Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2008

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч Т.Цд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 103 688 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж авсан. Уг зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүүхдээ Австрали улс руу сургуульд явуулахад мөнгө шаардлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж өгөхийг хүсч, өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан.

Зээлдэгч Т.Цд зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73 160 000 төгрөгийг Т.Цээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулан дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гарган түүнийг шүүх хүлээн авсан.

Т.Ц нь 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 860 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 800 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 12 461 000 төгрөгийг хүүнд төлсөн.

Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугаацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30 528 000 төгрөг болж байна. Иймээс Т.Цээс үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58 688 000 төгрөг, нийт 103 688 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Т.Цээс өмнөх нэхэмжлэлийн дүн 103 688 000 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 3  дугаар сард Эм жи юу ХХК-ийн дээврийн засвар хийх зорилгоор М ХХК-ийг төлөөлж н.Энхтуяа, Т.Ц нарын хооронд 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр М ХХК ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Харин 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Итгэлт миллион ББСБ ХХК-иас н.Тулга гэдэг хүнд 45 000 000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. М ХХК нь н.Тулгатай яаж холбогдож байгаа, мөн Итгэлт миллион ББСБ ХХК нь Т.Цтэй яаж холбогдож байгаа эсэх асуудал хэрэгт байдаггүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээл олгосноор аливаа зээлийн гэрээ хүчинтэйд тооцогддог. Тэгэхээр Итгэлт миллион ББСБ ХХК-иас н.Тулга гэдэг хүнд мөнгө өгсөн учраас энэ 2 субьектүүдийн хооронд харилцаа үүссэн. М ХХК болон Т.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулснаас өөр харилцаа үүсээгүй. Хэрэгт зээлийн хүү төлж байсан баримт байдаг. Энэ баримтуудад Т.Цийн гарын үсгийг дуурайлгаж бичсэн Эм жи юу ХХК-ийн н.Бүжмаа гэдэг хүний банкинд хүү төлсөн төлбөрүүд байдаг. Т.Ц нь М ХХК-иас нэг ч төгрөг аваагүй учраас хүү болон төлбөрийг төлөхгүй.

Мөнгө өгсөн гэх хуурамч баримтуудыг М ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн. М ХХК-иас тухайн үеийн бүх баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. М ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй. М ХХК-ийн өмнөөс Итгэлт миллион ББСБ ХХК гүйлгээ хийсэн. Уг байгууллагын захирал нь н.Тулга гэдэг хүнтэй харьцаж мөнгөний асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс Итгэлт миллион ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект юм. н.Дүгэрээ гэдэг хүн гэрчээр оролцохдоо өөрийгөө М ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн.

Төрийн банк болон Цагдаагийн байгууллагаас ирсэн баримтуудаар М ХХК-д н.Дүгэрээ гэдэг хүн ажилладаг эсэх асуудал байхгүй, н.Дүгэрээ нь Итгэлт миллион ББСБ-ын захирал гэдэг нь тодорхой болсон. н.Дүгэрээ нь М ХХК-д кассын нярав хийдэг эсэх бусад баримтууд хэрэгт байхгүй. Н.Нарангуа гэдэг хүн М ХХК-ийн кассын нярав хийдэггүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нөхцөлөөр зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болсон. Итгэлт миллион ББСБ нь М ХХК-тай хамтарч шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байдаг. Энэ хоёр ББСБ-ын нэг нь гэрээ байгуулаад, нөгөө нь мөнгийг өгөхөөр зохицуулсан хамтран ажиллах гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан баримт хэрэгт байхгүй. Бусдад хамтарч мөнгө зээлдүүлдэг хамтран ажиллах гэрээ байхгүй бол тодорхойгүй нөхцөл болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Ц миний бие М ХХК-тай зээлийн гэрээ байгуулан хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй ба “бэлэн мөнгө байхгүй, данснаас гаргаж өгнө” хэмээн н.Дүгэрээ биднийг дагуулан явсан. н.Дүгэрээ нь н.Тулгатай хамт банк руу явсан бөгөөд н.Тулга хэдэн төгрөг авсныг миний бие мэдээгүй. Цагдаад гомдол гаргаснаар н.Дүгэрээ нь өөрийн ажилладаг Итгэлт миллион ББСБ-ын 341201120702 тоот Төрийн банкны данснаас мөнгө авч н.Тулгад 45 000 000 өгсөн болохыг сүүлд олж мэдлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад заагдсан үйлдлийг тодруулахаар шүүхэд удаа дараа хүсэлт өгсөн боловч шүүх хэрэгт хамааралгүй гээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан учир н.Дүгэрээг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Миний гомдлоор н.Дүгэрээг шалгаад тухайн үед н.Дүгэрээ нь М ХХК-ийн захирал биш Итгэлт миллион ББСБ-ын захирлаар ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Итгэлт миллион ББСБ-аас мөнгө гаргаж н.Тулгад өгсөн болохыг тогтоогоод, н.Дүгэрээг шунахайн сэдэлгүй гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгоод иргэний шүүхээр зээлийн гэрээнийхээ асуудлыг шийдвэрлүүл гэсэн. Иймд нэг этгээд хоёр өөр банк бус байгууллагын захирлын ажлыг нэг зэрэг хийж болохгүй, М ХХК-иас 2013 оын 3 дугаар сарын 15-ны өдөр зээл гаргаагүй, бэлэн мөнгө өгсөн гэдэг баримт нь хуурамч, мөнгө тоолж өгсөн н.Нарангоо гэдэг хүн нь тухайн үед ажиллаж байгаагүй, Итгэлт миллион ББСБ-ын захирал н.Дүгэрээ нь н.Тулгад 45 000 000 төгрөг өгсөн байх тул 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу Т.Цд 45 000 000 төгрөгийг кассын зарлагын баримтаар олгосон бөгөөд энэ баримтан дээрх мөнгө хүлээн авсан гарын үсэг Т.Цийн гарын үсэг мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр давхар нотолсон. Зээлдэгч Т.Ц нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр орон сууцаа барьцаалж 45 000 000 төгрөгийн зээл авах, хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийг нэн тэргүүнд төлж барагдуулахаар тохиролцсон гэрээг нотлох баримтаар өгсөн.

Мөн зээл авсны дараа дээр дурдсан хүмүүстэй БНХАУ руу 9 хоногийн хугацаатай яваад ирсэн нь тогтоогдсон. Хэрэв дээрх хамтран ажиллах гэрээний дагуу тоног төхөөрөмжөө ажиллуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан тухай тайлбарладаг. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нэг этгээд 2 өөр банк бус байгууллагын захирлыг нэгэн зэрэг хийж болохгүй гэсэн ямар ч хориглосон хууль, дүрэм байхгүй болно. Иймд Т.Цийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Цээс 95 480 000 төгрөг гаргуулан М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 208 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул М ХХК болон Т.Ц нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 14 тоот зээлийн гэрээг  гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай Т.Цийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 383 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цээс 705 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, шүүгчийн дотоод итгэлээр үнэлсэн гэх баримтууд нь бүгд хүчин төгөлдөр, хуулиар хориглосон, эсхүл худал гэрчилсэн, эсхүл хуурамчаар мэдүүлсэн баримтууд байна. Хамгийн ноцтой нь н.Тулгыг гэрчээр асуух захирамж гарсны дараа эрэн сурвалжлах захирамж гаргасныг олон хоног шүүхэд хадгалагдах хугацаанд н.Тулга нь гадаадад гараад явсан байдаг. Өөрөөр хэлбэл захирамж гарахаар нь нэхэмжлэгч тал гэрч н.Тулгад мэдэгдсэн ч юм уу, эсхүл түүнд хэн нэгэн этгээд мэдэгдсэнээр тэр гарч зугтсан байж болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрч н.Дүгэрээг дахин асуух, гэрч н.Тулгыг асуух, н.Дүгэрээ захирлаар ажиллаж байсан эсэх лавлагаа авах зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.Цд холбогдуулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлд 45 000 000 төгрөг, зээлийн хүүд 50 480 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 208 000 төгрөг, нийт 103 688 000 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг бодитоор хүлээн аваагүй, гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж марган, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч М ХХК 45 000 000 төгрөгийн 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Т.Ц нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан  байна.

            Дээрх гэрээнд зээлдүүлэгч талаас гүйцэтгэх захирал Н.Энхтуяа гарын үсэг зурсан нь М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн байх бөгөөд уг гэрээний үүргийг шаардан шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулж, нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ. Түүнчлэн Н.Энхтуяа хэлцэл байгуулах үед Монгол Улсад байгаагүй гэх баримт хэрэгт байхгүй байна.

            Зээлдэгч Т.Ц нь дээрх зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурснаа үгүйсгээгүйгээс гадна 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэх хүсэлтээ бичгээр гаргасан, /хх1-5/ гэрээ байгуулагдсаны дараа зээлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан, улмаар 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан нь баримтаар тогтоогдсон ба уг хүсэлтэд 45 000 000 төгрөгийн зээлж авсан, хүүгээ хугацаанд нь төлж байгаа талаар тодорхой илэрхийлсэн, уг илэрхийллийг зээлдүүлэгч тал хүлээж авсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Улмаар зээлдэгч Т.Ц нь бэлнээр хүлээн авсан гэж зээлийн гэрээг байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 000 000 төгрөгийн кассын зарлагын ордерт гарын үсэг зурсан /хх1-163/ баримт хэрэгт авагдсанаас гадна гэрч Н.Ганбат  “45 000 000 төгрөгийн зээлийг Тулга Дүгэрээгээс авсан гэсэн, би дэргэд нь байгаагүй” гэх /хх2-94-95/ мэдүүлэг болон Т.Ц, Н.Ганбат, Н.Бүжин, Н.Тулга нар 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “хамтран ажиллах гэрээ”-нээс  дүгнэвэл 45 000 000 төгрөгийн зээлийг Т.Ц авсан, хамтран ажиллах гэрээгээр заасан хэмжээгээр талууд зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтэрсэн хүүг тогтоосон хувь хэмжээгээр төлөх үүргийг тохиролцсон байна. 

Дээрх баримтууд, хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Т.Ц нь М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийн зээл авах хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Тулгаар дамжуулан бэлнээр авсан, бусадтай хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр талууд тохиролцож, уг хугацааг сунгасан, сунгасан хугацаа дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн, зээлдэгчийн үүргийг тооцохдоо төлсөн төлбөрийг хасч үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 50 480 000 төгрөг, нийт 95 480 000 төгрөгөөр тодорхойлж, илүү нэхэмжилсэн 8 208 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

Мөн зохигчид зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалах талаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан, уг байрны өмчлөгч нараас хуульд заасан журмаар зөвшөөрөл авсан нь тэдгээрээс олгосон итгэмжлэл, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Дээрх байдлуудаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хуульд заасан журмаар байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээс гадна гэрээнд заасан мөнгийг  зээлдэгч хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагчийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Хариуцагч Т.Ц нь нэгэнт зээлийн үүргийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан гэрээний тал болох нь дээрх байдлаар нотлогдсон тул зээлийн мөнгийг бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулж захиран зарцуулсан гэдгээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй, хамтран ажиллах гэрээний үүргийг гэрээний талаас жич шаардах боломжтой.

Иймд шүүх Т.Цээс 95 480 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3-т заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ