| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 028 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 028
Т.К-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолтой, Т.К-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Т.К, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1973 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Т.К /РД: 0000000/ нь өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, З.Б-ы жолоодон явсан фургон маркийн тээврийн хэрэгслийг урдаас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн З.Б, зорчиж явсан иргэн Х.Ү нарын амь насыг хохироож, иргэн С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Т.К-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож З.Б, Х.Ү нарын амь насыг хохироосон, хохирогч С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассаныг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Т.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Т.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б болон хохирогч А.А, А.Б, А.А нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын нэхэмжилж буй хохирогч Х.Ү-ий цалингийн зээл 5.000.000 /таван сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 /арван таван сая/ төгрөг нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б нарыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлын агуулга: “Шүүгдэгч Т.К-ын үйлдсэн гэмт хэрэг хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон, хоёр хүний амь насыг хохироосон, 3 хүнд “хүндэвтэр” гэмтэл учруулсан, онц ноцтой хэрэг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.К-д ял шийтгэл оногдуулахад хэт нэг талыг баримталсан, хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг хэт доордуулсан, хууль ёсны бус шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. Тухайлбал:
1. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 2 жилээс 8 жил хүртэл “хорих ялаар” шийтгэх хуулийн заалттай. Гэтэл Т.К-д ямар нэгэн “хөнгөрүүлэх” үндэслэл байхгүй байхад 1 жилийн хорих ял эдлүүлсэн явдалд гомдолтой байна.
2. Хоёр хүн нас барж, 3 хүн гэмтэл авч, зарим хохирогч нар бэртэл, гэмтлийн хадаасыг авхуулаагүй, одоо хүртэл эмчилгээний шатанд байхад анхан шатны шүүхээс хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О миний бие ханиа алдсан, нэг хүүхэд маань тахир дутуу болсон. Гэр бүлийн хүнээ алдаж, сэтгэл санааны хүнд дарамтад орсноос гадна, өөрийн ойр төрлийн хүмүүс гэмтэл бэртэл авч, эд материалын болон сэтгэл санааны маш их хохирол хүлээсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О миний “сэтгэл санааны хохирол болох 15 сая төгрөг, хохирогч X.Ү-ий зээл 5 сая төгрөгийг шийдвэрлээгүй орхисон” явдалд гомдолтой байна.Надтай адилхан авто ослын улмаас хань ижлийг алдсан хүнд тухайн шүүгч “сэтгэл санааны хохирол” төлүүлсэн байтал надад төлүүлэх шийдвэр гаргаагүйд нь маш их гомдолтой байна. Ижил төрлийн хохирогч нарт яагаад хоёр төрлийн шийдвэр гаргаж байгаад гайхаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Т.К-д хуульд заасан ялыг оноож, сэтгэл санааны болон цалингийн зээл болох нийт 20.000.000 (хорин сая) төгрөгийг төлүүлж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл тогтоогдоогүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.К нь 2018 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар баг “Х” гэх газарт өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-д зааснаар “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас З.Б-ы жолоодож явсан фургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж авто осол гаргаж уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч З.Б, зорчиж явсан хохирогч Х.Ү нарын хоёр хүний амь насыг хохироосон, иргэн С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөтөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.К-д холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан анхан шатны шүүх түүнд хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.К-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан шууд хохиролд 37.970.000 /гучин долоон сая, есөн зуун далан мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон байна гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “гэр бүлийн хүнээ алдаж сэтгэл санааны дарамтад орсноос гадна ойрын төрлийн хүмүүс бэртэл гэмтэл авч эд материалын болон сэтгэл санааны маш их хохирол хүлээсэн. Иймд сэтгэл санааны хохирол болох 15.000.000 /арван таван сая/ төгрөг, хохирогч Х.Ү-ий зээл 5.000.000 төгрөгийг шийдвэрлээгүй тул тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Т.К-д хуульд заасан ялыг оноож, сэтгэл санааны хохирол болон цалингийн зээл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг төлүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр илэрхийлж нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б нарыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгсөн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Т.К нь цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогч Х.Ү-ий авсан гэх 5.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой баримт сэлт хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ