Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 026

 

Х.Би, Р.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Би, Р.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч бөгөөд шүүгдэгч Х.Бигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор М.Отгонжаргал, орчуулагч А.Еркегүл, шүүгдэгч Х.Би, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

Шүүгдэгч 1: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1973 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өлгий сумын  дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Р-ийн Б, /регистрийн дугаар: 00000/

Шүүгдэгч 2: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1984 оны 04 сар 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Х-ын Б, /регистрийн дугаар: 00000/

Шүүгдэгч Х.Б, Р.Б нар нь хэрүүл маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож улмаар Р.Б нь Х.Би-гийн эрүүл мэндэд, Х.Би нь Р.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор “1.Шүүгдэгч Р.Б, Х.Би нарыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Би, Р.Б нарыг тус бүр 450 "дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Би, Р.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Би, Р.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Р.Баас 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж И.Би-д, шүүгдэгч И.Би-гаас 31500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж Р.Б-д тус тус олгуулж, шүүгдэгч Х.Би-гийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Б-ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Х.Би-гийн давж заалдах гомдлын агуулга: “Хохирогч X.Би миний бие хувийн суудлын машинаар таксиний үйлчилгээ эрхэлдэг, хувиараа хөдөлмөрлөдөг билээ. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Р.Б гэгч ирээд намайг нэгдсэн эмнэлгийн урьд байдаг таксины зогсоолд ээлж хүлээж зогсож байхад нүүр амны тус газар цохиж, биед маань гэмтэл учруулсан юм. Тухайн үед миний амнаас цус гарч, миний шүд унаж гэмтэл авсан. Гэмт этгээд Р.Б намайг зодсоныг тухайн газарт байсан гэрчүүд болох X.Ж, Б.А, Р.А зэрэг гэрчүүд үзэж харсан бөгөөд Б намайг зодсоныг тэд мэдүүлсэн байгаа юм. Миний бие зодсон эзэн Б-ыг тэр даруй өөрийн машинд суулгаж аваад Цагдаагийн газарт хүргэж, гомдол мэдээлэл өгсөн юм.Холбогдогч Р.Б өөрийн хэргийг хүлээн зөвшөөрсөн байгаа болно. Гэтэл хохирогч X. Би намайг холбогдогч Р. Б, түүний эхнэр Лиза нар худал гүтгэж, үндэслэлгүй дүгнэлт гаргуулан авч, хэрэгт холбогдуулан, ял шийтгүүлсэн явдалд гомдолтой байна. X.Би би Р.Б-ыг огт зодоогүй, түүний биед надаас болж хохирол учраагүй юм. Хохирогч гэх Р.Б-ын нүд нь урьд гэмтэж, “болор нүд” буюу хиймэл нүд хийлгэсэн болох нь тогтоогдсон билээ. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс X.Би намайг Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлог баримт, хохирогч гэх Б нь “болор нүд” буюу хиймэл нүд хийлгэсэн, гэрч А, Ж нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн миний давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолын 1-р заалтын Х-ын Би “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, мөн 2-р заалтаар Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч /хохирогч/ Х.Би-гийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн бүх ажиллагааг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэр, нэгдсэн эмнэлгийн урд байрлах таксины зогсоол дээр “нөгөө мөнгөө яагаад өгдөггүй юм бэ” гэсэн маргааны улмаас Р.Б нь  хохирогч Х.Би-гийн нүүрэн тус газар буюу ам хэсэгт нь цохиж дээд эрүүний баруун талын 1-р шүд уг хэсгээр хугарч унасан, дээд эрүүний зүүн талын 1-р шүд суларсан, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Х.Би нь 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн урд байрлах таксины зогсоол дээр зогсож байхад нь шүүгдэгч Р.Б ирж ам хэсэгт нь цохисны дараа харилцан Х.Би нь хохирогч А.Б-ын баруун шанаанд нь 1 удаа цохиж хөнгөн зэрэгт хамаарах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Б, Х.Би нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамааруулан, мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг тогтоож, шүүгдэгч Р.Б нь хохирогч Х.Би-гийн, шүүгдэгч Х.Би нь хохирогч Р.Б-ын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

 

Шүүгдэгч Х.Би, Р.Б нар нь тухайн үед хоорондоо маргалдан харилцан зодолдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг асуусан мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрч О.А, Ж.Л, Б.Т нарын мэдүүлэг, Х.Ж, Б.А нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, хэргийн нөхцөл байдлыг гэрчилж чадаагүй гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Би давж заалдах гомдолдоо “би Р.Б-ыг огт зодоогүй, түүний биед надаас болж хохирол учраагүй юм, иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж бичжээ.

 

Хохирогч Р.Б, гэрч О.А, Ж.Л, Б.Т нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр шүүгдэгч Х.Би, Р.Б нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, ял шийтгэл тохирсон, хэргийг дахин шалгах шаардлагагүй, эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Би-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ