбогдолтой хугацаанд хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
3. Нэхэмжлэлийн “Хонгор сумын 11 дүгээр сургуулиас үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Дархан Оюунбулаг” ХХК-д учирсан хохирол 39 240000 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ хохирлыг хариуцагч Хонгор сумын 11 дүгээр сургуулийн нэхэмжилж байгаагаа тодорхойлсон болно. Ингээд 11 дүгээр сургуулийн захиргаанаас одоо ашиглаж буй шугам хоолой ашигласны түрээсийн төлбөрт 2400000 төгрөг, үйл ажиллагаа явуулсан бол олох ашиг 9333600 төгрөг, сургуулийн гаднах шугам хоолой угсарч суурилуулахад гарсан зардал нийт 6524327 төгрөг, нам даралтын халаалтын KSR300 зуух худалдан авсан, суурилуулсан, тээвэрлэсний зардал 20982153 төгрөг, нийт 39240080 төгрөг хохиролд нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх хохирол нь хариуцагчийн буруутай хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан шалтгаант холбоотой бодит хохирол болох нь нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч хохирол төлөхийг зөвшөөрөхгүй маргаж байна. Иймд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх,төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж зааснаар анхан шатны санхүүгийн баримтуудыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно. Шүүхэд нэхэмжлэгчээс төсөл, танилцуулга, ажил гүйцэтгэсэн тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн бөгөөд дээрх баримттай холбоотой анхан шатны баримтуудыг ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан захиргааны гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, дээрх гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан Оюунбулаг” ХХК-аас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Хонгор сумын 11 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан “Дархан Оюунбулаг ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” илт хууль бус болохыг тогтоолгож, “Дархан Оюунбулаг” ХХК, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Дулааны гэрээ”-ний дагуу сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас “Дархан Оюунбулаг” ХХК-д учирсан хохирол 39 240000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА