Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 019

 

Д.П-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Д.П-д холбогдох хэргийг хохирогч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Дөрвөд,1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч чимэглэлч мэргэжилтэй, “Т” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан, Увс аймагт таксинд явдаг, Үндсэн захиргаа Улаанбаатар хотын С дүүргийн  дүгээр хороо, А  тоот, одоо Увс аймгийн Улаангом сумын  дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овгийн Д-н П /Регистрийн дугаар: 00000/.

Шүүгдэгч Д.П нь нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг, “Б”-ын давааны хатуу хучилттай авто замын ажил хийж байхдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Б.Б-тэй маргалдан түүний хэвлийн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Б.Б нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор “1. Шүүгдэгч Д.П-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.П-г 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 29 хоногийг хорих ялын 29 хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хохирогчийн ар гэрийнхэн болон хууль ёсны төлөөлөгч миний зүгээс “Т” ХХК-нд маш их гомдолтой байна.  “Т” ХХК-ийн ажилтан тогооч О-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Бу, Га нарын мэдүүлгээр миний нөхөрт тусламж үзүүлж чадалгүй, Толбо сумын эмч яаралтай Баян-Өлгий аймгийн эмнэлэг рүү онош тодруулах шаардлагатай гэж бичиг хийж өгч байхад буцаж гэр лүү нь авч ирээд цаг хугацаа алдсан, түүнийгээ булзааруулж “Б өөрөө гайгүй байхаа, өнөөдөр ажиглая” гэж илт худал мэдүүлэг өгч байсан байна. Гэрч О-гийн хавтаст хэргийн 159 дүгээр хуудас байгаа нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцлага хүлээх этгээд нь Ё буюу “Т” ХХК-ийн удирдлага гэж бид үзэж байна. Маш их гомдолтой байна. Ханийг минь эрүүл саруул үед нь ажил хийлгээд цалин өгч байсан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, мөнгийг нь суутгаж үлддэг байсан. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж, эмчийн заавраар онош тодруулсан бол амь насыг нь хамгаалах, аврах боломжтой байжээ. Хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж иргэний хариуцагчаар “Т” ХХК-ийг татаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч Д.Э, өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд,  гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.П нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бураат”-ын даваанд замын ажил хийж байсан “Т” ХХК-ийн  эсгий гэрийн гадаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдан заамдалцаж, түүний гэдэс тус газар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөснөөс хохирогчийн биед “давсгийн ар ханын том хэмжээний задарсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалттай” хүнд гэмтэл учруулж, улмаар энэ гэмтлийн улмаас хохирогч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.П-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б нь хүнд гэмтэл авч улмаар нас барсан шалтгаант холбоог зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчилсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хохирогч Д.Э “... Ханийг минь эрүүл саруул үед нь ажил хийлгээд цалин өгч байсан боловч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй мөнгийг нь суутгаж үлддэг байсан. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж, эмчийн заавраар онош тодруулсан бол амь насыг нь хамгаалах, аврах боломжтой байжээ. Хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж, иргэний хариуцагчаар “Т” ХХК-ийг татаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан боловч “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ