Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02086

 

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02086

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..........................оршин суух, Г.Э /Регистрийн дугаар:................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................................. байрлах, НШШГнд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар захирамжаар Г.Э, Ч.С нараас 263.466.633 төгрөг гаргуулж Экокапитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 101 дүгээр байрны 7 тоот 179.33 мкв орон сууцыг 538.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад 376.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна.

НШШГ шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулахдаа зах зээлийн үнээс хэт багаар тогтоож, хөрөнгийг үнэгүйдүүлж 376.000.000 төгрөгөөр оруулсан тул дээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үнэлгээг шинжээчээр хийлгээгүй. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар захирамжаар Г.Э, Ч.С нараас 263.466.633 төгрөг гаргуулж Экокапитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймээс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан виллаж хотхоны 101 байр, 7 тоот, 179.33 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/140 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 140/4 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан. Төлбөр төлөгч Г.Э, өмчлөгч Ч.С нарт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/6633 дугаартай албан бичгээр үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Э хүлээж авсан. Өмчлөгч Ч.Саас уг 4 өрөө орон сууцны үнийн саналыг 538.0 сая төгрөг гэж, нэхэмжлэгч Г.Эөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөн 538.0 сая төгрөгөөр үнэлж байна гэж үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч талаас уг үнийг хүлээн зөвшөөрсөн санал мөн ирсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 538.000.000 төгрөгийн 70 хувь буюу 376.600.00 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11078 дугаар мэдэгдлийг мөн өдөртөө баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Үндэсний сонингоор нийтэд мэдээлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийн дүнгийн 50 хувиар тооцон 269.000.000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр явагдахаар товлосон ч шүүгчийн захирамж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Тус байгууллага хуульд заасны дагуу ажиллагааг явуулсан. Үнийн саналаа төлбөр төлөгч, авагч нар харилцан тохиролцосн тул шинжээч томилох шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр цаг хугацаа хожих зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа жил гаран хугацаанд явагдаж байхад өнөөг хүртэл Эко капитал ББСБ-д нэг ч төгрөг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авдаг. Үүний дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Э, Ч.С нар өөрсдөө уг орон сууцыг 538.0 сая төгрөг гэсэн үнийн санал өгсөн. Уг үнийг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Хуульд хэрэв харилцан тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр тусгагдсан байгаа. Гэтэл нэгэнт үнийн санал дээр харилцан тохиролцсон учраас хуулийн дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэх шаардлагагүй болсон. Мөн харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцон дуудлага худалдааны үнийг тогтооно гээд Иргэний хуулийн 177 дугаар 177.1-т заачихсан байгаа. Энэ заалтыг мэдсээр байж саналаа өгчихөөд үнийг үндэслэлгүйгээр 70 хувь болгож буурууллаа гэсэн зүйл ярьж байна. Иймд нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Э нь НШШГнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00273 дугаар шийдвэрээр Г.Э, Ч.С нараас 263.466.633 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ-д олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 4-6/

Тус алба 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Эөд шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2017 оны 1 дүгээр сарын 06-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040694 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, 101 дүгээр байрны 7 тоот 179.33 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хураах тогтоолоор хураан авсан байна. Дээр дурдсан НШШГны ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Г.Э 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Ч.С 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тус тус үнийн саналаа 538.000.000 төгрөг гэж ирүүлсэн байх ба төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрч мөн саналаа ирүүлжээ.

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 376.600.000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэж, энэ тухай төлбөр төлөгч нарт 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11078 дугаар мэдэгдлээр хүргүүлжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоохоор заасны дагуу талуудын хүлээн зөвшөөрч тогтоосон үнэ болох 538.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон байна. Ийнхүү үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хөрөнгөд шинжээч томилж үнэлүүлээгүй, зах зээлийн үнээс хэт багаар бууруулж дуудлага худалдааны үнийг тогтоосон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар НШШГнд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ