Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01257

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01257

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг 301, 302 тоотод оршин байх, “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК /РД:2734745/-ийн  

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хойлогдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Мягмаржав нь “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд тус байгууллагатай хариуцагч Ц.Хойлогдорж нь анх 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дугаар БГЗГ 15/137 тоот Зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Ц.Хойлогдорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба энэ өдрийг хүртэлх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй холбоо барихгүй байгаа болно. Иймд манай байгууллага Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Ц.Хойлогдорж нь цахим үнэмлэхийн хаяг дээрээ оршин суудаггүй өөрийн гар утас руу нь залгахад зарагдсан, ар гэрийнхэн холбоогүй байдаг гэсэн хариулт өгч оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болно. Иймд Боржигон овогт Цэгмэдийн Хойлогдоржийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Ц.Хойлогдоржийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Хойлогдоржид холбогдуулан гэрээний үүрэгт 78,754,500 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2017/01674 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.    

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хойлогдоржийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хойлогдоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Цэгмэдийн Хойлогдорж /РД:чп79030698/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Хойлогдоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мягмаржав /утас:80890131/,

Хаяг: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 301,302 тоот

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд:  Боржигин овогт Цэгмэдийн Хойлогдорж /РД:чп79030698/

Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, орчлон хороолол, ХД 44 дүгээр байрны 38 тоот

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ