Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/01005

 

“О И М”ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалтай,

“О И М”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Н Т Г”ХХК-ний “Ү Э Х”нд холбогдох

“Н Т Г” ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”той хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэгээ, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “О И М”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь төмөр эдлэлийн үйлдвэрлэл, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээ, барилгын заслын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”ны дарга Б.Цэцгээ гэх хүн “О И М”ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилчидтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажилчдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн “Ү Э Х”ны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажилчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл юм. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр түүний дуудсанаар ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг бууруулахаас гадна компанид болон ажилчдад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”ны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг/2018 оны 11 сарын 12-ны өдөр № 87 дугаартай, 11 сарын 19-ний өдөр № 93 дугаартай/ ирүүлсэн, “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х” болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, Өөр компанийн ажиллагсдын “Ү Э Х” гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”той хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н Т Г”ХХК-ийн “Ү Э Х” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О И М”ХХК “Н Т Г”ХХК-иуд нь “Э Х”гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар “Э Х”ХХК болсны дараа “Э Х”ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл группын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө. Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалзан “Э Х”ХХК-ийн “Ү Э Х” нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х” болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин “Э Х”ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаниуддаа харьяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай “Ү Э Х” ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай “Ү Э Х”г ганцхан толгой компани буюу “Н Т Г”ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй. “Ү Э Х” компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны хамтын гэрээнд нэхэмжлэгч “О И М”ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь манай “Ү Э Х”той Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О И М”ХХК нь хариуцагч “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”той хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Н Т Г”ХХК-ийн “Ү Э Х”ноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О И М”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэгээ, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянуулахаар энэ гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэх; нэхэмжлэгч-ажил олгогч талын эрх ашгийг хамгаалахдаа, тэнд ажиллагсдын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх, түүнийгээ эдлэх арга баталгааг өөрсдөө сонгох эрхийг дэндүү явцуу буруу тайлбарлан хуулийг хэрэглэж, энэ талаарх Монгол Улсын Олон улсын гэрээний заалтыг хэрэглэхээс зайлсхийж эс хэрэглэснээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй. 1. Ажил олгогч хуулийн этгээд болон ҮЭ-ийн эрх зуйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлын тухайд: а. “Эрдэнэт хивс” гэж нэг хуулийн этгээд болох ХХК ажиллаж байгаад Компанийн тухай болон Иргэний хуульд заасан журмаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан, уламжлалт “Э Х”нэрээ нэг охин компанид үлдээсэн болох нь “Э Х”ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2015 оны 05 сарын 29-ны №3 тоот тогтоолоор тодорхой байна. б. Нэгэнт компани өөрчлөн байгуулагдсан тул “Э Х”ХХК-ийн Үйлдвэрчний хороо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц “Э Х”гэх охин компанид хамаарах шинжтэй болох тул “Ү Э Х”ны Тэргүүлэгчид 2015 оны 08 сарын 26-нд 29 тоот тогтоол гаргаж компанийн бүтэц өөрчлөгдсөн тул “Э Х”ХХК-ийн ҮЭ-ийн хороог “Н Т Г”ҮЭ-ийн хороо болгон толгой компанийн нэршлээр өөрчлөн гэрчилгээ, тамга солиулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна. в. Энэхүү өөрчлөлтийг ажил олгогчид болон ажилтны төлөөллийн байгууллага ҮЭ-ийн хороо аль аль нь хүлээн зөвшөөрч эрх зүйн зөрчилгүй гэж үзэн 2016 оны 04 сарын 25-нд “Н Т Г”ХХК-ийн ажил олгогчийг төлөөлж толгой компанийн захирал болон охин компанийн захирлууд, нийт ажилтныг төлөөлж ҮЭ-ийн хорооны дарга болон охин компанийн төлөөлөл ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүд гарын үсэг зурж хамтын гэрээ байгуулж 2 жил мөрдөж ажиллажээ. г. Дээрх өөрчлөлтөөр “Э Х”ХХК-ийн ҮЭ-ийн хороонд бүртгэлтэй ҮЭ-ийн гишүүд толгой болон охин компанийн ажиллагсад болон тархсан бөгөөд ҮЭ-ийн гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь “Э Т”ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл 200 гаруй /223-242/ гишүүний ҮЭ-ийн татварыг Хамтын гэрээнд тохирсноор суутган ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлж байснаар батлагдаж байна. Энэ нь нэг ажлын байртай толгой охин компаниудын ажиллагсад нэг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад эвлэлдэн нэгдсэн болохыг хангалттай нотлох бөгөөд ингэснээрээ ямар нэг хууль тогтоомж зөрчсөн, хэн нэгний эрх ашгийг хохироосон зүйл байхгүй байна. 2. “Н Т Г”ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”, “О И М”ХХК-тай Хамтын гэрээ байгуулах субъект болох эсэх эрх зүйн байдлын талаар: Ажил олгогчийн маргаж шүүхэд шаардлага болгон тавьж байгаа асуудал энэ тул шүүх энд зөв дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой. а. Ажил олгогчийн маргаж, шүүхэд тавьж байгаа асуудал нь ҮЭ-ийн хорооны нэршил буюу Натураль текстайл групп ХХК-ийн ажиллагсдын ҮЭ-ийн хороо нь ганцхан тэр компанидаа л хамааралтай гэх асуудал. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 29-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-17-д зааснаар ийм Үйлдвэрчний хороо байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн ямар ч зүйл байхгүй. Харин “Э Х”ХХК-ийн ҮЭ-ийн хороо нь “Э Х”ХХК өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор толгой компанийн нэрээр нэрээ өөрчилсөн болох нь дээр дурдсан ҮЭ-ийн хорооны Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ тамгаар батлагдана. б. Хэрэгт авагдсан ҮЭ-ийн Хорооны бүх гишүүдийн төлөөллийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны тайлан сонгуулийн хурлын бүх материалаар гишүүд нь охин ба толгой компанид тархан байрласан нэг ҮЭ-ийн хороо ажиллаж байгаа болох нь толгой болон охин компанид ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд төлөөллөө сонгон төлөөлөгчдийн хурал хийж эрхээ хэрэгжүүлсэн болох нь тодорхой харагдана. в. Гишүүд нь бүх охин компаниудад тархан байрлаж ажиллаж байгаа ҮЭ-ийн хороо нь өмнө мөрдөж байсан нэг Хамтын гэрээний хугацаа дууссаны дараа шинэ Хамтын нэг гэрээ байгуулах санал тавьснаас талуудын хооронд Хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх ажилтны төлөөлөлд үүссэн байгаа. г. Ажил олгогч талтай нэг Хамтын гэрээ байгуулахаар ҮЭ-ийн зориод байгаа гол үндэслэл нь толгой компани “Н Т Г”ХХК-ийн хувьцааны 76 хувийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, 23 хувийг Шагдарсүрэнгийн Баярсайхан гэх нэг ашиг сонирхолтой хүмүүс эзэмшдэг, “О И М”ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь “Н Т Г”ХХК эзэмшдэг учраас охин компаниудын удирдлага, өмчлөл, санхүү эдийн засгийн бүхий л гол шийдвэрийг гаргах эрх толгой компани, түүний хувьцаа эзэмшигчдэд байгаа тул нэг Хамтын гэрээ ажилтны эрх ашгийг илүү хамгаалах үндэслэлтэй холбоотой юм. 3. “О И М”ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл, түүнд нэгдсэн гишүүдийн эсрэг, тэднийг үгүйсгэсэн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар: а. Монгол улсад улсын бүртгэлд бүртгэлтэй 1220 ҮЭ-ийн байгууллага /Үндэсний статистикийн хорооны тайлан. 2017 оны 3-р улирал/ үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 14 нь салбарын, 22 нь нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн Холбоод бөгөөд бусад нь анхан шатны ҮЭ-ийн хороо юм. МҮЭ-ийн Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн дээрх холбоод МҮЭ-ийн Холбооны гишүүн бөгөөд өөр өөрсдийн дүрэмтэй. Анхан шатны ҮЭ-ийн хороод өөрийн дүрэмгүй бөгөөд хүлээн зөвшөөрч нэгдсэн Холбооныхоо дүрмийг баримталж ажилладаг. МҮЭ-ийн Холбооны дүрмийн 11.3-т “Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд “ҮЭ-ийн хороо”, олон салбар, нэгж, хэсэгтэй томоохон байгууллага, нутаг дэвсгэрийн болон ажил мэргэжлийн ижил төстэй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж ҮЭ-ийн нэгдсэн хороо байгуулан ажиллаж болно гэж журамласан бөгөөд энэ заалт нь Орхон аймгийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 10.9 дэх заалтад адилаар томъёологдсон байна. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний эвлэлдэн нэгдэх үндсэн эрх, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Үйлдвэрчний эвлэлүүд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй явуулах эрхэд нийцэж байгаа ба өмчлөгч нэгтэй, компанийн бодлого шийдвэрийг тодорхойлогч эрх ашиг бүхий этгээд нь нэгдмэл, нэг ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн хуулийн этгээдийн дунд нэг ҮЭ-тэй байхыг хязгаарлах ямар ч үндэслэл байхгүй. б. Ажил олгогч нь ҮЭ-ийн хорооны статусыг ганцхан “Н Т Г”ХХК-д хамаарна гэж үгүйсгэснээс хойш ҮЭ-ийн хороо гишүүдээсээ асуумж авахад толгой охин компанид ажилладаг ҮЭ-ийн гишүүдийн 95 хувь нь нэг ҮЭ-ийн хороотой байхыг дэмжсэн байгаа нь ажиллагсад эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлэх хэлбэрээ өөрсдөө тодорхойлж байгаа хэлбэр бөгөөд үүнийг хууль бус гэж тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй. Хамтын нэг гэрээ байгуулах явдал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтад бүрэн нийцнэ. в. “О И М”ХХК-ийн удирдлага ҮЭ-ийн хороог үгүйсгэхийн хамт Ажилтны төлөөлөгчидтэй Хамтын гэрээ байгуулж ажиллагсдын эрхийг хамгаална гэж тайлбарладаг. Гэтэл өнөөх ажилтны төлөөлөгчид гэх ажилчид нь ҮЭ-ийн гишүүд байдаг. Ажилтны төлөөлөгчид ямар ч хамтын гэрээний төсөл санаачилж, хэлэлцээрт орох төлөөллөө чөлөөтэй сонгож, хамтын хэлэлцээр явуулаагүй байхад захиргаа нь Хамтын гэрээ гэх бичиг зохиож зарим ажилчдаар гарын үсэг зуруулах замаар дүр үзүүлсэн Хамтын гэрээ санаачилдаг нь хүний эрхийг өөрсдийн эрх ашгийн тоглоом болгож байгаа хэлбэр юм. г. Монгол Улсын үндсэн хуулийн Аравдугаар зүйл, Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулиар зохицуулсан дараах зохицуулалтыг шүүх анзаарах, хэрэглэх ёстой байсан гэж үзнэ. Үүнд: НҮБ-аас 1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/-ын 87 дугаар Конвенцийн 2 дугаар зүйл, мөн НҮБ-аас1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон ОУХБ-ын 98 дугаар Конвенцийн 1 дугээр зүйлийн 1, 4 дүгээр зүйлд заасан ажилчид байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг ажил олгогч зөрчиж байгааг, - НҮБ-аас 1971 онд баталсан Монгол улс 1995 онд элсэн орсон ОУХБ-ын “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай” 135 дугаар Конвенцийн 5 дугаар зүйлд “Тухайн үйлдвэрийн газарт Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон хамт олны дундаас сонгогдсон төлөөлөгчдийн аль аль нь байгаа тохиолдолд сонгогдсон төлөөлөгчдийг холбогдох Үйлдвэрчний эвлэл. түүний төлөөлөгчийн байр суурийг сулруулах зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн холбогдох бүхий л асуудлаар сонгогдсон төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөхүлэн дэмжинэ” гэж заасныг шүүх хэрэглэн маргааныг шийдвэрлэх ёстой. Дээр дурдсан үндэслэлүүдийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэж зохих дүгнэлт хийлгүй ажил олгогч “О И М”ХХК бие даасан хуулийн этгээд гэдэг үүднээс хандаж, бие даасан компанийн дэргэд үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхээ ажиллагсад өөрсдөө шийднэ, хамтарч дундаа нэг нэгдсэн Үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхээ ажилчдаасаа санал авч шийдэх ёстой, бие даасан хуулийн этгээд “О И М”ХХК-тай нэг Хамтын гэрээ байгуулахаар одоогийн ҮЭ-ийн хороо шаардах эрхгүй гэж маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн судлан үзэж зөв хэрэглээгүй, ажиллагсдын эвлэлдэн нэгдэх эрхийг хууль бусаар үгүйсгэж, Үндсэн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулан Хамтын гэрээ байгуулах замаар эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалах эрхийг үгүйсгэх замаар хүний үндсэн эрхэд халдсан байна. 4. Үйлдвэрчний эвлэл болон ажиллагсдын эрхийг хязгаарлах агуулгаар шүүхэд хандсан тухай: а. 2016 оны 4 дүгээр сарын 25-нд Хамтын гэрээ байгуулж байсан субъектуудын хооронд Хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан зуучлагч, арбитр томилуулж зөвлөмж гарч, ажил олгогч түүнийг биелүүлэхээс татгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан ажил хаях эрх үүссэн байхад мөн хуулийн 120.1-д заасан ажиллагсад, ҮЭ-ийн бүх гишүүдийн хурал хийж ажил хаях эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн яг тэр цаг үед ҮЭ, ажиллагсдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах зорилгоор нэхэмжлэгч тал энэ маргааныг үүсгэсэн бөгөөд тэдний нэхэмжлэлийн агуулга нь ҮЭ-ийг хууль бус ажил хаялтад ажиллагсдыг уриалсан, ажилчдыг хууран мэхэлсэн гэх зохиомол үгэнд шат шатны шүүх хууртаж байгаа нь харамсалтай. б.   Ажил олгогч тал 2016 оны 4 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээний 1.3, 1.4 дэх заалтыг зөрчин 2018 оны 5 дугаар сараас гишүүдээс ҮЭ-ийн татвар суутгахыг зогсоон ҮЭ-ийн хороог санхүүгийн чадамжгүй, даргыг нь цалингүй болгоод нэг жил болж байгаа нь ҮЭ-ийг үйл ажиллагааны чадамжгүй болгоход чиглэсэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаад шүүх дүгнэлт өгөх ёстой. 5. Шүүгч Р.Үүрийнтуяа зөвхөн нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг өөр, нэхэмжлэлиин агуулга, хариуцагч нэг “Э Т”ХХК, “Э Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр хэрэгтэй энэ хэргийг ИХШХШТ хуулийн 68.3-т зааснаар нэгтгэн шийдвэрлэх нь зохимжтой байхад татгалзаж хэргийн оролцогчдод илүү түвэгшил бий болгосныг анхаарах шаардлагатай. Энэ хэргийг шийдвэрлэхдээ Хүний эрх, түүнийгээ хэрэгжүүлэх арга журмыг эрхээ хэрэгжүүлэгч хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох том дэвсгэр дээр хармаар ,байтал шүүх, шүүгчид хуулийн этгээдийн бүртгэлийн хүрээнд дэндүү явцуу хандаж байна буруу гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“О И М”ХХК нь “Н Т Г” ХХК-ийн ажиллагсдын “Ү Э Х”нд холбогдуулан “...хариуцагчтай хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, компанийн бүтцэд өөрчлөлт орсон хэдий ч бүх ажилтны төлөөлөл ажил олгогчтой хамтын гэрээ байгуулж, ажиллаж байсан, тус тусдаа “Ү Э Х” байгуулахаар ажилтны эрх ашигт нийцэхгүй үйлдэл гаргаж байна гэсэн агуулгаар маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, “нэхэмжлэгч нь хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй”-г тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

“Э Х”ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор “Н Т Г”ХХК гэсэн толгой компани болж, харьяа нэгжийг “Э Х”ХХК, “Э Т”ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК охин компаниуд болгон үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь тогтоогджээ.

Охин компаниуд нь тусдаа “Ү Э Х” байгуулах эсэх, эсвэл толгой компанийн “Ү Э Х”нд харьяалагдан үйл ажиллагаа явуулах эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ.

Хамтын гэрээ ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагддаг тул “О И М”ХХК-ийн нэхэмжлэлд тухайн байгууллагын ажилтнуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх, нэхэмжлэгчийг ажилтнуудын өмнөөс эвлэлдэн нэгдэх талаар шийдвэр гаргах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай хуулийн этгээдүүдийн харилцан хамаарал, эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэх үед талууд хамтын гэрээ байгуулсан гэж үзэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар зохигч мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй. Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна. Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-т аж ахуйн нэгж байгууллага өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөл “Ү Э Х”той хамтын гэрээ байгуулах, охин компаниуд “Ү Э Х”той байх эсхүл тэдгээрийн нэгтгэсэн “Ү Э Х”ны нэгдсэн хороотой байх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00141 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА