Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01636

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01636

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан центр 501 тоотод оршин байх, “Ласти интернэшнл” ХХК /РД:5613914/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны 40 тоотод оршин байх, “Их тайжийн удам” ХХК /РД:5733774/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Дамба овогт Чулуунбаатарын Бурмаа /РД:чр87111209/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Дамба овогт Бэгзийн Чулуунбаатар /РД:чр62100817/ нарт холбогдох,

 

195,468,960 төгрөг гаргуулах тухай үндсэн

168,949,122.62 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, хариуцагч, хариуцагч Б.Чулуунбаатар болон “Их тайжийн удам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ласти интернэшнл” ХХК-ийн захирал Лхагвасүрэнтэй Ч.Бурмаа нь уулзаж “Капитрон” банкнаас 372,000,000  төгрөгийн зээл авах тохиролцоог хийсэн. Ч.Бурмаа нь “185,000,000 төгрөгөөр Хаан банкны зээлээ хаагаад 372,000,000 төгрөгийн зээл авахад бэлэн болсон тул мөнгийг 1 хоногийн хугацаатай ашиглаад буцааж өгнө” хэмээн ярьж итгүүлсэн. Ингээд Ч.Бурмаа “Капитрон” банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хорооны шийдвэр зэргийг үзүүлсэн тул итгээд 185,975,000 төгрөгийг Ч.Бурмаагийн хэлсний дагуу түүний аав болох Б.Чулуунбаатарын “Хаан” банкны дансанд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Би тохирсон ёсоор мөнгөө авах гэсэн боловч Ч.Бурмаагийн ярьсан зүйл бүгд худал байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. “Ласти интернэшл” ХХК нь “Их тайжийн удам” ХХК-ийн захирал Ч.Бурмаагийн хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ” хийсэн боловч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 185,975,000 төгрөг нь дээрх гэрээний төлбөрийг төлөх зорилгоор хийгдээгүй. Тухайн үед 185,975,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ч манай компанид “Их тайжийн удам” ХХК-иас нийлүүлээгүй байсан юм. Ч.Бурмаа болон Б.Чулуунбаатар нар нь нэхэмжлэгчээс авсан 185,975,000 төгрөгийг “Ласти интернэшл” ХХК, “Их тайжийн удам” ХХК-иудын хоорондын байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр буюу өөрөөр хэлбэл компани хоорондын бараа материалын төлбөрийн мөнгө гэх мэдүүлэг, тайлбарыг цагдаа болон прокурорын байгууллагад өгсөн байдаг. Цагдаа болон прокурорын байгууллага нь миний 185,975,000 төгрөгөө алдсан асуудлыг компани хоорондын гэрээний төлбөр тооцоо гэж үзсэн. “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Ласти интернэшл” ХХК нь “Их тайжийн удам” ХХК-иас нийт 4 удаагийн нийлүүлэлтээр тээвэрлэлт болон бусад зардал шингэсэн үнээр 101,651,240 төгрөгийн бараа авсан байдаг. Харин “Ласти интернэшл” ХХК-ийн зүгээс 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89,155,200 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990,000 төгрөг, нийт 111,145,200 төгрөгийн төлөлтийг хийсэн. Дээрх бараа нийлүүлэлтээс манай компани 9,493,960 төгрөгийг илүү төлсөн тул үүн дээр шилжүүлсэн 185,975,000 төгрөг, нийт 195,468,960 төгрөгийг “Их тайжийн удам ХХК болон иргэн Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Их тайжийн удам” ХХК-ийн төлөөлөгч Ч.Лхагва-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэл нь ор үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Чулуунбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Бурмаа /“Их тайжийн удам” ХХК болон Б.Чулуунбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Бурмаа нь өөрийн найз гэх “Ласти интернэшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 263,686,100 төгрөгийн бараа нийлүүлэх гэрээ байгуулж, хамтарч ажиллах болсон. Талуудын байгуулсан гэрээний дагуу урьдчилгаанд 149,155,200 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манайд шилжүүлэх ёстой байсан. Маргааш нь утасдаж мөнгөө асуухад А.Лхагвасүрэн нь “...би хямдхан байр авах гэж байна, чи зээл аваад бараагаа нийлүүлж байгаач, би хугацаа алдахгүй барилгаа эхэлж баймаар байна” гэж надаас гуйсан. Ингээд би ХААН банкин дээр очиж уулзахад банкны ажилтан надад “...та шугаман зээл авах боломжтой” гэж хэлсэн. А.Лхагвасүрэн над руу 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “...чи зээлээ хөөцөлдөхдөө хэрэглэ” гээд 4,000,000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А.Лхагвасүрэнгийн хүсэлтээр 170,000,000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бас 2,000,000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ энэ мөнгө нь зээлийн шимтгэлд төлөгдсөн. А.Лхагвасүрэн над руу 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг “барааны үнэ” гэж шилжүүлсэн боловч үнэндээ бол уг мөнгө банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авахад зориулагдсан. Ингээд бид 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж 55,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл зарим барааныхаа оронд 55,000,000 төгрөгийг шууд өгсөн. Ингээд үндсэндээ бидний зүгээс дансаар 55,000,000 төгрөг, бараагаар 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,505,680 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75,516,220 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 9,555,050 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9,878,350 төгрөг, нийтдээ 97,388,840 төгрөгийн бараа буюу 152,388,840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчээс гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй биднийг маш их хүнд байдалд оруулж, бид бусад ажлаа амжуулах, алдагдалд орохгүй байх үүднээс банкнаас өндөр хүүтэй зээл авч маш ихээр хохирсон. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 185,975,000 төгрөгийг А.Лхагвасүрэн манай аавын данс руу хийсэн, уг мөнгийг бид авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь бараа болон бусад зардалд тооцогдсон. ХААН банк уг мөнгийг нь шууд хүү, нэмэгдүүлсэн хүүндээ суутгаад авчихсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй удаж, бидний маш ихээр хохироосон байсан. Бид уг мөнгийг аваад А.Лхагвасүрэнгээс болж учирсан хохирол буюу өр зээлэндээ төлсөн гэсэн үг.

Ингээд тооцоод үзэхээр бид нийт 152,388,840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн ба нэхэмжлэгчээс үндсэндээ 15,000,000 төгрөгийг л яг бараа материалын мөнгө гэж өгсөн. Бусад шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2014 оны 7 сарын 28 өдөр 990,000 төгрөгүүд нь А.Лхагвасүрэнгийн хүсэлтээр банкнаас зээл авахад буюу 170,000,000 төгрөгийг зээлж авах зардалд цэвэр зарцуулагдсан. 152,388,840 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасахаар 137,388,840 төгрөг үлдэж байгаа, нэхэмжлэгч уг мөнгийг бидэнд одоо болтол төлөөгүй байна.  

2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу гэрээний урьдчилгаа гэж хийсэн 89,150,200 төгрөгийн шаардлага бол ямар ч үндэслэл байхгүй. А.Лхагвасүрэн бид хоёр МУИС-ын хажууд байдаг ХААН банкны салбар руу хамт орсон. Ингэж орохдоо А.Лхагвасүрэн бид хоёрын хэн нь ч тийм их хэмжээний мөнгийг биедээ авч яваагүй гэдгийг гэрч нар ч нотолсон. Харамсалтай нь ХААН банкны бичлэг олдоогүй. Бодит байдал дээр А.Лхагвасүрэн нь өөрийн таньдаг ХААН банкны ажилтан буюу теллерийг гуйгаад ийм гүйлгээ хийсэн мэтээр харагдуулж баримтыг авсан. Тэрээр цаашдаа банкнаас зээл авахад ийм хэмжээний гүйлгээ хийсэн байх нь зээлийн түүхэнд хэрэгтэй гэж байсан. Тэгээд ч гүйлгээний утга дээр нь бэлэн мөнгөөр хийсэн гэж байгаа. Хэрэв бэлэн мөнгөөр хийсэн бол 89,150,200 төгрөгийг банкны ажилтан тоолж авах гэж нэлээдгүй хугацаа зарцуулах байсан, гэтэл 1 минутын дотор гүйлгээг хийсэн гэсэн баримт хэрэгт байгаа. Мөн нэг боодол мөнгийг хэр хугацаанд тоолдог болохыг шүүхээс хийсэн туршилтаар баталсан. Тэгэхээр үнэндээ миний данс руу тийм хэмжээний мөнгийг бэлнээр хийгээгүй болох нь нотлогдоно. Эцэст нь А.Лхагвасүрэн бид хоёр дотно харилцаатай байсан болохоор би энэ хүнд итгээд л гэрээ байгуулж, өөрөө хүртэл зээл авч барааг нь нийлүүлж байсан. Гэтэл намайг анхнаасаа хуурч мэхлэх санаатай баримтуудаа бүрдүүлж байсныг сүүлд нь ойлгож байна гэжээ. 

 

Хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч Ч.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Ласти интернэшнл” ХХК-тай байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2014 оны 5 дугаар сарын 04 болон 19, 6 дугаар сарын 08, 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус падаан бичиж 97,388,840 төгрөгийн үнэ бүхий барилгын карказ босгоход ашигладаг 19 нэр төрлийн бараа материалыг Эрээн хотын үнээр өөрийн зардлаар тус компанид буюу Дархан-Уул аймагт аваачиж нийлүүлсэн. Гэрээний дагуу 97,388,840 төгрөгийн бараа нийлүүлж, тээвэрлэлтийн зардалд 2 талдаа 5,748,000 төгрөг, Хятадын хил гааль хорио цээрийн хураамжид 4,763,200 төгрөг, Монголын гаальд 10,863,293 төгрөг, Эрээн хотоос Дархан хот хүртэлх зардалд 12,345,000 төгрөг, томилолтын зардалд 4,500,000 төгрөг, урьдчилгааг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүйгээс намайг хуурч би “Хаан” банкнаас сарын 1.7%-ийн хүүтэй 170,000,000 төгрөг зээлж авсны хохиролд 20,799,614.2 төгрөг, эргэлтийн хөрөнгөгүй болсны 27,930,000 төгрөг, зээл авахтай холбоотой гарсан зардал 6,566,175 төгрөг, нийт 376,814,122.62 төгрөг болсноос 207,965,000 төгрөгийн төлөлт хийж, нийт 168,949,122.62 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Бурмаа нь “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Ласти интернэшнл” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн нийлүүлэлтээр 101,145,200 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Үүний хариу төлбөрт нийт 111,145,200 төгрөгийг төлсөн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргээ худалдан авагч тал гүйцэтгэсэн. Ч.Бурмаа нь сөрөг нэхэмжлэлдээ нийт 9 төрлийн зардал гарсан гэж нэхэмжилсэн ба томилолтын зардал, ачаа тээврийн зардал, банкны зээл авсан зардал, хил гааль хорио цээрийн гэх мэт зардал орсон нь дээрх худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. “Ласти интернэшнл” ХХК нь худалдан авсан барааны үнийг тээврийн зардлын хамт бүрэн төлсөн байтал ямар үндэслэлээр мөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ласти интернэшнл” ХХК нь хариуцагч “Их тайжийн удам” ХХК, Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нараас 195,468,960 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

 

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба “Их тайжийн удам” ХХК-иас “Ласти интернэшнл” ХХК-д холбогдуулж 168,949,122.62 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Их тайжийн удам” ХХК болон “Ласти интернэшнл” ХХК-иуд “Бараа бөөнөөр худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээний дагуу худалдагч тал “Их тайжийн удам” ХХК нь худалдан авагч “Ласти интернэшнл” ХХК-д нийт 263,686,100 төгрөгийн бараа буюу барилгын материал нийлүүлэх, худалдан авагч урьдчилгаа 149,155,200 төгрөгийг 90 хоногийн дотор шилжүүлэх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Их тайжийн удам” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,505,680 төгрөгийн, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75,516,220 төгрөгийн, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 9,555,050 төгрөгийн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9,878,350 төгрөгийн буюу нийт 98,455,300 төгрөгийн бараа, материал нийлүүлжээ /хх 188, 190, 192, 194 хуудас/.

 

Харин “Ласти интернэшнл” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89,155,200 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 185,975,000 төгрөг, нийт 297,120,200 төгрөгийг шилжүүлсэн баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчийн төлөөлөгч болох А.Лхагвасүрэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89,155,200 төгрөгийг бэлнээр миний данс руу хийсэн гэх боловч бодит байдал дээр ийм зүйл болоогүй, тэрээр зөвхөн цаашид зээл авахад хэрэг болно гэж таньдаг банкны ажилтнаар ийм мөнгө шилжүүлсэн баримт хийлгэж авсан”, “...89,155,200 төгрөгийг бэлнээр тушаахад цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэж өөрийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89,155,200 төгрөг аваагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.      

 

Мөн хариуцагчаас “...нэхэмжлэгч гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг л авсан, бусад шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 990,000 төгрөгүүд нь нэхэмжлэгчийн хүсэлтээр банкнаас зээл авахад зарцуулагдсан” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргажээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс нийлүүлсэн бараа буюу барилгын материал эрхийн болон биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргаагүй.      

 

Хэдийгээр хариуцагч “...манай компани нэхэмжлэгчид 98,455,300 төгрөгийн бараа, материал шилжүүлсэн” гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...бид хариуцагч компаниас 101,651,240 төгрөгийн барааг хүлээж авсан” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3., 254.4.-т зааснаар мөн хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй ба түүнийг  хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч талаас шилжүүлсэн гэх нийт 297,120,200 төгрөгөөс 101,651,240 төгрөгийг буюу нийлүүлсэн барааны үнийг хасч тооцов.  

 

Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ч.Бурмаа, түүний эх н.Оюунтуяа нараас “Ласти интернэшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнд 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Худалдаа хөгжлийн банк”-ны орлогын ордерийн хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...уг 55,000,000 төгрөгийг бид бараанд тооцож аваагүй, Ч.Бурмаа болон А.Лхагвасүрэн нарын хоорондын хувийн зээлийн асуудал” гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. 

 

Хариуцагчаас “...бид уг мөнгийг нэхэмжлэгч талд бараа, материал авахад зориулж  шилжүүлсэн” гэж тайлбарласан ба шүүхээс уг 55,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч талаас талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Бараа бөөнөөр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89,155,200 төгрөгийг бэлнээр хариуцагч Ч.Бурмаагийн данс руу хийсэн тул уг мөнгийг буцаан шаардах эрхтэй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. 

 

Хариуцагч Ч.Бурмаагийн “Хаан” банкин дахь 5025303433 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 37 минутад 89,155,200 төгрөгийг хийсэн дансны хуулга, гэрч Б.Дөлгөөний “...н.Лхагвасүрэн, Ч.Бурмаа нар банк руу ямар ч мөнгөгүй орсон”, гэрч Т.Баттулгын “...Мөнгө ороогүй бол баримт өгөхгүй, буцсан гүйлгээний баримтыг авч үлдсэн байж магадгүй”, “...ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хийгдсэн байхыг үгүйсгэхгүй, цаад хүнээсээ шалтгаална” гэсэн мэдүүлэг, шүүхээс хийсэн туршилт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд бодит байдал дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Лхагвасүрэн 89,155,200 төгрөгийг хариуцагч Ч.Бурмаагийн дансанд бэлнээр хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Бараа бөөнөөр худалдах-худалдан авах гэрээ” нь “Их тайжийн удам” ХХК болон “Ласти интернэшнл” ХХК-иудын хооронд байгуулагдсан, уг гэрээний хүрээнд бараа материал болон мөнгө шилжүүлэгдсэн талаар маргаагүй учир дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3., 254.4.-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас 51,313,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ласти интернэшнл” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

 

Хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас “Ласти интернэшнл” ХХК-д холбогдуулж 168,949,122.62 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Их тайжийн удам” ХХК болон “Ласти интернэшнл” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Бараа бөөнөөр худалдах-худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч талаас зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний дагуу барааны төлбөрийг шилжүүлээгүй гэжээ /1 хавтас, хх 78, 79 хуудас/.  

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо гаргуулах агуулгатай байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ласти интернэшнл” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Их тайжийн удам” ХХК-д 168,949,122.62 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас 51,313,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ласти интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,155,000 төгрөгт болон хариуцагч Ч.Бурмаа, Б.Чулуунбаатар нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ласти интернэшнл” ХХК-иас 168,949,122.62 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Их тайжийн удам” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,135,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас 414,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 1,002,696 төгрөгийг хариуцагч “Их тайжийн удам” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ