Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01418

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01418

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Польш улс /БНПУ/-ын Варшав хотын Симфониагийн  гудамж, 1-10 тоотод оршин суух Баярбаатарын Даниэл-Дөлгөөн /ААР656958/,

 

Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Польш улс /БНПУ/-ын Варшав хотын Симфониагийн гудамж, 1-10 тоотод оршин суух Баярбаатарын Томаш-Тэнгис /ARD762027/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 24а байрны 33 тоотод оршин суух, Боржигон овогт Мангалсүрэнгийн Мөнхжаргал /РД:чз69032801/-д  холбогдох

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, “Бухын хонхор”-т байрлах хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч Н.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва /2124/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүгд найрамдах Польш улсын иргэн Баярбаатарын Даниэл-Дөлгөөн /1982 онд төрсөн/, Баярбаатарын Томаш-Тэнгис /1990 онд төрсөн/ нар нь өөрийн төрсөн эцэг Надмид овогтой Баярбаатарын /2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нас барсан/ хууль ёсны өвлөгчийн хувьд эцгийнхээ өмчлөлийн эд хөрөнгө болох Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 3-25 тоотод байрлах 31 м.кв 2 өрөө орон сууц, Ү-22003001018 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол ДШС-ын 18-3 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон “Бухын хонхор”-т байрлах хувийн сууц, 23-00 УБС улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер” маркийн автомашин зэргийг өвлөн авах хүсэлтээ 2009 оны 4 дүгээр сард итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяагаар дамжуулан Чингэлтэй тойргийн нотариатч Ч.Энхтуяад гаргасан. Ингээд 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Баярбаатарын хууль ёсны өвлөгч нар болох Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, хууль ёсны өвлөгч Б.Сэцэнг төлөөлж түүний ээж М.Мөнхжаргал нар уулзалдаж Н.Баярбаатарын өв хөрөнгийг хэрхэн яаж өвлөх тухайгаа ярилцаж, уулзалтын тэмдэглэлд гарын үсгээ зурж, Чингэлтэй тойргийн нотариатч Ч.Энхтуяагаар гэрчлүүлсэн ба мөн өвлөгч нар 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уулзалдаж, талийгаачийн өмчлөлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө болон эд зүйлс, гар бичмэл, эх зохиолууд, зохиогчийн эрх, орчуулсан материал зэргийг хэрхэн өвлөн авах талаар харилцан тохиролцож, хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн дагуу Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 3-25 тоотод байрлах 31 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны талийгаачид оногдох хэсгийг болон 23-00 УБС улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, зохиогчийн эрх, 9911-4824 дугаарын “Мобикомын сим карт” зэргийг Баярбаатарын Билгүүнд, Ү-22003001018 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ДШС-ын 18-3 тоотод байрлах 2 өрөө орон сууц, хөөрөг зэргийг Баярбаатарын Сэцэнд, талийгаачийн алтан бөгж, гар бичмэл, эх зохиолыг Баярбаатарын Даниэлд, хувийн тамга, орчуулсан материал, модон аягыг Баярбаатарын Томаш нар, харин Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон “Бухын хонхор”-т байрлах хувийн сууцыг болон банкны карт, харилцах дансанд нь байсан мөнгийг 4 хүүхэд нь тэнцүү өвлөхөөр тус тус тохирсон. Гэтэл талийгаачийн өвлөгч болох Б.Сэцэнгийн /бага хүү/ хууль ёсны төлөөлөгч М.Мөнхжаргал нь хэлцэлийн дагуу авах ёстой бүх эд хөрөнгийг өвлөж авчихаад Б.Даниэл-Дөлгөөн.Б.Томаш-Тэнгис нарт оногдох эд зүйлийг болон банкны карт, хадгаламжинд байсан мөнгөнөөс ч оногдох хувийг нь өгөлгүй бүгдийг нь аваад зогсохгүй өв залгамжлагч нарын эрхийг зөрчиж 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон “Бухын хонхор”-т байрлах хувийн сууцыг дангаараа өвлөн авсан болохыг Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нар мэдээд М.Мөнхжаргал болон түүнд өвлөх эрхийн 111 дугаартай гэрчилгээг олгосон Чингэлтэй тойргийн нотариатч Д.Дашцэдэн нарт холбогдуулан Цагдаагийн газарт 2014 оны 02 дугаар сард гомдол гаргасан. Гэвч энэ хэрэгт хяналт тавьсан Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтуул нь яллагдагч Д.Дашцэдэн нь талийгаач Н.Баярбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон дахь Бухын хонхор нэртэй газарт байрлах 384 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг талийгаач Н.Баярбаатарын хамтран амьдрагч М.Мөнхжаргал, түүний төрсөн хүү Б.Сэцэн нарт, М.Мөнхжаргалын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн бичиж олгосон нь илт хууль бус хэлцлийг гэрчилсэн шинжгүй байх ба сэжигтэн М.Мөнхжаргал нь уг хэлцлийг хийхдээ “Хууль ёсны өмчлөгч нарын мэдээлэлд: хэлцэл хийгч тал ...”Жич: БНПУ-д амьдардаг 2 хүү болох Баярбаатарын Даниэл, Баярбаатарын Томаш, мөн Баярбаатарын Билгүүн нар холбогдох өргөдөл материалаа гаргаж өгсөн тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд нэрээ оруулахыг татгалзахгүй” гэж, хэлцлийн гэрээнд ...Мөн хууль ёсны өмчлөгч болох 1.Баярбаатарын том хүү Даниэл /БНПУ-д оршин суудаг, БНПУ-ын иргэн/, 2. Баярбаатарын удаах хүү Томаш /БНПУ-д оршин суудаг, БНПУ-ын иргэн/, 3.Баярбаатарын дүүгийн хүү Билгүүн нар нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр орох эрхтэй ба өмчлөх хүсэлтээ гаргасан тохиолдолд татгалзах зүйлгүй” гэж тус тус тусгасан байх бөгөөд нотариатч Д.Дашцэдэн нь бусдын өмчлөх эрхийг зөрчиж Б.Сэцэн, М.Мөнхжаргал нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгож, М.Мөнхжаргал Б.Сэцэн нар нь өмчлөлийг шилжүүлэн авсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд  хоорондын  эд  хөрөнгийн   маргаан  бүхий  иргэний   эрх  зүйгээр  зохицуулагдах асуудал гэж үзээд Д.Дашцэдэн, М.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоол гарсан. Тиймээс Б.Даниэл, Б.Томаш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би прокурорын тогтоолыг гардаж авсны дараа М.Мөнжаргалтай утсаар ярьж Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нарыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон дахь Бухын хонхор нэртэй газарт байрлах 384 м.кв талбай бүхий хувийн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай ярихад тэрээр татгалзсан тул энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204014416 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон дахь Бухын хонхор нэртэй газарт байрлах 384 м.кв талбай бүхий хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь өмчлөгч М.Мөнхжаргалд байгаа болно. Н.Баярбаатарын хууль ёсны өв залгамжлагч нарын хооронд хийгдсэн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хийсэн хэлцлийн дагуу Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нарт оногдох өв хөрөнгө болох талийгаачийн алтан бөгж, гар бичмэл, эх зохиол, хувийн тамга, орчуулсан материал, модон аягыг зэрэгтэй холбоотой асуудлыг жич тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх замаар асуудлыг тавьж, түүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх болно. Иймд Н.Баярбаатарын хууль ёсны өвлөгч Баярбаатарын Даниэл-Дөлгөөн, Баярбаатарын Томаш-Тэнгис нарыг Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон “Бухын хонхор”-т байрлах хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон гудамж, Бухын хонхор тоотод байршилтай, 384 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан бүхий эд хөрөнгийн лавлагааг авахад уг хувийн сууцны өмчлөгчөөр М.Мөнхжаргал болон түүний хүү Б.Сэцэн нар байдаг юм байна. Хариуцагч М.Мөнхжаргал бидний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч М.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Мангалсүрэнгийн Мөнхжаргал нь 2002 оноос талийгаач Н.Баярбаатартай хамтран амьдарч, энэ хугацаанд нэг дор НҮБ-ын төсөл, орчуулгын товчоонд орчуулагчаар хамт ажиллаж байсан. 2005 оны 12 дугаар сард бид хоёрын дундаас хүү Баярбаатарын Сэцэн мэндэлсэн билээ. 2009 оны 02 дугаар сарын 04-нд нөхөр Н.Баярбаатар нь зуурдаар өөд болж хүү бид хоёр үлдэхэд талийгаачийн ах, дүү нар нь 49 хоног дуусмагц гэрт байсан сейфнээс бүх бичиг баримтыг аваад явсан. Харин Гачуурт дахь зуслангийн байшингийн үл хөдлөх өмчлөх эрхийн бичиг нь өөр газарт хадгалсан байсныг би сүүлд очиж авч өөр дээрээ хадгалсан. Өнөөдрийг хүртэл миний хүүг сайн уу, яаж байна, хичээл сурлага нь сайн уу гэж утсаар ч болтугай ярьж асуугаагүй улстай би юу ярих билээ, тэдэнд өв хөрөнгө л сонин байсан. Би өрх тэргүүлсэн эмэгтэй, хүүгийн дээр 2 охин бий, тэд насанд хүрсэн, сургууль соёлоо төгссөн. Одоо хүүгээ хөлийг нь дөрөөнд хүргэх гээд л зүтгэж явна. Монголын амьдрал, эдийн засаг ямар байгаа билээ, боломж гарангут би гадаадад гэрээт ажилд яваад 2 жил болоод ирлээ. Би оргон зугтаагаагүй, намайг эрэн сурвалжлах шаардлага байгаагүй. Гэрээт ажилд цаг хугацаанд нь яваад гэрээний хугацаа дуусангууд буцаж ирсэн. Талийгаачийн ах Н.Сүхбаатар нь намайг гадаад /БНХАУ/ ажиллаж байгааг мэдэж байсан, өвөл амралтаараа ирээд Цагаан сараар хүүгээ дагуулан тэднийд очиж золгож байсан удаатай. Өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Энхсайхан гэж эмэгтэйтэй би нэг биш удаа өрөөнд нь Гачууртын байшингийн асуудлаар уулзаж байсан. Утсаар ч ярьж байсан. Тэдний тавьсан саналыг би хүлээн зөвшөөрөхгүй байсан тул энэ асуудал сунжирсаар өнөөдрийг хүрсэн. Надад тэр хүн “Чи 50 мянгатын 2 өрөө байрыг нь авсан, Гачуурт дахь зуслангийн байшинг Польшид байдаг 2 хүү нь өвлөнө” гэж нэхэмжлэл ирүүлсэн. Надад итгэмжлэл хийж явуулсан гээд үл ойлгогдох гараар бичсэн бичиг үзүүлсэн нь сэжигтэй байсан. Консулын тамга байгаагүй, гарын үсгийг нь дууриалгаж зурсан болов уу, хуурамчаар зурсан болов уу гэх сэжиг төрсөн. Хавтаст хэрэгтэй танилцахад Польшоос ирүүлсэн гэх итгэмжлэлийн эх хувь нь бүү хэл хуулбар нь ч хавсаргагдаагүй, дан тэр итгэмжлэл гэх баримт бичгийн орчуулга нь л байсан. Гэтэл албан хэрэгт эх хувь хувь нь орчуулгатайгаа хавсарч явдаг гэдгийг тэд мэдэх ёстой. Цаашилбал, “чи үл хөдлөх өмчлөх эрхээсээ нэрээ татаж ав гэж санал болгож, хэрэв эс тэгвээс бүх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг нийлүүлээд бүгдэд нь тэнцүү хуваана” гэж хэлсэн. Би анхнаасаа “хүү бид хоёр 40 мянгатын 2 өрөө байр, Ланд круйзер машин зэрэгт өв залгамжлах эрхийн бичигт нэрээ оруулахгүй, харин Гачуурт дахь байшин бол хүүд нь үлдэх ёстой тул нэрийг нь оруулна, аав нь тэгж хүсч байсан” гэдгийг хэлж байсан. Талийгаачтай хамт Ташкентын Их сургуульд хамт сурч байсан дотны найз С.Алтанг би Варшав хотод буй 2 том хүүгийн эх Эва эгч рүү яриад үл хөдлөх хөрөнгийн асуудал гарах тул тэд ямар байр суурьтай байгаа эсэхийг асуулгахад Эва “надад Монголд болж буй асуудал хамаагүй, би шоконд байна, талийгаач өөд болсонд би гүнээ харамсаж байна” гэж хэлсэн. Мөн пани Эва Хоффман 2007 онд Варшав хотын дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлах өргөдөл өгсөн байсан. Бага хүү нь лицэйд сурдаг ч хариуцагчаас материаллаг дэмжлэг авна гэж бодохгүй байна гэж шүүхийн байримтанд дурдсан байна. 2013 онд би Гачуурт дахь зуслангийн байшингийн үл хөдлөх эрхийн бичгийг өвийн гэрчилгээг авсны дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Энэ аавынх нь барьсан зуслангийн дүнзэн байшин хүүд л хамаатай, миний 2 том охинд хамаарахгүй, хүү насанд хүрсэн тэр цагт дан хүүгийн нэр дээр л очно. Хэрэв Польшид байгаа 2 хүү нь хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд Гачууртын зуслангийн байшинг өмчлөх хамтран эзэмшигчээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд надад татгалзах зүйлгүй гэдгийг би өмгөөлөгчид хэлж байсан. Өв хөрөнгө хуваах хэлцлийн дагуу бол Б.Даниэл, Б.Томаш, дүү Н.Мөнхтуяагийн хүү талийгаачаар овоглосон Б.Билгүүн нарт 50 мянгатын 2 өрөө байр, Ланд круйзер машиныг өвлүүлэхээр Чингэлтэй дүүргийн нотариат дээр гарын үсэг зурсан. Хоёр өрөө байр нь яг энэ дээрх нэр дурдсан хүүхдүүдийн нэр дээр шилжсэн үү, шалгуулж болох ч би хүсэхгүй байна. Энэ асуудлын талаар эгч дүү нар нь над дээр хүн шиг ирээд ярилцаж болох байсан. Заавал шүүх, цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэх хэрэг байсан уу, дүү Мөнхтуяа нь Гачууртын өвийн гэрчилгээг баталсан нотариатчийг загнан зандран, “таныг ажилгүй болгоно” гэх зэргээр загнаж зандраад гарсан гэсэн. Тэр хүн хуулийн дагуу ажлаа л хийсэн. Өнөөдрийг хүртэл талийгаачийн найз нөхөд нь сэтгэл санааны дэм өгч, хэрэгтэй үед миний эцэг эх, дүү нар санхүүгийн дэмжлэг туслалцааг хангалттай үзүүлсээр ирсэн. Миний сарын орлого хангалтгүй ч би хүүгээ хувийн төлбөртэй сургуульд оруулсан. Надад хөрөнгө мөнгө хэзээ ч сонин биш, би хүнийг боловсрол соёлоор нь дүгнэдэг. Манай гэр бүл ч тийм. Хэрэв эгч дүү нар нь тэр Польшид байгаа 2 хүүхдийн нэрийн дор өөрсдөө хувь эзэмших гээд байгаа бол үнэнээ хэлээд ярилцаж болно шүү дээ гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Би Ү-2204014416 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон “Бухын хонхор”-т байрлах хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлтийг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нар хариуцагч М.Мөнхжаргалд холбогдуулж Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон гудамж, “Бухын хонхор” тоот хаягт байршилтай, 384 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Мөнхжаргал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

 

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон гудамж, “Бухын хонхор” тоот хаягт  байршилтай, 384 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014416 дугаартай, хувийн сууц нь Боржигон овогт Мангалсүрэнгийн Мөнхжаргал /РД:чз69032801/ болон түүний төрсөн хүү Мэргэн гүн овогт Баярбаатарын Сэцэн /РД:уц05321459/ нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01238 тоот албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болон зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан. 

 

Хариуцагч М.Мөнхжаргалын хүү Б.Сэцэн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ба 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийх учиртайг Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон гудамж, Бухын хонхор тоотод байршилтай, 384 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч М.Мөнхжаргал бүхэлд нь зөвшөөрч байгаа нь Б.Сэцэнгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон гудамж, Бухын хонхор тоотод байршилтай, 384 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Даниэл-Дөлгөөн, Б.Томаш-Тэнгис нарын нэхэмжлэлийг хариуцагч М.Мөнхжаргал бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ХАНГАЛ