Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 021

 

   М.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой, М.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор М.Фарида нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1962 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар бүрэн дунд сургуульд нягтлан бодогч ажилтай, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж  овогт М-ын Т  /Регистрийн дугаар: 00000/.

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Өлгий сумын 2 дугаар бага сургуулийн албаны өрөөнд Х.Е-тай муудалцаж, улмаар нударгаараа түүний нүүрний баруун тал буюу шанаа орчимд нэг удаа цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор: “1. М.Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч М.Т-гээс эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/ төгрөгийг гаруулж хохирогч Х.Е-д олгож, хохирогчийн нэхэмжилж буй 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 578182 /таван зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...хохирогчийн нэхэмжилж буй 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 578182 /таван зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, 1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Т-гийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Е-аас нэг ч удаа уучлалт хүсээгүй, нөгөөтээгүүр, гэмт хэрэг үйлдээгүй хэмээн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан тул өөрийгөө өмгөөлүүлэхийн тулд өмгөөлөгч сонгон авсан. Хэрэв М.Т-гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Х.Е-аас уучлалт гуйсан тохиолдолд өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас өмгөөлөгч авахаас өөр араггүй байдалд хүрсэн. Өмгөөлүүлж байгаа нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын дагуу хийгдэж буй хүсэлт зориг байгаа хэдий ч хэрэв Х.Е-д шүүгдэгч М.Т нь хөнгөн гэмтэл учруулаагүй бол дээрх зардал гарахгүй, өөрөөр хэлбэл 400000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй байсан. Иймд, анхан шатны шүүхээс өмгөөллийн хөлсөнд гарсан зардлыг уг гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Харин 7 хоногийн ажлын хөлс болох 178182 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс энэ талаар дүгнэлт хийхдээ ...шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд учирсан хохирол нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. Иймд хохирогч Х.Е нь энэ хугацаанд ажлаа хийх боломжтой байсан ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж боломжгүй байна... гэжээ. Хэрэв хөнгөн гэмтэл учруулаагүй бол Х.Е ажлаасаа чөлөө авахгүйгээр ажлаа эрхлэх боломжтой байсан. Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хөдөлмөрлөх нөхцөл боломж бүрдээгүй. Учир нь, тухайн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад гомдол гаргах, эмнэлэгт үзлэг хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, мэдүүлэг өгөх, эмчлүүлэх, эм тан авах зэрэг ажлууд явагдсан. Хэрэв М.Т-д цохиулсны дараа хөдөлмөрлөх боломжтой гэх үүднээс ажлаа эрхэлж явсан нөхцөлд хэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэн Х.Е-ы өмнөөс явж эмнэлэгт үзүүлэх ёстой байсан бэ гэх асуудлыг тооцоолоогүй. Хөдөлмөр эрхлэх боломжтой ч энэ асуудлын араас хохирогч өөрөө явж хөөцөлдөхгүй бол М.Т-гийн зүгээс уг асуудалд хандахгүй нь тодорхой. Тиймээс, анхан шатны шүүхээс хохирогч Х.Е-ы 7 хоногийн ажлын хөлсийг хохиролд тооцоогүй нь хуульд нийцээгүй байна. Иймд, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч Х.Е-ы өмгөөлөгч Х.Тасхыны гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Өлгий сумын 2 дугаар  сургуулийн байранд хохирогч Х.Е-тай маргалдсаны улмаас түүний баруун талын хацарт гараараа цохисны улмаас тархины доргилт, баруун хацар хавдартай, зөөлөн эдийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамааруулан, мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг тогтоож шүүгдэгч М.Т бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

           

Шүүгдэгч М.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулахаар байна. 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 22 дугаартай “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтын 1 дүгээр заалтад хохирогчийн өмгөөлөгчид төлөх хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсний хэмжээг 400.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн энэхүү зардлыг гэм буруутай этгээд М.Т-гээс гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж хуульчилжээ.

 

Харин хохирогч Х.Е нь 7 хоног ажилдаа яваагүй үеийн ажлын хөлсийг гаргаж тооцох боломжгүй байна. Баян-Өлгий аймгийн Нефть хангамжийн салбарын хүний нөөцийн менежер С.Н-ны “Х.Е нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоног өвчний учир цалингүй ажил тасалсан ба ажлын нэг хоногийн цалин 25.455 /хорин таван мянга дөрвөн зуун тавин таван/ төгрөг долоо хоног нь 178.182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг болохыг тодорхойлсон албан бичиг”-ээр тодорхой бус шалтгаанаар ажил тасалсныг тодорхойлсон, хавтаст хэрэгт өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх акт байхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн “өмгөөллийн гэрээ төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй, өөрийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж буруу дүгнэснийг дээрх үндэслэлээр залруулж, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч М.Т-гээс эмчилгээний зардал 75000 /далан таван мянга/, өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Х.Е-д олгож, хохирогчийн нэхэмжилж буй 7 хоногийн цалин 178182 /нэг зуун далан найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ