Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2166

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02166

 

 

Г.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА нд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д

Гуравдагч этгээдийн итэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар захирамжаар Г.Э, Ч.Соддулам нараас 263.466.633 төгрөг гаргуулж “Экокапитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 00 дүгээр байрны 00 тоот 179.33 мкв орон сууцыг 538 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад 376 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна.

НШГА  шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулахдаа зах зээлийн үнээс хэт багаар тогтоож, хөрөнгийг үнэгүйдүүлж 376 000 000 төгрөгөөр оруулсан тул дээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн үнэлгээг шинжээчээр хийлгээгүй. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар захирамжаар Г.Э, Ч.С нараас 263 466 633 төгрөг гаргуулж “ЭК” ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй.

Иймээс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан виллаж хотхоны 00 байр, 00 тоот, 179.33 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/140 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 140/4 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан.

Төлбөр төлөгч Г.Э, өмчлөгч Ч.С нарт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/6633 дугаартай албан бичгээр үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Э хүлээж авсан. Өмчлөгч Ч.С-аас уг 4 өрөө орон сууцны үнийн саналыг 538 000 000 төгрөг гэж, нэхэмжлэгч Г.Э-өөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөн 538 000 000 төгрөгөөр үнэлж байна гэж үнийн санал ирүүлсэн.

Төлбөр авагч талаас уг үнийг хүлээн зөвшөөрсөн санал мөн ирсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 538 000 000 төгрөгийн 70 хувь буюу 376 600 00 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11078 дугаар мэдэгдлийг мөн өдөртөө баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Үндэсний сонингоор нийтэд мэдээлсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийн дүнгийн 50 хувиар тооцон 269.000.000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр явагдахаар товлосон ч шүүгчийн захирамж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Тус байгууллага хуульд заасны дагуу ажиллагааг явуулсан. Үнийн саналаа төлбөр төлөгч, авагч нар харилцан тохиролцосн тул шинжээч томилох шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр, цаг хугацаа хожих зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа жил гаран хугацаанд явагдаж байхад өнөөг хүртэл “Эко капитал” ББСБ-д нэг ч төгрөг төлөөгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авдаг. Үүний дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Э, Ч.С нар өөрсдөө уг орон сууцыг 538 000 000 төгрөг гэсэн үнийн санал өгсөн. Уг үнийг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн.

Хуульд хэрэв харилцан тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр тусгагдсан байгаа. Гэтэл нэгэнт үнийн санал дээр харилцан тохиролцсон учраас хуулийн дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэх шаардлагагүй болсон.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар НШГА нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Миний бие Дүүргийн анхан шатны шүүхэд НШГА  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт багаар тогтоож, хөрөнгийг үнэгүйдүүлж 376 000 000 төгрөгөөр анхны үнийг тогтоосон үнэлгээг шинжээчээр хийлгээгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн шийдвэрийн 2 дахь талд "Үнийн саналыг 2 тал харилцан тохиролцсон тул анхны дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй тул..." гэж хариуцагч тал шүүх хуралд мэдэгджээ.

Нэхэмжлэгч тал "Эко капитал" ББСБ-тай хэзээ ч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй юм.

Нэхэмжлэгч талаас Шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан дуудлага худалдааны үнийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч НШГА нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар захирамжаар Г.Э Ч.Соддулам нараас 263 466 633 төгрөгийг гаргуулж “Экокапитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн барьцааны зүйл болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж 00 дүгээр байрны 00 тоот, 179.33 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үнийн саналыг авах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч Г.Э 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /хх 53/, төлбөр төлөгч буюу өмчлөгч Ч.С 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр /хх 54/ тус тус уг орон сууцыг 538 000 000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлсэн байх ба төлбөр авагч “Экокапитал ББСБ” ХХК нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн саналаа ирүүлжээ. /хх55/ Иймд талуудын үнэлгээний санал нийлсэн тул тохиролцсон гэж дүгнэнэ.

 

Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 538 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 376 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай  нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3/7491 тоот албан бичгээр мэдэгдэж, албадан дуудлага худалдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11078 тоот албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргах байтал нэхэмжлэгч гомдлыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг 1 сар 14 хоногоор хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Ийнхүү үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллага хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, “Экокапитал” ББСБ-тай үл хөдлөх үнэлгээний талаар ямар нэг тохиролцоогүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА