Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 9

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогч Б.Идэрчулуун,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Батзориг,

шүүгдэгч Л.Батжаргал, түүний өмгөөлөгч Д.Батсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар  1651) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Армагууд овогт Лхагвадоржийн Батжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000150 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Армагууд овогт Лхагвадоржийн Батжаргал, Улаанбаатар хотод 1997 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, Монмагнит ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 739 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП97090270.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны замд 2016 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн 15 цагийн орчим Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 е дэх заалтуудыг зөрчсөнөөс, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Идэрчулууны жолоодож явсан Volkswagen Touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж 47.241.081 төгрөгийн шууд хохирол, 50.198.420 төгрөгийн нийт хохирол, өөрийн жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашинд 1.590.000 төгрөгийн шууд хохирол, 1.859.000 төгрөгийн нийт хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Л.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв. 

Хохирогч Б.Идэрчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Борнуур ороод Улаанбаатар хот руу ирж яваад...13 цаг 50 минутын орчим мөргөлдсөн. Даваа 2 талаасаа битүү түгжээтэй, цуваагаар машинууд ойрхон, ойрхон явж байсан. ...Миний урд талд ч дүүрэн машинтай, миний өмнө явсан машин шороон дээр гарахад эсрэг урсгалаас дундуур нь асар хурдтай нэг машин чихээд гараад ирсэн. ...Би ямар ч хөдөлгөөн хийж амжаагүй, асар хурдтай орж ирээд мөргөчихсөн. Миний ослын дэр задраад, ард сууж байсан хүмүүсийн аваарын бүс тайлагдахгүй, манай эхнэр ухаан алдаад унасан. Миний ард явсан машин зогсоод машиндаа явж байсан 2 хүнийг буулгаад, миний машинд байсан эхнэр, хүүхдүүдийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...осол гарсаны орой бид нар бүгд тархи толгойгоо бариулсан. Энэ хугацаанд шүүгдэгч бид нартай нэг ч удаа уулзаагүй, машинаа гаргаж авах хэрэгтэй байна гэж нэг удаа утсаар ярьсан. Миний машин бол Таван богдоос цоо шинээр нь 3 жилийн өмнө авсан машин...Таван богд дээр очиход засварлах боломжгүй, гэмтсэн сэлбэгүүдийг солиход 78.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Машины хувьд хуучин задарсан сэлбэг олдох боломжгүй байсан. Үнэлгээний компанид үзүүлэхэд хэзээ ч босохгүй машин, Монгол улсад орж ирээд 2 жил болсон бол хуучин машин гэж хэлээд 50 гаран сая төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Шинжлэн ухааны талаас судлахад хөдөлгөөн, хурд бага байсан машин нь илүү их гэмтдэг юм байна. ...Германы хамгаалалт сайтай машин мөргөсөн тулдаа өнөөдөр шүүгдэгч 4 хүний амь нас ярихгүй сууж байгаадаа баярлах ёстой. Хохирлын хувьд би бүх зардлыг өөрөө төлсөн. Би үнэлгээний компаний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Өнөөдрийн байдлаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлүүлэх өмгөөлөгч авах мөнгөтэй хэрнээ, надаас та яаж байна, зүгээр үү гээд нэг ч удаа асууж сэтгэл гараагүй, хэрэг хийсэн шинжгүй явж байсанд гомдолтой байсан. Би машинаа бүтэн болгож авах хүсэлтэй байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Батзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батжаргалд тээврийн хэрэгсэл худалдаад 2.250.000 төгрөгийн төлбөр төлөөгүй дутуу байсан учраас тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөөгүй, нотариатаар баталгаажуулсан байсан. Үлдэгдэл  2.250.000 төгрөгөө өгвөл нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Идэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр...14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг...Баруун турууны давааны орой хэсэгт ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй өөрийн эзэмшлийн Volkswagen Touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай автомашинтай...давааны орой хэсэгт гарах үед урсгал сөрөөд миний явах эгнээнд саарал өнгийн суудлын жижиг машин гараад ирсэн. Би тэр машинтай мөргөлдөхгүй гээд баруун гар тийш дартал тэр машин маш хурдтай дагаж орж ирээд мөргөлдсөн. Би өөрийн утасны дугаараас 102, 103 залгаж дуудлага өгсөн. Овоон дээр байсан хүмүүс тусалж, эхнэр, 2 хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би овооны орой хэсэг рүү өгсөөд гарч байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. ...тэр үед урсгал сөрөөд миний өөдөөс 10 орчим метрийн зайтай асар хурдтай машин орж ирээд л мөргөсөн. Би машинаа Таван богд ХХК-иас шинээр 100 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. ...би машинаа л хуучин хэвэнд нь оруулмаар байна. ...тухайн үед миний автомашинд эхнэр Баясгалан, 2 хүүхэд маань явж байсан, нөгөө машинд 2 эрэгтэй, 2 эмэгтэй залуухан хүүхдүүд явж байсан. Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Л.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: Бид нар гэр бүлээрээ 2016 оны 02 дугаар сарын 11-ний өглөө...айлд...золголт хийчихээд буцаж явсан. Тухайн үед манай нөхөр Volkswagen Touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай автомашиныг жолоодоод, би хажуу талд нь суугаад ар талын суудалд /13 настай Маргад-Эрдэнэ, 7 настай Анар-Эрдэнэ/ хоёр хүүхэд маань сууж явсан. ...14 цаг өнгөрч байхад нэг даваа өгсөөд явж байгаад давааны орой хэсэг дээр гарч ирэх үед эсрэг урсгалаас цайвар өнгийн Hyundai Sonata 6 маркийн автомашин урсгал сөрөөд...ойрхон тулаад ороод ирэхэд нь...манай нөхөр тэр автомашинаас бултуулж баруун гар тийшээ замын хажуу тал руу гартал нөгөө машин сөрөөд явж байсан чигээрээ дагаж зүүн гар тийш дараад, манай машинтай мөргөлдсөн. ...эмнэлэгт 2 хүүхэдтэйгээ шинжилгээ өгч эмчид үзүүлсэн. Бид 3-ын биеийн байдлыг гайгүй гэж байсан. ...тухайн үед замын хөдөлгөөн их байсан. Эсрэг урсгал ч тэр манай урсгал ч гэсэн хөдөлгөөн ихтэй...гадаа цасан шуургатай байсан. ... Би өөрийн болон 2 хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад санал байхгүй, машины хохирлоо барагдуулж авмаар байна. Бид нар бүгдээрээ хамгаалах бүстэй явж байсан. ...мөргөлдсөн авто машинд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 10-ны орой хамаатаны ах Лхагвадоржийн гэрт нь очиж хоноод, маргааш өглөө нь 10 цагийн үед Батжаргалын хамт түүний машинаар Баянхошуунд байдаг найз Болортуяа, Ялгуун нарыг авч Дархан-Уул аймаг руу явсан. Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо гараад даваа өөд өгсөж явж байгаад урдаа явж байсан Aксент маркийн автомашиныг Батжаргал гүйцэж түрүүлээд уулын орой хэсэг рүү гараад ирэхэд өөдөөс нь гэнэт машин гарч ирсэн. Тэр машинаас бултуулаад зүүн гар тийшээ дарах үед нөгөө машин бас дагаж дараад баруун хажуу талаас мөргөсөн. Уулын орой хэсэгт дөнгөж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн болохоор эсрэг урсгалдаа явж байсан. ...би жолоочийн хажуу талд, ар талд Болортуяа, Ялгуун нар сууж явсан, бид 4 хамгаалах бүстэй явж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Ялгууны мөрдөн байцаалтад өгсөн: ...би цагаан сарын шинийн 03-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч...Баагийгийн машинаар Дархан хот руу явсан. ...хотоос гараад нилээн явж байхад, урд талын зам түгжрэлтэй, машинууд удаан явж байсан. Баагий эсрэг урсгал руу ороод машинуудыг гүйцэж түрүүлэх гэтэл өөдөөс нь машин гарч ирээд мөргөлдсөн. Бид нар бүгд хамгаалах бүстэй явсан болохоор гэмтээгүй. ...осол болсон газар нь өндөр, орой хэсэг дээрээ овоотой, хүмүүс овоонд өргөл өргөөд, машины түгжрэл их байсан. Нэг машин зогсоод Болортуяа бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Миний бие зүгээр байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36  дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би арын суудалд сууж байсан болохоор машин яагаад мөргөлдсөнийг мэдэхгүй байна. ...Гэмтлийн эмнэлэгт эмчид үзүүлэхэд Ялгуун бид хоёрын биеийг зүгээр байна гэж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39  дэх тал),

Б.Батзоригийн мөрдөн байцаалтад;

-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Hyundai sonata 6  маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин, Volkswagen touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай автомашины хохирлын үнэлгээтэй танилцсан. Ослын хувьд надад гомдол, санал байхгүй, Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин биш гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

-иргэний хариуцагчаар өгсөн: Би хувиараа Да хүрээ захад автомашин борлуулдаг. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л.Батжаргал гэх залуу Солонгос улсаас оруулж ирүүлсэн Hyundai sonata 6 маркийн автомашиныг 5.300.000 төгрөгөөр авахаар тохирч, бэлнээр 2.300.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс сар бүр тогтмол энэ өдөртөө 750.000 төгрөг өгч, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр сүүлийн 750.000 төгрөгийг өгөхөөр тохирч бичгээр хэлцэл байгуулсан. Автомашины мөнгө гүйцэт төлөгдөөгүй учир би автомашиныг өөрийн нэр дээр авч, авто тээврийн газраас 30-25 УБЦ дугаарыг авсан. Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин нь Батжаргалын эзэмшлийн автомашин юм. Уг автомашиныг зарахдаа Улаанбаатар хотод Авто тээврийн газарт оношлогоонд оруулсан ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан. Бусдад учруулсан хохирлыг төлөх чадвар надад байхгүй, би төлж чадахгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Шүүгдэгч Л.Батжаргалын мөрдөн байцаалтад;

-cэжигтнээр өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч Энхбаярын хамт Дарханы замд байдаг түүний найзынд очих гээд миний Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашинаар гарсан. 22-н товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 50-60 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би уул өөд өгсөөд урдаа явж байсан ногоон өнгийн Aксент маркийн автомашиныг гүйцэт түрүүлээд уулын өндөр хэсэгт гараад иртэл өөдөөс машин гараад ирсэн. Би урсгал сөрөөд явж байсан болохоор тэр машинаас бултуулаад зүүн гар тал руугаа дартал тэр машин ч гэсэн баруун тийшээ дарж орж ирээд мөргөлдсөн. ...уул өөд гараад иртэл 5-6 метрийн зайд эсрэг урсгалд машин явж байгаа харагдсан, тэр үед би эсрэг урсгалд явж байсан. ...Hyundai Sonata 6 маркийн Солонгоc улсаас орж ирсэн автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 23-нд Да хүрээ зах дээр зогсдог Батгэрэл овогтой Батзориг гэх хүнээс 5.300.000 төгрөгөөр авч, бэлнээр 2.300.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг сард 750.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ хийж, Батзориг гэдэг хүний нэр дээр нь гэрчилгээг гаргаж, төлбөр дууссаны дараа нэр дээрээ шилжүүлж авахаар болсон юм. Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин миний өөрийн машин юм. ...Зам ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, өгсүүр, халтиргаа байхгүй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн бага байсан. ...Би 2015 оны 12 дугаар сард жолооны курс төгсөөд жолооны үнэмлэх гараагүй байхад машин барьж яваад осол гаргасан юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123, 124 дэх тал),

-яллагдагчаар өгсөн ...уулын орой хэсэгт гараад иртэл 5-10 метрийн урд талд урдаас саарал өнгийн жийп машин ороод ирэхээр нь мөргөхгүй гээд зүүн гар тал руугаа ортол тэр машин ч гэсэн надтай адилхан дараад хоорондоо мөргөлдсөн. Би үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт машин гүйцэж түрүүлж явж байснаас осол болчихлоо. ...Би өөрөөсөө гадна 3 зорчигчтой явж байсан. ...Миний автомашинд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байсан. ...Би сүүлд осол гаргасаны дараа жолооны үнэмлэхээ жолооны курсээс аваад биедээ авч явж байгаад саяхан хаячихсан, одоо үнэмлэх байхгүй. Би хохирлоо удаан хугацаагаар төлж л барагдуулж чадна. Үнэлгээний дүнтэй танилцсан, бүгдийг нь нэг дор өгч чадахгүй, төлж барагдуулна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127, 128 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2451, 2452, 2386, 2387 дугаартай

-...И.Анар-Эрдэний биед гэмтэл тогтоогдсонгүй (хавтаст хэргийн 44 дэх тал),

-...И.Маргад-Эрдэний биед гэмтэл тогтоогдсонгүй (хавтаст хэргийн 46 дахь тал),

 -...Баясгалангийн биед баруун ташаа баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй (хавтаст хэргийн 48 дахь тал),

-...Идэрчулууны биед баруун гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтүүд.    

 

Капитал Эстимэйт ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1516 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээнд Б.Идэрчулуун эзэмшигчтэй Volkswagen Touareg загварын 00-08 УНД улсын дугаартай автомашиныг засварлах зардал 2 191 000 төгрөг, эвдэрсэн эд анги солиход 45 050 081 төгрөг буюу нийт шууд зардалд 47 241 081 төгрөг, нийт  үнэлгээгээр 50 198 420 төгрөг  гэх тайлан (хавтаст хэргийн 55-58 дахь тал),

Вендо ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2728 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээнд Б.Батзориг эзэмшигчтэй Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашиныг засварлах зардалд 90.000 төгрөг, эвдэрсэн эд анги солиход 1.500.000 төгрөг буюу нийт шууд зардалд 1.590.000 төгрөг, нийт үнэлгээгээр 1.859.000 төгрөг гэх тайлан (хавтаст хэргийн 101-103 дахь тал),

Улаанбаатар хотын цагдаагийн газрын, Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 141 дүгээр техникийн шинжээчийн дүгнэлт:

...1. Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомаши жолоодон явсан жолооч Л.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

  • 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно,
  • 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалт Гүйцэж  түрүүлэхийг хориглох тохиолдол-ын е/-д эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Volkswagen Touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Идэрчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 114 дэх тал),

             

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 3, 4), хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7), жолоочийн согтуурал шалгасан магадлагаа (хавтаст хэргийн 11, 130),

хохирогчийн иргэний болон жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 19, 20), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 43, 45, 47, 49, 54, 60, 153),

шүүгдэгчийн иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 133, 131) оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 158), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 139-141, 186, 187), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 150), жолоочийн хариуцлагын албан даатгалын журмын даатгалын гэрээний мэдүүлэгийн маягтын хуулбар (хавтаст хэргийн 130),  тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах бичгийн болон нотариатаар баталгаажуулсан гэрээ  (хавтаст хэргийн 26, 151, 152), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 14, 15) дахь талуудад авагдсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 зам буюу Баруун турууны даваа өгсөх замд 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтын е дэх хэсгийг тус тус зөрчсөнөөс, хохирогч Б.Идэрчулууны жолоодож явсан Volkswagen Touareg маркийн 00-08 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж, 47.241.081 төгрөгийн шууд, 50.198.420 төгрөгийн нийт хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 141 дүгээр дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Батжаргалыг Тээврийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчин бусдад 50.198.420 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлд шүүгдэгч Л.Батжаргалын өмгөөлөгч Д.Батсайхан Яллах дүгнэлтийг үндэслэл муутай хэт нэг талыг барьсан байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд байгаа Замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас Идэрчулууныг мөргөсний улмаас осол гарсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүмжлэл явуулсан боловч дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Батжаргалын жолоодож явсан тээврийн хэрэгсэл Б.Батзоригийн эзэмшилд бүртгэлтэй (хавтаст хэргийн 150) байх боловч тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр байгуулсан, мөн дээрх гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулсан байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Батжаргал нь тухайн тээврийн хэрэгслийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсанаас хойш эзэмшиж, ашиглаж байсан нь түүний мөрдөн байцааалтад өгсөн ...Hyundai Sonata 6 маркийн Солонгоc улсаас орж ирсэн автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 23-нд Да хүрээ зах дээр зогсдог Батгэрэл овогтой Батзориг гэх хүнээс 5.300.000 төгрөгөөр авч, бэлнээр 2.300.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг сард 750.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ хийж, Батзориг гэдэг хүний нэр дээр нь гэрчилгээг гаргаж, төлбөр дууссаны дараа нэр дээрээ шилжүүлж авахаар болсон юм. Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин миний өөрийн машин юм... гэсэн мэдүүлэг. Иргэний нэхэмжлэгч хариуцагчаар тогтоогдсон Б.Батзориг  мөрдөн байцаалтад ...Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин биш (хавтаст хэргийн 25),

...Автомашины мөнгө гүйцэт төлөгдөөгүй учир би автомашиныг өөрийн нэр дээр авч, авто тээврийн газраас 30-25 УБЦ дугаарыг авсан. Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашин нь Батжаргалын эзэмшлийн автомашин юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23) зэргээс дүгнэхэд Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батжаргал болох нь тогтоогдож байна.

 

Иймд мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Б.Батзоригийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн тээврийн прокурорын газраас шүүгдэгч Л.Батжаргалыг иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай автомашинд 1.590.000 төгрөгийн шууд хохирол, 1.859.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх Л.Батжаргалын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Батжаргал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 137 дахь тал)         

Тиймээс шүүгдэгч Л.Батжаргалд шүүх ял оногдуулахдаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгаа зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Батжаргалын жолоочийн үнэмлэх хэрэгт хавсаргаж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Л.Батжаргалын Төрийн банк-ны 108300011445 тоот данс, Хаан банкин дахь 5019380575 тоот төгрөгийн харилцах данс, 5166159839 тоот төгрөгийн хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 30-25 УБЦ улсын дугаартай Hyundai sonata 6 маркийн автомашиныг битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж тухайн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Шүүгдэгч Л.Батжаргал нь 30-25 УБЦ улсын дугаартай Hyundai sonata 6 маркийн автомашиныг хэлцлийн үндсэн дээр худалдан авч, бодитоор эзэмшиж ашиглаж байгаа, нөгөө талаар гэм хор учруулсан этгээд бөгөөд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй этгээд байна. Иймд тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Идэрчулуунд хавтаст хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 43, 45, 47, 49, 54, 60, 153) болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний байгууллагын тайланд тусгагдсан 50.198.420 төгрөг (хавтаст хэргийн 55-58), нийт 51.783.420 төгрөгийг шүүгдэгч Л.Батжаргалаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин иргэний хариуцагч Б.Батзоригийг эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэстэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Армагууд овогт Лхагвагдоржийн Батжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс иргэний нэхэмжлэгч Б.Батзоригт 1.859.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Армагдууд овогт Лхагвадоржийн Батжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Батжаргалаас 51.783.420 (тавин нэгэн сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Идэрчулуунд олгож, иргэний хариуцагч Б.Батзоригийг эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

7. Хэрэгт Hyundai sonata 6 маркийн 30-25 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, дээрх автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батжаргалын Төрийн банк-ны 108300011445 тоот данс, Хаан банкин дахь 5019380575 тоот төгрөгийн харилцах данс, 5166159839 тоот төгрөгийн хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Л.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 1081949 дугаартай үнэмлэх хэрэгт ирээгүйг тэмдэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шүүгдэгч Л.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт   зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ