| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 027 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 027
З.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолтой, З.А-д холбогдох хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, орчуулагч, хэлмэрч Ж.Ахмарал, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч З.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч З.А /РД: БЮ0000/ нь албаны Ланд Крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож иргэн Б.Д-г мөргөснөөс түүний амь насыг хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч З.А-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Б.Д-гийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн, Авто тээврийн гэмт хэрэгт үйлдсэн жолооч З.А хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хорих ялд шилжүүлж 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдол: “З.А миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 116 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие гэмт хэрэг үйлдсэнийг тухайн үед бүрэн хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас нас барсан, талийгаач Б.Дг нас барснаас хойш ар гэрийнхэнд болон хохирогч Х.М-д сэтгэл санааны болон эд материалын бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Талийгаач Б.Д нас барсан мөчид тэр хүний ар гэрт 2.233.000 төгрөгийн хоол хүнсний зүйл, мал, түлээ түлш, оршуулгын зардал зэргийг бүрэн хариуцаж, төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын зүгээс нотлох баримтын хүрээнд талийгаач Б.Д нь нас барсны улмаас гэм хорын хохиролд 2.700.000 төгрөгийн хохирлыг тооцож, яллах дүгнэлтээр тогтоосныг 3.А би өөрөө сайн дурын үндсэн дээр давхар төлж өгсөн. Шүүгдэгч 3.А миний бие хохирогч М-д нийт 4.933.000 (дөрвөн сая есөн зуун гучин гурван мянган) төгрөгийн хохирлыг барагдуулсан. Үүгээр гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг бүрэн төлж өгсөн гэж үзэж байна.
Тийм учраас Аймгийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 9 дүгээрт “Яллагдагч 3.А нь хохирогч X.М-д энэ хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 2 сая 700 мянган төгрөгийг төлж барагдуулсан, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэж тусгасан байгаа. Гэтэл хохирогч X.М, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар нь шүүх хуралдаанд ямар ч нотлох баримтгүйгээр “Сэтгэл санааны хохиролд 10.000.000 (арван сая) төгрөг нэхэмжилснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 116 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд 10.000.000 (арван сая) төгрөгийг шүүгдэгч 3.А-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч X.М-д олгосугай гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр зөвшөөрч байна. Үүнд:
1. “Сэтгэл санааны хохирол” -ын талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, мэдээ сэлт үгүй байхад яагаад хохирогч М-гийн “сэтгэл санааны хохирол” 10 сая төгрөг болох нь тодорхой бус байна.
2. “Сэтгэл санааны хохирол” -ыг ямар шалгуурыг үндэслэж 10 сая төгрөгөөр үнэлсэн гэдэг нь ойлгомжгүй байна.
3. “Сэтгэл санааны хохирол төлөхийг" шүүгдэгч 3.А өөрөө зөвшөөрсөн” гэж буруу дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч 3.А би “Сэтгэл санааны хохирол төлөх” талаар зөвшөөрсөн зүйлгүй болно. Шүүх хуралдаан даргалагч “Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг төлөх талаар асуухад 3.А би “хуульд заасан журмаар төлөх ёстой юм бол татгалзахгүй” гэж хариулсан. Гэтэл Авто аваарын гэмт хэргийн улмаас “Сэтгэлийн санааны хохирол” төлүүлсэн тохиолдол 3.А надаас өөр байхгүй бололтой. Тийм учраас “сэтгэл санааны хохирол” төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй байх гэж үзэж байна.
Иймд, Давж заалдах гомдлын дагуу анхан шатны шийтгэх тогтоолын 8 дугаарт заасан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар “Сэтгэл санааны хохиролд 10.000.000 (арван сая) төгрөгийг З.А-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч X.М-д олгосугай” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч З.А-ын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл тогтоогдоогүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч З.А нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагаас 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрт, Б сумын Засаг даргын тамгын газрын албаны Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Дг мөргөж, амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.А-д холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан анхан шатны шүүх түүнд хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.А-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч З.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “сэтгэл санааны хохирлын талаар нотлох баримт байхгүй, мэдээ сэлт үгүй байхад 10 сая төгрөг үндэслэлгүйгээр гаргуулсан тул шүүхийн шийдвэрийн тэр хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр илэрхийлж нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй байна.
Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг төлж өгөхөө сайн дураар илэрхийлсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулах талаар хууль зүйн зохицуулалт байхгүй байгаа нь шүүгдэгч сайн дураараа үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулахыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сэтгэл санааны хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж байгаа боловч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг төлөхөө анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд сайн дураараа илэрхийлсэн үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байна. Иймээс түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ