Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0694

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгчЦ.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Батбаяр, гуравдагч этгээд К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, гуравдагч этгээд МУЕ-нТамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор А- ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******дхолбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн А- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг А- ХХК-д олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын захирамжаар К- ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн А- ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж А- ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу арилгаж өгөхийг *******д даалгуулах гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А- ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/828 дугаар захирамжийн К- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин уг захирамжийн А- ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гаргатал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэртэй танилцаад Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд доорх гомдлыг гаргаж байна. Манай компанийн хувьд хууль журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/211, 2003 оны 283, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 162 дугаартай захирамжуудаар баталгаажигдан олгогдсон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлалтай 5 га газраа авах гэхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамж нь иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж заасан байхад шүүх үүнийг гэрээ гэрчилгээнд эзэмших газрын хэмжээ 5 га гэж тусгагдснаар нэхэмжлэгчийг 5 га газар эзэмших эрхтэй байна гэж дүгнэх боломжгүй юм гэж үзэж байгаа нь тухайн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн гэрээ, гэрчилгээ нь түүний олгосон тухай шийдвэрийг үндэслэж гарах нь тодорхой байхад олгосон албан тушаалтан түүнийг үндэслэж гэрээ гэрчилгээн дээрх хэмжээст газрыг гэрчилгээн дээр 5 га гэж бичсэн хэрнээ захирамжин дээрээ 2 га гэж бичсэн нь бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх шийдвэрээр гагцхүү А- ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ захиргааны акт гаргатал түдгэлзүүлж гэснээ бусад аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж харагдаж байна. Энэ нь манай компанийн 5 га газраас 3 га газрыг нь хууль бусаар булаан авч байгаа газар олгох эрх мэдэлтнүүд хууль журмыг зөрчиж дураараа авирлан хууль бус аргаар газар олж авах гэсэн нөхдүүдэд ашигтайгаар шийдвэрлэж байгаа шийдвэрийг шүүхээр үнэн мөнийг тогтоолгож, иргэн, хуулийн этгээд хууль журмын дагуу шударгаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авахаар энэхүү гомдлыг гаргаж байгааг минь хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл аливаа иргэн, хуулийн этгээд нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй газрыг эзэмшихээр тухайн асуудлыг эрхлэн хариуцсан эрх бүхий төрийн байгууллагад хандаж баталсан загварын дагуу хүсэлт гаргах боломжтой байх ба тодорхой хугацаа болзлыг тусгасан гэрээг үндэслэн гарсан эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг хууль ёсны гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч А- ХХК-аас анх ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн А- ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг А- ХХК-д олгохыг *******д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөрНийслэлийн Засаг даргын захирамжаар К- ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн А- ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж, А- ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг *******д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Харин хариуцагч *******ас ... Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжаар К- ХХК-д 8 га, А- ХХК-д 2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан .... А- ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 га хэмжээтэйгээр олгож гэрээ байгуулах ёстой байтал 5 га хэмээн алдаатай бичиж хуулийн холбогдох заалтыг зөрчин олгогдсон гэрчилгээг хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу 2 га хэмжээтэйгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой... гэж, гуравдагч этгээд К- ХХК-аас ...нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар нь төрийн эрх бүхий байгууллагаар хянагдан баталгаажсан албан ёсны кадастрын зураггүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын кадастрын талаарх мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын байршил, талбай, хил хязгаар, заагийг тодорхойлох боломжгүй, улмаар тус газар нь манай компанийн газартай давхцаж байгаа гэдгийг нарийн тогтоох нөхцөл боломжгүй ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх талуудын дээрх тайлбар, маргаж буй үндэслэлтэй холбогдуулан бүрэн гүйцэд тодруулж, шалгаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч А- ХХК-ийн гаргасан ...К- ХХК-ийн эзэмшлийн газрын А- ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж А- ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг *******д даалгуулах гэсэн шаардлагын үндэслэл болсон баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар А- ХХК-д 20 га газрыг /газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 50 га/, К- ХХК-д 80 га газрыг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 127 дугаар захирамжаар МУЕ-нТамгын газарт 50 га газрыг, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 205 дугаар захирамжаар ЖПХХК-д 50 га газрыг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар БүиХХК-д 150 га газрыг тус тус эзэмшүүлсэн бөгөөд газрын мэдээллийн санд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшлийн газар хэрхэн бүртгэгдсэн, мөн бодит байдал дээр ямар хэмжээтэй байгаа, эдгээр газрууд нь хоорондоо давхцалтай эсэх талаар холбогдох газраас лавлагаа, баримтыг цуглуулсны эцэст нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд: ...нэхэмжлэгчид 5 га газар олгосон нь давхцалтай гэж шийдсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 171 дүгээр шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Одоо энэ 5 га газар хаана байгаа нь тодорхойгүй, 5 га газрын гэрээ, гэрчилгээ, 2 га газрын захирамж байгаа боловч яг энэ танай газар гэсэн зүйл байхгүй гэж тайлбарлажээ.

Шүүх шинжээч томилж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах газарт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар бодит байдал дээр ямар байдалтай байгааг, газрын давцал байгаа эсэх, байгаа бол ямар хэмжээгээр хэрхэн давцалтайг тодруулаагүй атлаа ...нэхэмжлэгчийн эзэмшил газар нь зөвхөн К- ХХК-ийн бус мөн ЖПХХК, БүиХХК, МУЕ-нТамгын газрын эзэмшил газартай зохих хэмжээгээр давхцалтай байна... гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн А- ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу газар эзэмших эрх бүхий 5 га газрыг А- ХХК-д олгохыг *******д даалгах,Нийслэлийн Засаг даргын захирамжаар К- ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахшаардлагыг шийдвэрлэсэн атлаа К- ХХК-ийн А- ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж, А- ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг *******д даалгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнээгүй, шийдвэрлэлгүй орхиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Тогтоох хэсэгт ...нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ...-ыг тусгана гэж заасныг зөрчсөн байна.

Анх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр ...К- ХХК өөрийн эзэмшил гэх 10 га газрыг тойруулан төмөр хашаа барихдаа нэхэмжлэгч А- ХХК-ийн эзэмшлийн 5 га газрын тодорхой хэсгийг оруулан хашаалсан... тэдгээрт эзэмшүүлсэн газрууд тодорхой хэмжээгээр давхцалтай олгогдсон... гэж дүгнэн хариуцагч ******* гуравдагч этгээд К- ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрээ өөрөө хянаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн холбогдох хүмүүсийг байлцуулан нөхцөл байдлыг дахин шалган тодруулж, дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн К- ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд К- ХХК-д 10 га газар эзэмшүүлэх эрх олгосон 2011 оны 697 дугаар захирамжийг ... газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй... гэх үндэслэлээр хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийг эс зөвшөөрч тухайн үед К- ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Харин нэхэмжлэгчээс ...Газрын дуудлага худалдааны анхны үнийг Нийслэлийн өмчийн харилцааны газартай график гарган, графикийн дагуу 3 жилийн дотор бүрэн төлж барагдуулна... гэж, хариуцагчаас Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу ...К- ХХК-д 8 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулна... гэж хэргийн оролцогчид тохиролцсон буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийг эс зөвшөөрсөнтэй холбоотой маргаан нэхэмжлэгч К- ХХК болон хариуцагч ******* нарын хооронд эвлэрэн хэлэлцсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ.

Тухайн үед К- ХХК-аас өөрийнх нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч маргах үед тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй этгээдийг захиргааны байгууллагын тухайн шийдвэртэй маргах эрхгүй гэж үзэх буюу тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсний үр дүнд К- ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны актын улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж урьдчилан дүгнэх үндэслэл болохгүйг, өөрөөр хэлбэл бусад этгээд тус актын талаар маргасан тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаж буй этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртайг шүүх анхаарвал зохино.

Нэхэмжлэгч А- ХХК нь анх нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн А- ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг А- ХХК-д олгохыг *******д даалгах гэж тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн А-эг ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг А-эг ХХК-д олгохыг *******д даалгах гэх шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3 га газрыг эзэмшүүлэх боломжтой гэж тайлбарлах тул маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, маргаан бүхий захиргааны актын А- ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар шийдвэрийн тогтоох хэсэгтээ дурдаагүй, түүнчлэн хэрэв уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хүчингүй болох үр дагавар үүсэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасантай нийцээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ