Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1612

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                            Дугаар  1612                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Батгүен” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Батгүен” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Г.Мөнхболд,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Батгүен” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2014/04 тоот “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу худалдагч “Батгүен” ХХК нь худалдан авагч “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдох стандарт, чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг зээлээр худалдсан. Худалдагч нь худалдан авагчийн захиалсан хэмжээний бетон зуурмагийг нийлүүлж байсан боловч худалдан авагч нь төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсээр 2015 он хүрсэн. Төлбөрийг төлөхийг шаардаж удаа дараа биечлэн уулзах, албан бичгээр мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр талууд тооцоо нийлсэн ба уг тооцоог “Харгант цамхаг групп” ХХК-ийн зүгээс баталгаажуулж албан бичгээр хариу өгсөн. Уг тооцооны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдлийг 200,000,000 төгрөгөөр тооцож, түүний 100,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, үлдэх 100,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх амлалтыг худалдан авагчийн зүгээс өгсөн. Гэвч уг төлбөрийг төлж барагдуулсан зүйлгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу зээлээр худалдсан бетон зуурмагийн үнийн үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу бодогдвол зохих алдангид тооцож 100,000,000 төгрөг, бүгд 300,000,000 төгрөгийг “Харгант цамхаг групп” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Газрын тосны газрын ажилчдын орон сууцны барилгад хэрэглэх зорилгоор “Батгүен” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан бетон зуурмаг худалдан авч ашиглахаар тохиролцсон. Гэрээний 2.1 дэх заалт “Талууд энэхүү гэрээний хугацаанд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг Хавсралт 1-д заасны дагуу тохиролцов” гэсэн байна. Хавсралт 1-д: Бетон зуурмагийн үнэ БМ150 /бетон зуурмаг 1м3/ нь 138,000 төгрөг, БМ300 нь 162,000 төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэлд тусгасан бетон зуурмагийн үнэ гэх 200,000,000 төгрөг бодит биш бөгөөд энэ нь дараах баримтаар нотлогдох юм. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тооцоонд бетон зуурмагийн үнийг БМ300 нь 162,000 төгрөг гэж гэрээнд заасныг дур мэдэн нэмж, нэгжийн үнийг 185,000 төгрөгөөр тооцсон байна. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаанд үндсэн өр болон түүний алданги нийт 200,000,000 төгрөг гэж заасан байна. Гэрээний дагуу манай компанид нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ болон нийт бодит үнэ нь БМ150 маркийн бетон зуурмаг нийт 166м3 /нэгжийн үнэ 138,000 төгрөг/ буюу 22,908,000 төгрөг, БМ300 маркийн бетон зуурмаг нийт 1,626м3 /нэгжийн үнэ 162,000 төгрөг/ буюу 263,412,000 төгрөг, бетон зуурмаг шахагч насост машины үйлчилгээний нийт үнэ /5 удаагийн шахалтаар нийт 1,792м3/ нь 20,911,000 төгрөг, нийт 307,231,000 төгрөг болж байгаа юм. “Батгүен” ХХК-д манай компаниас нийт 140,000,000 төгрөг төлсөн байдаг. Иймд үлдэгдэл төлбөр болох 167,231,000 төгрөгийг “Батгүен” ХХК-д төлөхөд татгалзах зүйлгүй болно. Хуулийн хүн барилгын салбарын мэдлэггүй байх нь зөв байх. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар чанар аюулгүйн хэлтэс нь баригдаж байгаа барилгын чанарыг шалгах үүрэгтэй байдаг юм. Энэ газраас 2016 онд манайд төлөвлөгөөт шалгалт хийгдээд бетоны марк хүрэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. БМ150 маркийн бетон бол барилгын бэлтгэл бетон буюу суурийн доод хэсгийг хийдэг өөрөөр хэлбэл газар тэгшилж байгаа бетон юм. 300 маркийн бетон бол зоорь, суурийн, нэгдүгээр давхрыг хийдэг бетон юм. Тухайн үед барилгын баригдаж байх явцад тусгай багажаар хэмжээд марк хангахгүй гэсэн дүгнэлтийг 11 сард гаргасан. Би дүгнэлт гаргаж өгөөч гэсэн чинь чанарын шаардлага хангахгүй байгаа тул 6,800,000 төгрөг төл гэсэн. Би н.Тунгалаг захиралд иймд дүгнэлт гарсан байна гэж хэлээд зургийг нь үзүүлэхэд ямар учиртай юм бол гэж байсан. Бид ярилцаад энэ барилга улсын комисс хүлээж авахааргүй бол барилга үргэлжлүүлж барьсан тэр хэмжээгээр алдагдал хүлээж хохирол учирна. Хэдий хэр хохирол учирсны дараа шүүхэд хандана гэж үзэж байсан юм. Нэхэмжлэгч талын зоорийн давхрын бетоны цутгачихдаа сорьц шалгалт аван дараагийн давхрыг цутгадаг гэж хэлж байгаа нь өрөөсгөл тайлбар байна. Бетон цутгагдаад 28 хоногийн дараа 70 хувийн гүйцэтгэлийн дараа сорьцыг шалгадаг. 28 хоног тутамд барилгын 1 давхар хийгдэнэ гэж байхгүй. Манайд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн итгэлцэл дээр үндэслэж бид бетоноо авч байсан. Бид бетоны гадна тал хуурч байсан талаар бид аман байдлаар хэлж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 5122023 регистртэй “Харгант цамхаг групп” ХХК-иас 251,656,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч 2893169 “Батгүен” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,033,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,658,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,416,232 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баримтад 5 удаа бетон зуурмаг нийлүүлснээс эхний 2 удаагийн буюу Ml50 маркийн бетон зурмаг бэлтгэн нийлүүлэлтэд маргаагүй, харин дараагийн 3 удаагийн буюу М300 маркийн зуурмагийн эхний 901 м.куб зуурмагийг гэрээнд тохиролцсон 162 000 төгрөгийн үнээр нийлүүлсэн ба харин дараагийн 460 м.куб зуурмаг болоп 265 м.куб зуурмаг тус бүрийг гэрээнд тохиролцсон үнээр бус үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлж 185 000 төгрөгийн үнээр нийлүүлсэн нь энэхүү баримтаар тогтоогддог тул, мөн тухайн баримт нь талуудын хооронд гэрээ байгуулсан эрх бүхий этгээд үйлдсэн буюу гэрээ дүгнэсэн баримт гэж үзэх үндэслэлгүй тул, мөн Худалдагч тус компаниас бэлтгэн нийлүүлэгдсэн уг М300 гэх маркийн зуурмаг нь чанар стандартын шаардлага хангахгүй болох нь хожим тогтоогдсон ба түүнийг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаа гаргуулан өгснөөр тухайн М300 маркийн зуурмагийн хувьд ийм үнээр тооцоог хийх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй тэрхүү    баримтууд нь ийнхүү хууль ёсны бус, гэрээний дагуу бус тул үндэслэлгүй, хуулийн хувьд эрх бүхий этгээд биш хүмүүс баталгаажуулсан, мөн гэрээний бус тохиролцоогүй үнээр тооцсон зэргээр шаардлага хангахгүй баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхээр байна. Улмаар шүүх дүгнэхдээ дурьдан буй 2 баримтад үндэслэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа 184 446 000 төгрөг болгон багасгаж гэсэн боловч бодитоор хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн 184 460 000 төгрөг гэснээр нь шийдвэрлэж, үүнээс хамаарч алданги мөн дүнгээс тооцогдон өөр байдлаар тус тус шийдвэрлэгдсэн нь хууль бус байна.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлээ тодорхойлохдоо 2014 оны 8 дугаар сарын 19-ний "Бетон помпны өглөг авлагын тооцоо"-нд болон 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “тооцооны үлдэгдлийн баталгаа"-нд орсон байсан 184 446 000 төгөргийн үлдэгдэлтэй гэж тодорхойлсон, энэхүү 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн баримтаар алдангийн дүнг 15 540 000 төгрөг гэсэн нь  нэхэмжлэгчийн нийлүүлсэн битон зуурмаг нь М300 марк байх атал уг шаардлагыг хангаагүй нь нотлох баримтаар нотлогдсон, харин нэхэмжлэгч нь уг шаардлагыг хангасан зуурмаг нийлүүлсэн гэдгээ нотлоогүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан эрх хэмжээний хүрээндээ давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг зөвтгөн эсхүл анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Батгүен” ХХК нь хариуцагч “Харгант цамхаг групп” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчлөн, хариуцагчаас гэрээний зүйлийн үнэ 184 446 000 төгрөг, алданги 92 230 000 төгрөг, бүгд 276 690 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 123 556 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 4 500 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь гэрээний 4.1-д заасан хугацаа, хувь хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор гэрээний 7.2-т тохиролцсон байна.

Талууд 2014 оны 5 дугаар сарын 14-нөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд өгч авсан зүйлээ тооцож, үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн ба гэрээний зүйлийн төлбөрийн үлдэгдэл нь 184 460 000 төгрөг, алданги 15 540 000 төгрөг, бүгд 200 000 000 төгрөг болохыг уг баталгаанд тусгасан.

Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 24, 2016 оны 8 дугаар сарын 29, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөх талаар саналаа нэхэмжлэгчид удаа дараа албан бичгээр илэрхийлж байсан баримт хэрэгт авагджээ.

Дээрх албан бичгүүдийг хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд үйлдсэн гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь албан бичгүүдэд компанийн гүйцэтгэх захирал Г.Чинтөр гарын үсэг зурсан, тэрээр хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн бүртгэл өөрчлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Гэрээний зүйл нь чанарын шаардлага хангахгүй байсан, бетон зуурмагийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж хариуцагч маргаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд шаардлага гаргаагүй, гэрээний 2.2-т заасан үнийн саналын талаар гэрээнд өөрчлөлт оруулахаар хариуцагч шаардсан баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 798 460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ