Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 181/2017/01997

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01997

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............суух, Х.Б.. /Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... оршин суух, Х.Э    /Регистрийн дугаар:.............../-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчХ.Б нь 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас 19.600.000 төгрөгийг авч, 400.000 төгрөгийг нэмж нийт 20.000.000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн охин Л.Б 5.000.000 төгрөг, танил Х.Эд 15.000.000 төгрөгийг тус тус өгсөн. Анх Х.Э нь 20 сая төгрөгийг зээлэхээр тохирч, мөнгийг 40 сая болгож өгнө, Хятад улс руу мах ихээр гаргаж өндөр үнээр заруулдаг гэж гуйсны дагуу мөнгийг авч өгсөн. Мөн мөнгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байхаар амаар тохиролцож зээлдүүлсэн байдаг. Зээлийнхээ барьцаанд аав, дүү хоёрынхоо хашааны гэрчилгээг тавьсан ч албан ёсоор зээлийн барьцааны гэрээг үйлдээгүй ч өнөөг хүртэл эх бичиг баримт нь нэхэмжлэгчид байгаа. Дараа нь нэмж 2012 оны 3 дугаар сарын 02-нд 2.000.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 06-нд 2.000.000 төгрөгөөр бэлнээр өгсөн. Х.Э нь нэхэмжлэгчХ.Бгийн охин Л.Бэй ойр дотны харилцаатай байсан тул гэрээг бичгээр байгуулахгүйгээр бэлнээр өгсөн байдаг. Х.Э нь жилийн дараа 13.000.000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 6.000.000 төгрөг, түүний хүү 1.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөгийг төлөөгүй 4 жил шахам элдэв шалтаг тоочин өдийг хүрсэн. Иймд 7.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хүү нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Х.Э өөрийн гараар хэрэгт өгсөн баталгаануудыг бичиж өгснийг эх хувиар өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Э биХ.Бгээс нэг ч төгрөг зээлж аваагүй ба бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөн би баталгаа гарган бичиж байгаагүй.Х.Бгийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд хуурамч, эвлүүлэн канондож хийсэн байна. Мөн би 2017 оны 2 дугаар сарын 10-нд хэзээ ч мөнгө төлнө гэсэн баталгаа гаргаж өгөөгүй. Уг баталгаандХ.Б гэж бичсэн нь миний бичиг биш байх бөгөөд бас л эвлүүлэн хийсэн нь харагдаж байна. Анх 2012 оны 1 дүгээр сардХ.Бгийн төрсөн охин н.Батчимэг бид хоёр хамтран БНХАУ-ын Эрээн хот руу мах гарган ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар болж хөрөнгө оруулалт олохоор түүний ээжХ.Бд хэлж,Х.Б нь бид хоёрт 20.000.000 төгрөгйг Бадарган гэдэг хүнээс 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлж өгсөн. Гэхдээ тэр 20.000.000 төгрөгийг би аваагүй, түүний охин н.Батчимэг Голомт банк дахь өөрийн харилцах дансандаа бүгдийг нь хийсэн. Тэгээд хямд төсөр үнээр их хэмжээний мах авахаар н.Төрбаттай уулзаж 4-5 хоногийн дараа н.Батчимэг өөрийн данснаасаа 13.000.000 төгрөг гаргаж авч, бид хоёр хамт н.Төрбатад өгсөн. Улмаар н.Төрбат мах худалдан авч өгөлгүй удаад байхаар нь 2012 оны 5 дугаар сард түүнээс 13.000.000 төгрөгийг буцаан авч Голомт банк дахь дансаар шилжүүлж буцаан өгсөн. Тэгээд бид мах гаргаж ашиг олох ажил хямд мах олдоогүйгээс зогссон. Удалгүй 2012 оны 6 дугаар сарын дундуур н.Батчимэг,Х.Б нар надтай уулзаад нөгөө 20 сая төгрөг зээлсэн хүн хүүгээ нэхээд байна, өөр хүнээс мөнгө зээлээд нэг жилийн хугацаанд бууз, хуушуур хийж хамтран ажиллаад төлөөд дуусгая, Чи бичигхийгээд, хашаа байшингаа барьцаанд тавих баримт хийгээд өг гэхэд нь би бичиг хийж өгсөн. Хэн гэдэг хүнээс авах юм гэхэд нэрийг нь битгий бич, хоосон үлдээчих гээд бичүүлж авчихаад дахин надад нэг ч төгрөг өгөөгүй, хамтарч ажиллаагүй. Охин н.Батчимэг бүх мөнгөө авчихаад надад өгөөгүй. Тухайн үед надаар бичүүлж авсан бичгийг энд эвлүүлэн канондож хуурамч баримт бүрдүүлэн надаас 7.000.000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт баримтаар өгсөн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн баталгаа гэсэн бичгийг бичсэн гэдэгт маргахгүй. Гэхдээ тухайн өдөр бодитоор 13.000.000 төгрөгийг хариуцагч өөрөө аваагүй харин мах олж өгөхөөр тохиролцсон н.Мөнхбатад өгсөн байна. Гэсэн хэдий ч хариуцагч дээрх 13.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчХ.Б нь хариуцагч Х.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.000.000 төгрөг болгон багасгаж байх ба нэхэмжлэгч Х.Борхүүгээстөлөөлөгчид олгосон итгэмжлэлд түүнд өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргах, шаардлагыг дэмжих, татгалзах, өөрчлөх эрхийг олгосон, дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т нийцсэн хүчин төгөлдөр итгэмжлэл байх тул шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 15.000.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 02-нд 2.000.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 06-нд 2.000.000 төгрөгөөр нийт 19.000.000 төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлсэн, энэ тухай хоёр удаа хариуцагч баталгааг бичиж өгснөөр нотлогдоно гэж, хариуцагч зээлийн гэрээг байгуулаагүй, мөнгийг бодитоор өөрөө шилжүүлэн аваагүй гэж маргав.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа хэрэгт баримтаар авагдсан хоёр удаагийн баталгааг хуурамч, канондож хийсэн эвлүүлэг гэж маргасан хэдий ч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн баталгааг бичиж өгсөн, 2017 оны 2 дугаар сарын 10-нд гэсэн баталгааг нэргүйгээр бичсэнийг нэрийг нэмж нөхөж бичсэн гэж тайлбарлан, харин хариуцагч дээрх баталгааг бичсэн гэдэгт маргахгүй болохоо илэрхийлэв.

Мөн уг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн баталгаанд 20.000.000 төгрөг гэж бичсэн ч бодитоор тухайн өдөр мөнгө шилжүүлэн аваагүй, гуравдагч этгээдэд шилжүүлсэн мөнгөн дүн болох 13.000.000 төгрөгөө буцаан төлж үүргээ гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч уг өдөр бодитоор 15.000.000 төгрөгийг бэлнээр хариуцагчид шилжүүлсэн гэж тус тус маргах боловч хэн алин нь дээрх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчХ.Бгийн Хаан банк дах данснаас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19.600.000 төгрөгийг зарлагдаж гарсан байдал, уг өдөр хариуцагч Х.Э нэхэмжлэгчХ.Бгээр дамжуулан 20.000.000 төгрөгийг авсан тухай 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталгаа бичиж өгсөн байдал, түүнчлэн нэхэмжлэгчХ.Бгийн охин Л.Батцэцэгийн Голомт банкны дансаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х.Эгаас 13.000.000 төгрөгийг буцаан төлсөн байдал зэргээс харьцуулан үзэж нэхэмжлэгчээс хариуцагчид 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан байх тул тухайн өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Харин нэхэмжлэгч 2012 оны 3 дугаар сарын 02-нд 2.000.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 06-нд 2.000.000 төгрөгийг тус тус нэмж зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэмж зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Гэвч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардлага гаргах эрх бүхий тал хуулиар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд баталгаа гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор, түүнчлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг хэзээ буцаан төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд зээлдэгч хэдийд ч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Э 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийг төлж барагдуулахаар баталгаа гаргасан байдал зэргээр шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 15.000.000 төгрөгөөс эргүүлэн төлсөн 13.000.000 төгрөгийг хасч үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Х.Эгаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж,  Х.Борхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ