Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 025

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах талаар

прокурорын дүгнэлтийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/03 дугаар дүгнэлтийг  үндэслэн, А.Э, А.М нарт холбогдох 2 хавтастай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор Я.Дина нар оролцов.

Прокурорын дүгнэлтэд: “Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува улсын иргэн, яс үндэс тува, Ч.А.М, О.А.Э нарыг Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын хилийг бүлэглэж, хууль бусаар нэвтрэх, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч тус бүрийн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. Гэвч шүүгдэгч О.А.Э, өсвөр насны шүүгдэгч Ч.А.М нар нь эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд шинэ /өөр/ гэмт хэрэг буюу дараах гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

1. Шүүгдэгч О.А.Э, өсвөр насны шүүгдэгч Ч.А.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Т.Мөнхбат, Б.Даваасүрэн, Б.Мөрдорж, А.Сүхтулга нарын нийт 4 тооны адуу хулгайлж, хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1735001750140 дугаартай,

2. Оросын Холбооны Улсын Тува улсын иргэн О.А.Э, Ч.А.М нар нь бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун тал 150 метр /86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр/ зайд хилийн торон саадыг таслан ОХУ-ын талаас хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О, Б.Б нарын 2 адууг хулгайлж, ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1835001710139 дугаартай,

3. Оросын Холбооны Улсын Тува улсын иргэн О.А.Э, Ч.А.М нар нь бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ОХУ-ын талаас хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1835001720138 дугаартай хэргүүдийг тус тус үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

Оросын Холбооны Улсын Тува улсын иргэн О.А.Э, Ч.А.М нарт холбогдох эрүүгийн 1835001710139 дугаартай хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа ба Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

О.А.Э, Ч.А.М нар нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 7 сар хорих ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл О.А.Э, Ч.А.М нарт шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсны дараагаар /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө/ урьд нь үйлдсэн гэмт хэргүүд нь сүүлд илэрсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлгүй нөхцөл байдал үүсэж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..." гэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинэ нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай дугаартай О.А.Э, Ч.А.М нарт холбогдох эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах талаар прокурорын дүгнэлтийн хамт ирүүлсэн эрүүгийн 183501710139 дугаартай хэргийн материалыг хянаж үзвэл, яллагдагч О.А.Э, өсвөр насны яллагдагч Ч.А.М нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын талаас хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, 

яллагдагч А.Э, өсвөр насны яллагдагч А.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар  тэмдэгтийн баруун тал 150 метр, 86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр зайд хилийн торон саадыг таслан Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О, Б.Б нарын 2 адууг хулгайлж, Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн,

 яллагдагч А.Э, өсвөр насны яллагдагч А. нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Оросын холбооны улсын талаас Монгол улсын хилийн 82/2 дугаар  тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Т.М, Б.Д, Б.М, А.С нарын нийт 4 тооны адуу хулгайлж, хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт тус тус 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Тус хэргийн материалд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараас үзвэл, А.Э, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд Увс аймгийн Прокурорын газраас 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/03 дугаар дүгнэлтийн хамт А.Э, А.М нарт холбогдох, эрүүгийн 183501710139 дугаартай, 2 хавтастай хэргийн материалыг ирүүлсэн бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүссэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлээгүй байх тул прокурорын дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шүүхээс хянах боломжгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:” гэж, мөн хэсгийн 1.3.-т “.., шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж зааснаас үзвэл, давж заалдах шатны шүүхээс прокурорын дээрх дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянахын тулд анхан шатны шүүхийн шийдвэр (2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай) хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай юм.

 

Харин прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахыг хүссэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой, 2 хавтастай, 486 хуудастай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт хүргүүлж байжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/03 дугаар дүгнэлтийг А.Э, А.М нарт холбогдох, эрүүгийн 183501710139 дугаартай, 2 хавтастай эрүүгийн хэргийн хамт тус прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв. Давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахад саад болохгүй бөгөөд прокурорын уг дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар шүүхээс дүгнээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/03 дугаар прокурорын дүгнэлтийг А.Э, А.М нарт холбогдох, 2 хавтастай эрүүгийн хэргийн хамт тус прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ