| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 023 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 023
Д.Ы-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек, оруулагчаар Ж.Ахмарал, тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, хохирогч Т.Е, шүүгдэгч Д.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран зургийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дүгээр багийн ,,,,,, тоотод оршин суух, урьд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Ы, РД: 0000000;
Шүүгдэгч Д.Ы нь нь хохирогч К.Т, Т.А, Т.Е, Х.Х, А.А, А.У нарын байшин, амбаар зэрэгт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, хохирогч Б.Б-н гэрийн цонхны шилийг хагалан нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор: “1. Шүүгдэгч Д.Н-ийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад тус тус нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч Д.Н би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н надад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч Д.Н би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэм хорыг арилгасан, хохирогч нарын ихэнх нь гомдолгүй, миний аав биднийг хаяж Казакстан улс руу явсан, одоо ээж, хэдэн дүү нарын хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх,” 1. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. 1.3. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар зохицуулсан байгаа. Шүүгдэгч Д.Н би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7.Шүүгдэгч Д.Н-гаас 162000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж, Т.Е-д, 100000 /нэг зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Т-д тус тус олгож ... “ гэсэн шийдвэрийг бодитой биелүүлсэн болно.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Д.Н надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.7.1, 6.7.1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Д.Н-ийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч К.Т-ын хашаанд байсан амбаарын цоожийг сүхээр хөшиж онгойлгон “медиа” маркийн хагас автомат угаалгын машин, 7 ширхэг ханын обой, 8 ширхэг сандал, 30х60см харьцаатай 18 ширхэг плита, ягаан өнгийн орны бүтээлэг, хөвөнтэй хөнжил даавууны хамт, индүү, хоолны халуун сав, гар угаагуурын гоожуур, тогоо, мэдрэгчтэй нэг нүдтэй плитка, ширээний хулдаас, Монель маркийн уртасгагч, ногоон өнгийн цагаан хээтэй одеяль зэргийг тус тус хулгайлан нийт 530000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах хохирогч Т.А-ийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч аравч 2 ширхэг, ханын цаг 1 ширхэг, цонхны гүйдэг хөшиг 1 ширхэг, ширдэг 1 ширхэг, сандлын зөөлөвч 2 ширхгийг тус тус хулгайлан нийт 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Т.Е-ийн байшингийн амбаарт 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж гүзээтэй шар тос, ууттай ааруул, хүүхдийн унадаг дугуй хулгайлан нийт 392000 /гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
2018 оны 3 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Х.Х-ын өвлийн байшингийн цонхыг нь хагалж Казак үндэсний хээтэй 10 ширхэг ширдэг, гурил зуурагч машин 1 ширхэг, загасны уурга 1 ширхэг, мэдрэгч жижиг гэрэл 4 ширхэг, угаагуурын шүршүүр 1 ширхэг, “Мерседес спринтер” маркийн жанам 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, 50 литрийн хөнгөн цагаан кастроль 1 ширхэг, 20 литрийн ногоон өнгийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн конестр 2 ширхэг, компьютерийн процессор 2 ширхэг, хүүхдийн харвагч тоглоом 600 ширхэг, орос сүх 1 ширхэг, модон мебель сандал 2 ширхэг хулгайлан нийт 817000 /найман зуун арван долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
иргэн А.А-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах эзгүй байшинд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэвтрэн орж сувенир 3 ширхэг, бөмбөг 3 ширхэг, жижиг модон сандал 4 ширхэг, сандлын зөөлөвч 1 ширхэг, машин угаагч 1 ширхэг, хувцасны хавчаарын ком 1 ширхэг, гацуур модны гэрэл 3 төрлийн нийт 16 ширхэг, гацуурын чимэглэл 2 ширхэг, 20 литрийн тогоо 1 ширхэг, 30 литрийн тогоо 1 ширхэг, гар хийцийн орны хөшиг 1 ширхэг, гар хийцийн аравч 2 ширхэг, суудлын бүтээлэг 1 ширхэг хулгайлан нийт 844000 /найман зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан;
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн А.У-ийн байшинд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цонхоор нь нэвтрэн орж “Тамир” гэх бичигтэй ариун цэврийн цаас /00-ын цаас/ 27 ширхэг, “РЗ" гэх бичигтэй 35 граммын савлагаатай шүдний оо 8 ширхэг, “Дэлбээ” гэх бичигтэй хуурай салфетка 4 ширхэг, хөх өнгийн аяга тавагны ком 33 ширхэг, нүүр гарын алчуур 7 ширхэг, хар өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний бор болон шаргал өнгийн зуны сандаал 2 хос, хар өнгийн оймс 4 ширхэг, шар өнгийн монел маркийн уртасгагч 1 ширхэг, эсгүүрийн машин 1 ширхэг, гар хийцийн сандлын зөөлөвч 5 ширхэг, цагаан өнгийн дэрний уут 2 ширхэг, төмөр өлгүүр 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг хулгайлан нийт 212550 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан;
2018 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Х.Б-н гэрийн цонхны шилийг хагалан нууцаар нэвтэрч сахар, аяга таваг 3 хос, хоол амтлагч, малгай, ширдэг, майхан, даралтын аппарат, чагнуурын хамт тасдагч багаж 1 ширхэг зэрэг 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хулгайлагдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг үндэслэвэл, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөлд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх Д.Н-ийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь давж заалдах гомдолдоо “Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болохоор зохицуулсан байна. Хохирлоо нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Н-д анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, шүүгчийн хувийн байдалд тохирсон, тухайн эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шүүхээс хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Н-ийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ