Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0715 дугаар магадлалтай, Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын “Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 2008 онд шинэчлэн олгосон 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын “Түүний нэр дээр шинээр гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0715 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Эд өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.5-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 27 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Иймд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гаргаж байна.

2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 221/МА2016/0715 тоот магадлалын хянавал хэсэгт "хариуцагч нь 1998 онд 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээнд 2 хүний хамтын өмч гэж тэмдэглэн Н.Гэрэлт-Одод олгосон боловч дээрх 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт зурагдсан гарын үсэг Н.Гэрэлт-Одынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ" гээд "...дээрхээс үзвэл Ж.Болормааг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй болохыг Н.Гэрэлт-Од эртнээс мэдэж байсан боловч энэ талаар маргаагүй, түүнийг хамтран өмчлөгчөөс хасуулахаар холбогдох байгууллагад болон шүүхэд хандаж байгаагүй тул Н.Гэрэлт-Од нь Ж.Болормааг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг агуулж байсан гэж үзэх үндэслэлтэй юм" гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь: 1/ Н.Гэрэлт-Од нь 1998 оны 1380 тоот мэдүүлгийг би бичээгүй, Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй гэдгийг анхнаасаа хэлсээр ирсэн. Тиймээс ч гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд дүгнэлт нь Н.Гэрэлт-Одын гарын үсэг биш гэж гарсан. Энэ нь уг мэдүүлгийг би бичээгүй, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д заасан "дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна" гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн зөвшөөрөл, мэдүүлэг /Н.Гэрэлт-Одын хүсэл зориг бүхий/ байхгүй байхад хууль зөрчиж бүртгэснийг зөвтгөн шийдвэрлэж байгаа нь дээр дурьдсан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь өөрөө улсын бүртгэл дээр үндэслэж гардаг ба уг үндэслэсэн гэх улсын бүртгэл нь ийм байдлаар хууль зөрчсөн байхад Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлтийг өмнө нь гаргаж байгаагүй гэсэн үндэслэлээр Н.Гэрэлт-Одын хүсэл зоригийг хүчинтэй гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм.

2/ 2008 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээг солиулах тухай Ж.Болормаа, Н.Гэрэлт-Од нарын өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 000067342 тоот гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг шүүх хийжээ. Гэтэл 1998 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хууль зөрчсөн, түүнд үндэслэн гаргасан 289/До тоот гэрчилгээг сольж олгож байгаа 2008 оны 000067342 тоот гэрчилгээ нь хүчин төгөлдөр, хууль ёсны байх боломжгүй юм.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглэсэнгүй.

1. 1998 оны үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлгийг бөглөхдөө 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлэхэд 1 мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна гэсэн заалтыг Дорнод аймгийн бүртгэлийн алба хэрэглүүлсэнгүй.

Гэрэлт-Одын зөвшөөрлийн бичиг байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д мэдүүлэгт энэ хуулийн 12.1-д заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Энэ хуулийн 12.1.2-д үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг гэсэн заалтын дагуу Гэрэлт-Од, Болормаа нарын иргэний паспорт, гарын үсэг байхгүй байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл байхгүй байна. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д дурдсан холбогдох бичиг баримтуудыг батлан гэрчилсэн нотариатчийн овог нэр, регистрийн дугаар байх ёстой гэтэл эдгээр баримт бичгүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар байхгүй байна.

2008 оны гэрчилгээ олгоход Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д мэдүүлгийг бичгээр гаргана гэсэн заалт байх ба Гэрэлт-Одын бичгээр гаргасан мэдүүлэг байхгүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд 1 мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна гэсэн заалтын дагуу Гэрэлт-Од, 2 дахь өмчлөгч гарын үсэг зурсан 1 мэдүүлэг байх ёстой байтал хавтаст хэрэгт байхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн:

“Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж зөв дүгнэлт өгч чадсангүй.

Нэг нотлох баримтыг нөгөөгөөс илүүд үзэх, огт үнэлэхгүй байх, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

1998 оны 1380 мэдүүлгийг үнэлсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 156 тоот дүгнэлтээр Гэрэлт-Одын гарын үсэг биш байна. Энэ шинжээчийн дүгнэлт нь 1998 оны мэдүүлгийг үгүйсгэж байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлж байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх тухай хуульд заасан ажиллагааг хийгээгүй алдаа гаргасан. Иймд 1998 оны мэдүүлэг яагаад хувийн хэрэгт орсон, хэзээ орсон талаар Цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэн зөв байдал тогтоогдох, Дорнод аймгийн цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас Болормааг дуудахад очихгүй байгаа тул Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Болормаагаас тайлбар мэдүүлэг авах, цагдаагийн байгууллага Дорнод аймгийн бүртгэлийн байгууллагаас Гэрэлт-Одын хувийн хэргийг татан авч ажиллагаа хийж байгаа тул захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү.          

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон бүртгэх байгууллага бүртгэлийн хуулиа зөв баримталж гэрчилгээ гаргаж өгсөн талаар зөв дүгнэлт хийж чадахгүй байна.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 27 тоот шийдвэр, 2016 оны 11 сарын 3-ны өдрийн 221/МА2016/0715 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг зөв үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одоос “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 2008 онд шинэчлэн олгосон 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... 1998 онд анх гэрчилгээ авахдаа мэдүүлэгт би гарын үсэг зураагүй, ... Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй”, “...2008 онд гэрчилгээг солиулахад миний зөвшөөрөлгүйгээр Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр нэмж бичсэн” гэж тайлбарлажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од, гуравдагч этгээд Ж.Болормаа нар нь 1992 онд гэр бүл болж, 1993 онд хүү Г.Одбаяр нь төрсөн, 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Ж.Сүхбаатар, Н.Гэрэлт-Од нар нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1380 дугаартай мэдүүлэг гаргасан, уг мэдүүлэгт “мэдүүлэг гаргагч Намсрайн Гэрэлт-Од, хамтран өмчлөгч Жамсрангийн Болормаа” гэж бичигдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До дугаартай гэрчилгээнд уг байрыг “2 хүний хамтын өмч” гэж заасан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од “...1380 дугаартай мэдүүлэгт би гарын үсэг зураагүй” гэж маргасан, мэдүүлэгт өөрөө гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч тухайн 1380 дугаартай мэдүүлгийн дагуу 289/До дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Гэрэлт-Одын нэр дээр (2 хүний өмчид) олгосонтой холбогдуулж нэхэмжлэгч тухайн үед маргаагүй, “... намайг мэдүүлэгт гарын үсэг зураагүй байхад гэрчилгээ олгосон” гэх гомдол бүртгэлийн байгууллагад гаргаж байгаагүй байх тул “мэдүүлэгт өөрөө гарын үсэг зураагүй” гэх үндэслэлээр хамтран өмчлөгчийг улсын бүртгэлээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байх”, 9.5-д “... мэдүүлэг гаргахад ... баримт бичгүүдийг хавсаргах” заалтууд нь хамтран өмчлөгчийг улсын бүртгэлээс хасуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргаанд хэрэглэгдэхгүй.

Өөрөөр хэлбэл, “Н.Гэрэлт-Од өөрөө мэдүүлэгт гарын үсэг зураагүй” гэх үндэслэл нь Н.Гэрэлт-Од нь анхнаасаа Ж.Сүхбаатараас өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан эсэх маргаанд хамааралтай, харин 2 хүний өмчийг нэг хүний өмч болгож бүртгэх, хамтран өмчлөгчийг хасуулах маргаанд хамааралгүй, Ж.Сүхбаатараас өмчлөх эрх Н.Гэрэлт-Одод шилжсэнийг бүртгэж 289/До дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До дугаартай гэрчилгээнд уг байрыг “2 хүний хамтын өмч” гэж бичигдсэнийг мэдэж байсан, “хамтран өмчлөгч нь миний ах байсан” гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1380 дугаартай мэдүүлэгээс өөр өмчлөх эрх шилжүүлэх тухай “Н.Гэрэлт-Одын ахтайгаа хамт” мэдүүлэг гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 1998 онд ... Н.Гэрэлт-Одын зөвшөөрлийн бичиг байхгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл”, “... шүүх ...1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 ..., 9.5-д заасныг хэрэглээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь 2006 оны 06 дугаар сарын 28, 2008 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тус тус Хас банктай зээлийн гэрээ байгуулж, уг 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавихдаа хамтран өмчлөгч Ж.Болормаагийн зөвшөөрлийг тухай бүр авч байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад “... анхнаасаа хамтран өмчлөгчөөр бүртгэлгүй байхад бүртгэлийн байгууллага 2008 онд Ж.Болормааг нэмж бичсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До дугаартай гэрчилгээнд Намсрай гэсний “Н” үсгийг засвартай бичсэний улмаас нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од, гуравдагч этгээд Ж.Болормаа нараас 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт хандан “... гэрчилгээ засвартай тул сольж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, үүнийг үндэслэж, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000067342 дугаар гэрчилгээг Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарт олгосон нь эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох талаарх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 18 дугаар зүйлд заасан журмуудыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “... засвартай гэрчилгээг барьцаанд авахгүй байсан тул ... солиулах тухай хүсэлтийг бүртгэлийн байгууллагад гаргасан” гэж гэрчилгээ солиулах талаар өөрөө хүсэлт гаргасан үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 2008 онд гэрчилгээ солиулахад ... Н.Гэрэлт-Одын бичгээр гаргасан мэдүүлэг байхгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг тодорхойлон заасан, уг зохицуулалт нь анхан шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан журмаар  давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” ойлголт хэрэглэгдэхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа тул ... хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хяналтын шатны шүүх хангах боломжгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0715 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА