Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Г******* нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* холбогдох,

үнэлгээ хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                        

Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шүүгчийн захирамжаар 16050578 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу 29.537.782,34 төгрөгийг Хас банкинд төлөхөөр болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний өмчлөлийн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20-р байрны 3-24 тоотод байрлах 26,04 м.кв 3 өрөө орон сууцыг Ашид билгүүн ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулж 37.750.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн тухайн орон сууцны зах зээлийн ханш 45.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Би Хас банкинд 2015 онд гал тогоо тусдаа 2 өрөө байраа барьцаанд тавьж 25.000.000 төгрөгийн зээл авсан. Үүн дээр маргаан байхгүй. Хас банк надад 3 сарын хугацаа өгснөөр эвлэрч шүүхийн шийдвэр гарсан дээр маргаан байхгүй. Би тохирсон 3 сарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэсэн дээр маргаан байхгүй. Би одоо энэ байрандаа амьдарч байгаа. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг надад 5 дугаар сарын 30-ны өдөр танилцуулаад үнэлгээг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэхээр нь гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтээ гаргаад Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ тогтоосон тул хариуцагчаар шийдвэр гүйцэтгэх албыг татаж Ашид билгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд энэ нэхэмжлэлийг шүүхэд өгөхөд хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэсэн байхаа. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Шийдвэр гүйцэтгэх албаны томилсон шинжээчийн байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шаардлага гаргасан. Гомдлоо 7 хоногт гаргахаар шийдвэрлэж өгсөн байсан. 7 хоногийн дотор гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна гээд буцаасан. Тухайн байгууллага шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байгаа учраас гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байсан. Энэ талаар гомдол анх гарч байгаа нэхэмжлэл агуулгын талаар зөвлөгөө авахад гомдол гаргахаар зохицуулалт байхад нэхэмжлэлээр хүлээж авсан. Шүүхээс буцаасан талаарх баримтаа надад өгөөгүй. Тэр талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Би дараа нь өмгөөлөгчөөр гэрээ байгуулж орсон гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* холбогдох материал нь 2015 онд Хас банкнаас авсан зээл нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байдаг. Уг захирамжийг гүйцэтгэх хуудас бичигдэж  ирээд тус алба 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 16050578 гэсэн хувийн хэргийн дугаартай үүсгэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20 дугаар байрны 3-2-24 тоотод 26,04 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор шинжээчээр Ашид билгүүн ХХК-нийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 33.750.000 төгрөгөөр гарсан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан тул манай байгууллага 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй уулзаж үнэлгээг танилцуулсан байгаа. Гэтэл 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Манай байгууллага үнэлгээ тогтоох эрхтэй байгууллага биш, үнэлгээ гаргадаггүй учраас Ашид билгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх хариуцагч болж оролцох боломжгүй. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 992 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байгаа. Төлбөр төлөгч нь дахин шинжээч томилуулах талаар санал хүсэлт гаргаагүй. Дуудлага худалдаа явагдаагүй байгаа. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид энэ үнийн санал тийм байна гэж манай байгууллага дээр хүсэлт гаргасан тохиолдол байхгүй болно гэв.

Нэхэмжлэл, талуудын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь ******* холбогдуулан Говь-Атай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч томилох тухай 09 тоот тогтоолын дагуу гарсан “Ашидбилгүүн” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3-д заасан төлбөр төлөгч байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шүүгчийн захирамжаар 29.537.782,34 төгрөгийг Хас банкны Говь-Алтай салбарт төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхээс олгосон гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож нэхэмжлэгч маргаагүй. Учир нь хэргийн оролцогчид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах болсон шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн тогтоол зэрэг холбогдох нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй /хх-68/.

Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан төлбөр авагч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн атлаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй болно /хх-27/.

Төлбөр төлөгч ******* төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлөөгүй тул барьцааны зүйл болох Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан, 20-р байрны 24 тоотод байрлах, 2 өрөө буюу 26,04 м.кв талбай бүхий орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь төлбөр төлөгчид хариуцуулан хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийхэд 26,04 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээний тайлантай төлбөр төлөгч 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр танилцан, үнэлгээний талаарх гомдлоо 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна /хх-67, 2/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Ашидбилгүүн” ХХК нь барьцааны зүйл болох Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан, 20 дугаар байрны 24 тоотод байрлах, 26,04 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ҮОУСтандартын дагуу зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан тооцоолж зах зээлийн өнөөгийн үнэлгээг 33.750.000 төгрөг болохыг тодорхойлов гэж үнэлгээний тайланд дурдсан байна /хх-68, 5-17/.

Харин нэхэмжлэгч ******* нь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, ...миний өмчлөлийн байр 45.000.000 төгрөгний үнэтэй гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгө болох 26,04 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэрээр баталгаажсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан бөгөөд хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээ тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан байх тул уг өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөр төлөгч шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгч ******* 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд энэ талаарх гомдлоо гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийн хугацаанд гомдлоо гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж буцаасан талаар тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул гомдлыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн баримтын огноо нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 34 минутад байгаа болохыг дурдах нь зүйтэй /хх-3/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр экспресс банкаар төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:     

1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь ******* холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Ашидбилгүүн” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр экспресс банкаар төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 992 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ