Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 07

 

Я.Жаргалсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 721 дүгээр магадлалтай, 201626021072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүрд овогт Ямбийдончирын Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.Жаргалсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Я.Жаргалсайханы үйлдлийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Т.Батмөнхтэй маргаж, харилцан боолцсон Я.Жаргалсайханы үйлдэл нь хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулахад чиглэгдээгүй. Я.Жаргалсайхан нь хохирогчийг боосон байсан гарынхаа барьцыг тавьсан болохоос зориуд түлхэж унагаагаагүй, зориуд унагасан гэх нотлох баримт байхгүй тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл ангид зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. Я.Жаргалсайханы хувийн байдал болон түүний зөв шаардлагыг эсэргүүцсэн хохирогч Т.Батмөнхийн буруутай үйлдлийг харьцуулан дүгнэлт хийж үзнэ үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “Я.Жаргалсайханы үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Я.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-55 УБГ улсын дугаартай Грейс маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа түүнтэй хамт явсан Ү.Төмөртогоогийн гар утсыг булаалаа гэх шалтгаанаар уг автомашинд “кондуктор” хийж явсан Т.Батмөнхтэй маргалдаж, хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас хохирогч Т.Батмөнх нь газарт ар дагзаараа савж унан биед нь хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч Т.Батмөнх /хх-12/, гэрч Ү.Төмөртогоо /хх-15/, Н.Болормаа /хх-19/, У.Шинэбаяр /хх-80/, Н.Эрдэнэцэцэг /хх-81/, шинжээч эмч Б.Ганзориг /хх-23, 79/ нарын мэдүүлгүүд, хохирогчид “дагзны суурь хэсгээс дээш лямбда заадас даган баруун зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар доод хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 4796 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-22/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн Я.Жаргалсайханд холбогдох хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, Я.Жаргалсайханыг хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмт гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Жаргалсайхан нь энэ хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Я.Жаргалсайхан нь Грейс маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Т.Батмөнхтэй маргалдаж, түүний хоолойг боож ухаан алдуулсны дараа хохирогч Т.Батмөнх сэргэж автобусны буудал дээр түүнтэй дахин зууралдахад хохирогчийн хоолойг мөн өмнөх аргаар боож, ухаан алдуулан ар дагзаар нь газар унагаж биед нь хүнд гэмтэл учруулсан үйл баримтаар Я.Жаргалсайхан нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр хохирогчид хүнд гэмтэл учруулсан буюу өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ойлгон ухамсарласан атлаа түүний улмаас хүнд хор уршиг учирч болохыг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Я.Жаргалсайханд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 721 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН