Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2228

 

 

 “Л.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Л.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И.Т.У” ХХК, Ч.Б, Б.Ч нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195 468 960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хохиролд 168 949 122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч, Б.Ч болон “И.Т.У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч, Б.Ч болон “И.Т.У" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.И” ХХК-ийн захирал Л-тэй Ч.Б нь уулзаж “Капитрон” банкнаас 372 000 000 төгрөгийн зээл авах тохиролцоог хийсэн. Ч.Б нь “185 000 000 төгрөгөөр Хаан банкны зээлээ хаагаад 372 000 000 төгрөгийн зээл авахад бэлэн болсон тул мөнгийг 1 хоногийн хугацаатай ашиглаад буцааж өгнө” хэмээн ярьж итгүүлсэн. Ингээд Ч.Б Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хорооны шийдвэр зэргийг үзүүлсэн тул итгээд 185 975 000 төгрөгийг Ч.Б-ийн хэлсний дагуу түүний аав болох Б.Ч-ын Хаан банкны дансанд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Би тохирсон ёсоор мөнгөө авах гэсэн боловч Ч.Б-ийн ярьсан зүйл бүгд худал байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. “Л.И” ХХК нь “И.Т.У” ХХК-ийн захирал Ч.Б-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ” хийсэн боловч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 185 975 000 төгрөг нь дээрх гэрээний төлбөрийг төлөх зорилгоор хийгдээгүй. Тухайн үед 185 975 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ч манай компанид “И.Т.У” ХХК-иас нийлүүлээгүй байсан. Ч.Б болон Б.Ч нар нь нэхэмжлэгчээс авсан 185 975 000 төгрөгийг “Л.И" ХХК, “И.Т.У” ХХК-иудын хоорондын байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр буюу компани хоорондын бараа материалын төлбөрийн мөнгө гэх мэдүүлэг, тайлбарыг цагдаа болон прокурорын байгууллагад өгсөн байдаг. Цагдаа болон прокурорын байгууллага нь миний 185 975 000 төгрөгөө алдсан асуудлыг компани хоорондын гэрээний төлбөр тооцоо гэж үзсэн. “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Л.И” ХХК нь “И.Т.У” ХХК-иас нийт 4 удаагийн нийлүүлэлтээр тээвэрлэлт болон бусад зардал шингэсэн үнээр 101 651 240 төгрөгийн бараа авсан. Харин “Л.И" ХХК-ийн зүгээс 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 89 155 200 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990 000 төгрөг, нийт 111 145 200 төгрөгийн төлөлтийг хийсэн. Дээрх бараа нийлүүлэлтээс манай компани 9 493 960 төгрөгийг илүү төлсөн тул үүн дээр шилжүүлсэн 185 975 000 төгрөг, нийт 195 468 960 төгрөгийг “И.Т.У" ХХК болон иргэн Ч.Б, Б.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “И.Т.У” ХХК-ийн төлөөлөгч Ч.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь өөрийн найз гэх “Л.И" ХХК-ийн захирал А.Л-тэй 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 263 686 100 төгрөгийн бараа нийлүүлэх гэрээ байгуулж, хамтарч ажиллах болсон. Талуудын байгуулсан гэрээний дагуу урьдчилгаанд 149 155 200 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манайд шилжүүлэх ёстой байсан. Маргааш нь утасдаж мөнгөө асуухад А.Л нь “...би хямдхан байр авах гэж байна, чи зээл аваад бараагаа нийлүүлж байгаач, би хугацаа алдахгүй барилгаа эхэлж баймаар байна” гэж надаас гуйсан. Ингээд би Хаан банкин дээр очиж уулзахад банкны ажилтан надад “...та шугаман зээл авах боломжтой” гэж хэлсэн. А.Л над руу 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “...чи зээлээ хөөцөлдөхдөө хэрэглэ” гээд 4 000 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А.Л-ийн хүсэлтээр 170 000 000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ энэ мөнгө нь зээлийн шимтгэлд төлөгдсөн. А.Л над руу 4 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг “барааны үнэ” гэж шилжүүлсэн боловч үнэндээ бол уг мөнгө банкнаас 170 000 000 төгрөгийн зээл авахад зориулагдсан. Ингээд бид 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж 55 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл зарим барааныхаа оронд 55 000 000 төгрөгийг өгсөн. Дансаар 55 000 000 төгрөг, бараагаар 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 505 680 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75 516 220 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 9 555 050 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9 878 350 төгрөг, нийтдээ 97 388 840 төгрөгийн бараа буюу 152 388 840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчээс гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй биднийг хүнд байдалд оруулж, бид бусад ажлаа амжуулах, алдагдалд орохгүй байх үүднээс банкнаас өндөр хүүтэй зээл авч хохирсон. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 185 975 000 төгрөгийг А.Л, Б.Ч-ын данс руу хийсэн, уг мөнгийг бид авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь бараа болон бусад зардалд тооцогдсон. Хаан банк уг мөнгийг нь хүү, нэмэгдүүлсэн хүүдээ суутгаж авсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй удаж биднийг хохироосон. Бид уг мөнгийг аваад А.Л-ээс болж учирсан хохирол буюу өр зээлэндээ төлсөн. Тооцож үзэхээр бид нийт 152 388 840 төгрөгийн мөнгө, эд барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн ба нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг бараа материалын мөнгө гэж өгсөн. Бусад шилжүүлсэн 2 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990 000 төгрөгүүд нь А.Л-ийн хүсэлтээр банкнаас зээл авахад буюу 170 000 000 төгрөгийг зээлж авах зардалд зарцуулагдсан. 152 388 840 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 15 000 000 төгрөгийг хасахаар 137 388 840 төгрөг үлдэж байгаа ба нэхэмжлэгч уг мөнгийг төлөөгүй. 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр миний данс руу гэрээний урьдчилгаа гэж хийсэн 89 150 200 төгрөгийн шаардлага бол ямар ч үндэслэл байхгүй. Бодит байдал дээр А.Л нь өөрийн таньдаг Хаан банкны ажилтан буюу теллерийг гуйж ийм гүйлгээ хийсэн мэтээр харагдуулж баримтыг авсан. Тэгээд ч гүйлгээний утга дээр нь бэлэн мөнгөөр хийсэн гэж байгаа. Хэрэв бэлэн мөнгөөр хийсэн бол 89 150 200 төгрөгийг банкны ажилтан тоолж авах гэж нэлээдгүй хугацаа зарцуулах байсан. Мөн нэг боодол мөнгийг хэр хугацаанд тоолдог болохыг шүүхээс хийсэн туршилтаар баталсан. Тэгэхээр үнэндээ миний данс руу тийм хэмжээний мөнгийг бэлнээр хийгээгүй болох нь нотлогдоно. А.Л-д итгэж гэрээ байгуулж, өөрөө зээл авч барааг нь нийлүүлж байсан гэжээ.

 

Хариуцагч “И.Т.У” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Л.И” ХХК-тай байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2014 оны 5 дугаар сарын 04, 19, 6 дугаар сарын 08, 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус падаан бичиж 97 388 840 төгрөгийн үнэ бүхий барилгын карказ босгоход ашигладаг 19 нэр төрлийн бараа материалыг Эрээн хотын үнээр өөрийн зардлаар тус компанид буюу Дархан-Уул аймагт аваачиж нийлүүлсэн. Гэрээний дагуу 97 388 840 төгрөгийн бараа нийлүүлж, тээвэрлэлтийн зардалд 2 талдаа 5 748 000 төгрөг, Хятадын хил гааль хорио цээрийн хураамжид 4 763 200 төгрөг, Монголын гаальд 10 863 293 төгрөг, Эрээн хотоос Дархан хот хүртэлх зардалд 12 345 000 төгрөг, томилолтын зардалд 4 500 000 төгрөг, урьдчилгааг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүйгээс намайг хуурч би “Хаан” банкнаас сарын 1.7%-ийн хүүтэй 170 000 000 төгрөг зээлж авсны хохиролд 20 799 614.2 төгрөг, эргэлтийн хөрөнгөгүй болсны 27 930 000 төгрөг, зээл авахтай холбоотой гарсан зардал 6 566 175 төгрөг, нийт 376 814 122.62 төгрөг болсноос 207 965 000 төгрөгийн төлөлт хийж, нийт 168 949 122.62 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Б нь “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Л.И” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн нийлүүлэлтээр 101 145 200 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Үүний хариу төлбөрт нийт 111 145 200 төгрөгийг төлсөн. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргээ худалдан авагч тал гүйцэтгэсэн. Ч.Б нь сөрөг нэхэмжлэлдээ нийт 9 төрлийн зардал гарсан гэж нэхэмжилсэн ба томилолтын зардал, ачаа тээврийн зардал, банкны зээл авсан зардал, хил гааль хорио цээрийн гэх мэт зардал орсон нь дээрх худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. “Л.И” ХХК нь худалдан авсан барааны үнийг тээврийн зардлын хамт бүрэн төлсөн байтал ямар үндэслэлээр мөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “И.Т.У” ХХК-иас 51 313 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л.И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144 155 000 төгрөгт болон хариуцагч Ч.Б, Б.Ч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л.И” ХХК-иас 168 949 122.62 төгрөг гаргуулах тухай хариуцагч “И.Т.У” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 135 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И.Т.У” ХХК-иас 414 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 1 002 696 төгрөгийг хариуцагч “И.Т.У” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, Б.Ч болон “И.Т.У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "И.Т.У" ХХК, Ч.Б, Б.Ч нар дангаараа 170 сая төгрөг Хаан банкнаас зээлдэн авч, авсан зээлийн мөнгөнөөсөө 55 сая төгрөгийг бэлнээр н.Л-д өгсөн нь тогтоогдсон, н.Л-ээс гэрээний урьдчилгаанд мөнгө аваагүй нь мөн тогтоогдсон учир “И.Т.У” ХХК, Ч.Б, Б.Ч нар гэрээний үүргээ дангаараа биелүүлсэн байна. Иймд “Л.И” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсч гарсан хохирол, банкны хүү, одоо төлөгдөөгүй үлдэгдэл зэрэг сөрөг нэхэмжлэлд дурдсан төлбөрийг бүрэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээний ...хэсэгт талууд харилцан тохиролцож гэрээний үнийн дүн, тоо ширхэгт өөрчлөлт оруулж болно, хавсралтаар гэрээнд тусгаж өгнө гэж заасан байдаг. Гэтэл тооцоо нийлж, акт үйлдэж, бараа материалын дүн, үлдэгдлийг тулгаагүй. Гэтэл шүүхийн шатанд ирээд гарын үсгийг минь хуурамчаар үйлдэж, тооцоо нийлсэн мэтээр харагдуулж хуурамч бичиг баримт үйлдсэн байсан. Иймд сөрөг нэхэмжлэлд нэхэмжилсэн, гэрээний хавсралтад тусгасны дагуу тээврийн зардал, ачилт буулгалт, Монгол-Хятадын гаалийн мөнгийг гаргуулах нь зүйтэй юм. н.Л нь анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан. Гэрээ байгуулах үед урьдчилгаа мөнгө огт байхгүй байсан нь дансны хуулгаас харагдана. н.Л нь өөрөө санаачлан хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авахуулах, зээл хөөцөлдөх зэрэгт хэрэглэ хэмээн мөнгө өгч, өөрөө туслаж зээл авахуулсан, зээлийн мөнгөнөөс өөртөө бэлнээр 55 сая төгрөг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Л.И” ХХК нь хариуцагч “И.Т.У” ХХК, Ч.Б, Б.Ч нараас 195 468 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч хариуцагч “И.Т.У” ХХК нь нэхэмжлэгч “Л.И” ХХК-иас 168 949 122.62 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “И.Т.У” ХХК нь “Л.И” ХХК-д 263 686 100 төгрөгийн барилгын материал нийлүүлэх, худалдан авагч буюу “Л.И” ХХК нь урьдчилгаа 149 155 200 төгрөгийг 90 хоногийн дотор шилжүүлэх, үлдэгдэл 114 530 900 төгрөгийг дараа нь шилжүүлэхээр талууд тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 185 975 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 990 000 төгрөг, нийт 207 965 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 55 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн Хаан банкны 5025303433 дугаар дансанд урьдчилгаанд 89 155 200 төгрөг шилжүүлсэнийг тэрээр аваагүй гэж маргасан бөгөөд уг мөнгийг тоолоход хэдий хугацаа орох талаар хийсэн туршилтын ажиллагаа болон гэрчүүдийн мэдүүлэг нь 89 155 200 төгрөгийг шилжүүлснийг шууд нотлох баримт болохгүй байгаа зэрэг байдлыг харьцуулан дүгнэвэл уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцжээ.

 

Харуцагч “И.Т.У” ХХК нь нэхэмжлэгч “Л.И” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 505 680 төгрөгийн, 2014 оны 5 дугаар 19-ний өдөр 75 516 220 төгрөгийн, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 9 555 050 төгрөгийн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 9 878 350 төгрөгийн, нийт 98 455 300 төгрөгийн бараа нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Харин нэхэмжлэгч нь 101 651 240 төгрөгийн бараа хариуцагчаас хүлээн авсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчид 98 455 300 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж зөрүүтэй тайлбарласан боловч шүүх хариуцагчийг 101 651 240 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж дүгнэсэн нь түүний эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 207 965 200 төгрөгөөс хасч тооцсоныг буруутгахгүй юм.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 185 975 000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож авсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 98 455 300 төгрөгийн барааны үнээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө илүү буюу нийт 207 965 200 төгрөг болж байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ч.Б болон түүний эх н.О нараас нэхэмжлэгчид 55 000 000 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч уг мөнгийг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан шаардаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 207 965 000 төгрөгөөс бараа материалын үнэд тооцож шилжүүлсэн 101 651 240 төгрөгийг, нүүрсний үнэ гэж шилжүүлсэн 55 000 000 төгрөг, нийт 144 755 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 51 313 960 төгрөгийг хариуцагч “И.Т.У” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч “И.Т.У” ХХК нь нэхэмжлэгч “Л.И” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу дутуу төлөгдсөн барааны үнэ болон учирсан хохиролд нийт 168 949 122,62 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч “97 388 840 төгрөгийн бараа нийлүүлж, хоёр талын тээврийн зардалд 5 748 000 төгрөг, Хятадын хил гааль хорио цээрийн хураамжид 4 763 200 төгрөг, Монголын хил гаальд 10 863 293 төгрөг, Улаанбаатараас Дархан хүртэлх тээврийн зардалд 12 345 000 төгрөг, томилолтын зардалд 4 500 000 төгрөг, 170 000 000 төгрөгийн зээл авч хохирсон хохирол 20 799 614 төгрөг, зээл авахад гарсан зардал 6 566 175 төгрөг, эргэлтийн хөрөнгөгүй болсон тул 27 930 000 төгрөг, нийт 360 903 672 төгрөг болсноос нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг хасч, үлдэх 168 949 122,62 төгрөг болно” гэж тайлбарлажээ.

 

Талуудын байгуулсан дээрх худалдах, худалдан авах гэрээний 8-д “талууд тохиролцсоны үндсэн дээр бараа материалын тоо хэмжээ, үнийн дүн дээр өөрчлөлт оруулж болно” гэж тохиролцсны дагуу шаардаж байгаа гэж тайлбарласан боловч зохигчид тооцоо нийлээгүй, бараа материалын үнийн дүн дээр өөрчлөлт оруулсан баримтгүй байна.

 

Дээрх гэрээгээр тээврийн зардал, Монгол Хятадын хил гааль болон хорио цээрийн хураамж, Улаанбаатараас Дархан хүртэлх тээврийн зардал, томилолтын зардлыг худалдсан барааны үнээс гадна хариуцагч нэмж нэхэмжлэгчид төлөхөөр талууд гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдохгүй байх тул хоёр талын тээврийн зардалд 5 748 000 төгрөг, Хятадын хил гааль хорио цээрийн хураамжид 4 763 200 төгрөг, Монголын хил гаальд 10 863 293 төгрөг, Улаанбаатараас Дархан хүртэлх тээврийн зардалд 12 345 000 төгрөг, томилолтын зардалд 4 500 000 төгрөг, нийт 38 219 493 төгрөг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрх үүсэхгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтээр банкнаас 170 000 000 төгрөгийн зээл авснаас түүнд 115 000 000 төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авч нийлүүлсэн, 55 000 000 төгрөгийг зээлүүлсэн тул зээл авсны хохирол 20 799 614 төгрөг, зээл авахад гарсан зардал 6 566 175 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Харин, хариуцагч 55 000 000 төгрөгийг бэлэн мөнгөн хэлбэрээр зээлдүүлсэн гэж тайлбарласныг нотолсон баримтгүй байх боловч мөнгө бэлэн бусаар шилжүүлсэн санхүүгийн баримтад нүүрсний үнэ гэх агуулгаар бичиж нэхэмжлэгчид шилжүүлснийг шүүх үндсэн нэхэмжлэлээс хасч тооцсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн тайлбараас үзвэл банкнаас зээлсэн 170 000 000 төгрөгийн 115 000 000 төгрөгөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа бүтээгдэхүүн авч нийлүүлсэнд нэхэмжлэгч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлээс хохиролд  27 365 789 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байв.

 

Мөн хариуцагч эргэлтийн хөрөнгөгүй болсон гэх үндэслэлээр 27 930 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн үйл баримтаар түүнийг эргэлтийн хөрөнгөгүй болоход нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү шилжүүлсэн төлбөр зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус хэрэглээгүй байгааг зөвтгөж хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1” гэсний дараа “243 дугаар зүйлийн 243.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 696 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ