| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 022 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 022
Ш.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолтой, Ш.Е-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор Б.Ботакөз, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1966 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дүгээр багт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, таксинд явж орлого олдог, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ш-ы Е, РД: 000000;
Шүүгдэгч Ш.Е нь иргэн К.Р-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ш.Е-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е-ыг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч Ш.Е нь Өлгий сумын 4 дүгээр багт орших гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө согтуугаар хохирогч К.Р-ийг “манайд, надтай унтсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөрш айлын хүмүүс З.К, Ж.Б нарт хохирогч К.Р-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлээд, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Е-ыг хохирогч К.Р-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, гэрч З.К, Ж.Б нарт хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолын шүүгдэгч Ш.Е гэрч З.К, Ж.Б нарт хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд нь:
Ш.Е нь өөрийнхөө үйлдсэн К.Р-ийг зодсон хэргийг нуун дарагдуулахын тулд хөрш З.К, Ж.Б нарт “Р-ийг үл таних 2 хүн зодож байсан” гэж цагдаагийн байгууллагад зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн талаар гэрч З.К, Ж.Б нар мэдүүлсэн, гадаа ямар нэгэн хүн Р-ийг зодоогүй болох нь бусад гэрч нарыг байцаахад тогтоогдсон. Гэрч З.К, Ж.Б нар анх цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгөхдөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн тул тэднийг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах боломжгүй болсон. Учир нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд...” гэж тодорхой, тусгайлан зааж өгсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн гэрчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон байна. Харин Эрүүгийн хуулийн 21.5 /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх....зорилгоор...” гэж заасан ба энэ заалтад аль төрлийн хэргийг /эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн/ шалган шийдвэрлэх үед худал мэдүүлэг өгүүлсэн талаар тусгайлан заагаагүй тул эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн бүх хэргийн гэрч хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгүүлсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцогдохоор байна. Тиймээс шүүгдэгч Ш.Е-ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарыг ятгаж хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан болно.
Шүүхээс “худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудад дүгнэлт хийж үзэхэд нотлогдохгүй байна”, “ ...прокуророос худал мэдүүлэг өгсөн гэрч болох З.К, Ж.Б нарт зөрчлийн хэргийн үед худал мэдүүлэг өгч байсан тул гэрч нар Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа нь авцалдаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх худал мэдүүлэг өгсөн гэрчид Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн атлаа зөрчлийн хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь хэргийн бодит байдалтай /шүүгдэгчийн сэдэлт, санаа, зорилго, үйлдлийн хор уршиг/ нийцээгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нотлох баримтууд болох хохирогч К.Р-ийн “намайг Е зодсон” гэж шууд заасан мэдүүлэг, гэрч З.К, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Т, А.Ө, Х.А, А.Ж, Л.Б, насанд хүрээгүй гэрч Ж.М, насанд хүрээгүй гэрч Ж.Н нарын болон хохирогч Р-тэй утсаар ярьсан гэх бусад гэрч нарын мэдүүлэг, Ш.Е К.Р-ийг зодчихоод гомдолгүй талаар зориуд бичүүлж авсан гар баримт зэрэг нотлох баримтуудыг гэрчид худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгтэй холбон дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож гэрчид хууль бусаар нөлөөлж зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянав.
Ш.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт орших гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуугаар хохирогч К.Р-ийг “манайд, надтай унтсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөршүүд нь болох З.К, Ж.Б нарт хохирогч К.Р-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь хуульд нийцсэн, Ш.Е-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Е-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Шүүх “Шүүгдэгч Ш.Е-д зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөршүүд нь З.К, Ж.Б нарт “хохирогч К.Р-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан” гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атлаа, прокуророос худал мэдүүлэг өгсөн гэрч болох З.К, Ж.Б нарт зөрчлийн хэргийн үед худал мэдүүлэг өгч байсан тул гэрч нар Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа нь авцалдаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх худал мэдүүлэг өгсөн гэрчид Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн атлаа зөрчлийн хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
Гэрч З.К, Ж.Б нар нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад “хохирогч К.Р-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан” гэж худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон бөгөөд гэрч нарын уг үйлдэлтэй холбогдуулан шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухайн үйл баримт хамааралгүй заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй болжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.Е нь гэрчид хууль бусаар нөлөөлсөн нь тогтоогдсон байхад шүүхээс шүүгдэгчийн уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо “зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад гэрчүүдэд хууль сануулаагүй” гэсэн үйл баримтыг үндэс болгожээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд түүний энэхүү үүргийг хэрэгжүүлэхэд хууль бусаар нөлөөлсний улмаас гэрч худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон тохиолдолд, гэрчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль сануулаагүй үйл баримт нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад ятгах аргаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “гэрч” гэдэгт эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдийг ойлгоно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг удирдлага болгосон нь хуульд нийцээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл заалтууд буюу зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг баримталж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дүгээр сарын 09-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Е-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ