Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02070

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02070

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8-8 тоотод бүртгэлтэй ч, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, 43 дугаар байр, 104 тоотод байрлах Мөнгөн глобал ББСБ /Регистрийн дугаар:5683904/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамж, 67б тоотод оршин суух, Дов овогт Петрийн Мөнхцолмон /Регистрийн дугаар:НЗ85111018/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 73.505.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ш.Балжинням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: П.Мөнхцолмон нь Мөнгөн Глобал ББСБ-аас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/13-31 тоот зээлийн гэрээгээр 27.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн.Зээл авсанаас хойш 2014 оны 3 сарын сүүл хүртэл 3 удаагийн төлөлтөөр хүү 1.097.100 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 396.900 төгрөг нийтдээ 1.494.000 төгрөгийг төлсөн.

Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эрэн сурвалжлах шийдвэр гарч байсан. Эрэн сурвалжлах ажиллагаагаар түүний хаягийг тогтоож өгсөн ч дахин нэхэмжлэл гаргахад алга болж байсан. Зээлдэгч П.Мөнхцолмон өнөөг хүртэл зээлийг төлөхөөс зайлсхийж манай байгууллагад их хэмжээний хохирол учрах нөхцөл байдлыг үүсгээд байна.

Зээлийн гэрээг зээлдэгч П.Мөнхцолмон, хамтран зээлдэгч Б.Оюунчимэг нартай байгуулсан хэдий ч зээлийн мөнгийг бид П.Мөнхцолмонгийн дансанд шилжүүлсэн тул өөрийн эрхийн хүрээнд үүргийг зөвхөн түүнээс шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа.

Иймд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 27.000.000 төгрөг, хүү39.128.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.377.300 төгрөг нийт 73.505.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү 7.377.300 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл, хүүгээ дэмжиж нийт 64.251.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481 тоот гэрчилгээтэй 121 мкв хувийн орон сууц, мөн хаягт орших Г-2201002371 тоот 700 мкв газар зэрэг зээлийн барьцаа хөрөнгөнөөсхангуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Зээлдэгч нар нь манай байгууллагаас зээлийн үйлчилгээ авахдаа манай Мөнгөн Глобал ББСБ-ийн зээл авахад тавигдах үндсэн шаардлагыг хангасан учраас хуульд заасны дагуу бид зээл өгсөн. Бидний зүгээс дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулан хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Бид хэн алиныг нь танихгүй. Иргэн П.Мөнхцолмон. Б.Оюунчимэг нарын хооронд үүссэн асуудал нь хувийн шинжтэй асуудал байхын дээр эрүүгийн эрх зүйн асуудал тул манай байгууллагатай хийгдсэн зээлийн гэрээний үүрэгтэй ямар нэгэн учир холбогдолгүй.Тухайн үед иргэн П.Мөнхцолмон манай байгууллагатай зээлийн гэрээг байгуулахдаа сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж хамтран зээлдэгч Б.Оюунчимэгтэйгээ гэрээний нөхцөл болон эрх, үүрэг учирчболох үр дагаварыг бүрэн тооцоолон монгол хэл дээр гэрээг уншиж танилцан эрх, үүргээ бүрэн ухамсарлан, хөндлөнгийн ямарч этгээдийн дарамт шахалт нөлөөгүйгээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсанчилан дарамт шахалт үзүүлсэн гэх асуудал манай ББСБ-тай холбогдолгүй.Зээлдэгч нар санаатайгаар зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байх гэсэн зорилгоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байгаа болно.

Мөн хуульд зааснаар хүчинд автаж хийсэн бол нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл зээлийн хүүгээ эхний үед төлөөд явж байсан. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл манайд энэ талаар хариуцагчийн зүгээс хандаж ярьж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн ах П.Баатарчулуун нь ахыг нь толгой руу заазуурдаж зодож дарамтлаад байна. Мөнгө төгрөг зээл авч энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохоо байгаад байна, ах нь өөрөө хариуцъя, туслаач гэж гуйсан. Нүүр ам нь хавдаад хачин аймаар зодуулчихсан байхаар ахыг өрөвдөж туслахыг бодсон. Надад мөнгөний шаардлага огт байгаагүй, зээл авах ямар нэгэн хүсэл зориг, зорилго байгаагүй, өөрийн гэсэн ажил төрөлтэй байсан.

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Оюунчимэг, Буяндорж гэдэг 2 хүнтэй 10-р хорооллын урд Гермэс худалдааны төвийн хажуу дахь "Мөнгөн глобал" ББСБ дээр ирж зээлийн гэрээнд гарын үсэг зураач гэж гуйснаар нь очиж 27 сая төгрөгний зээл, зээл болон барьцааны гэрээ хийгээд хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг хамтран зээлдэгчэзр зээлийн гэрээнд гарын үсэг зурчихаад, Б.Оюунчимэг барьцаалбарыг өдөрт нь Чингэлтэй дүүргийн үл хөдлөх дээр танил талаараа гаргасан. Дансаар орж ирсэн мөнгийг ахад хүлээлгэж өгөөд, би харьсан.

Гэтэл Б.Оюунчимэг, Буяндэлгэр нар нь өөрийн хүүхдээ дагуулан ирж манай байшингийн цонхыг хагалан орж эхнэр хүүхдийг маань айлган сүрдүүлж намайг ахыгаа олж өг гэж, нийлж зодож, барьцаалан гэртээ хонуулсан. Мөн 2 хоногийн өмнө П.Баатарчулуун ахыг зээл хүчээр авахуулахаар гэртээ барьцаалж,Б.Оюунчимэг заазуурдаж, гэртээ барьцаалж, зодож нүдэж хоносон гэсэн.

Миний хувьд 2014 оны хавраас эхлэн хөдөө мал маллаж өдий хүрсэн. Уг зээлийн төлөлтийн талаар ах надад огт мэдээлэл өгч байгаагүй, эрэн сурвалжилж байсныг мэдээгүй, зээлийг юунд зарцуулсныг мэдэхгүй, зээлийн талаар ах надад мэдээлэл өгч байгаагүй. Зээлийн хувьд би мөнгийг огт аваагүй, мэдэхгүй, зээл авах ямар шалтгаан байсныг зөвхөн ах мэднэ.

Миний бие өөртөө болон өөрийн гэр бүлийн гишүүд өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед аюул учирна гэж айсан, тэрхүү нөхцөл байдал бүрдсэн гэж итгэсэн учраас Мөнгөн Глобал ББСБ-тай хийсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж уг өргөдлийг шалгах явцад ах П.Баатарчулууны маань биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ байдал нь Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа.

Ах нүүр ам нь хавдаж заазуурдуулсан байдалтай дарамтанд байсан, нөхцөл байдал хүнд энэ үед Мөнгөн глобал ББСБ нь дарамтанд орсныг мэдсээр байж таньдаг хүндээ зээл олгосон. Дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн П.Мөнхцолмон, Мөнгөн Глобал ББСБ-ын хооронд байгуулагдсан 2013 оны 11 сарын 21-ний өдрийн ЗГ 13/31 тоот зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК нь хариуцагч П.Мөнхцолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73.505.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 7.377.300 төгрөгөөр багасгав.

Нэг талаас Мөнгөн глобал ББСБ, нөгөө талаас П.Мөнхцолмон, Б.Оюунчимэг нар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тохиролцож, зээлдүүлэгч 27.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатайгаар зээлдэгчдийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 3,5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөх, мөн П.Мөнхцолмонгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481, Г-2202002371 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371Б тоотод байрлах 700 мкв талбайтай газар, 121 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар БГ/13-31 тоот зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулжээ.

Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан, эргэн төлөлтөд 1.494.000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтуудад маргаагүй байна.

Харин уг гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, мөнгөн хөрөнгийг ах П.Баатарчулуунд өгч өөрөө аваагүй, гуравдагч этгээдийн зүгээс гэр бүлийн гишүүнд хүч хэрэглэхээр заналхийлсний улмаас хүчинд автан гэрээг байгуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс ах П.Баатарчулуун болон өөрийг нь хүч хэрэглэж дарамталсан, бусдад барьцаалагдсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3813 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байхаас гадна нэхэмжлэлдээ мөнгөн хөрөнгийг өөрөө авч ах П.Баатарчулуунд шилжүүлсэн тухайгаа дурдсан, ах П.Баатарчулуун шилжүүлэн авсан мөнгөнөөс 17.500.000 төгрөгийг буюу зарим хэсгийг Б.Оюунчимэгт шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтөд 1.494.000 төгрөгийг эргүүлэн төлж байсан зэргээс үзвэл шүүх дээрх гэрээг хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж үзэв. Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар дээрх гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн ах П.Баатарчулууны зүгээс тусдаа цагдаад гомдол гаргаж байгаагүй, П.Мөнхцолмонгийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдолд хамтран явж байсан гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Иймд зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна гэж үзэн, нэхэмжлэгч зээл, хүү шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг оролцсон байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг буюу П.Мөнхцолмонгоос үүргийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буруутгах үндэслэлгүй.

Харин хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэгээс уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр жич шаардах эрх нээлттэй.

Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 39.128.400 төгрөг нэхэмжилж байх боловч дээрх хугацааны хүүг тооцон үзвэл 38.745.000 төгрөг, үүнээс урьд төлсөн 1.494.000 төгрөгийг хасч тооцвол 37.251.000 төгрөг байх тул хариуцагчаас үндсэн зээл 27.000.000 төгрөг, хүү 37.251.000 төгрөг нийт 64.251.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 1.877.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 525.479 төгрөг төлөхөөс 518.479 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 7.000 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар П.Мөнхцолмонгоос 64.251.000 /жаран дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.494.000 төгрөг, 2013 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.Мөнхцолмонгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481, Г-2202002371 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371Б тоотод байрлах 700 мкв талбайтай газар, 121 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.479 төгрөг, хариуцагчаас төлсөн 292.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 7.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 479.205 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ