| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2016/0220/З |
| Дугаар | 221/МА2016/0718 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2016/0718
Тх ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 589 дүгээр шийдвэртэй, Тх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгчН.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 589 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2, 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г-т холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослын тухай 31-06-321/1234 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ... Талийгаач Ж.Б- нь Орхон аймаг буюу гэр рүүгээ ажлаасаа шууд очих боломжгүй байсан байна. Тухайн өдөр талийгаач Ж.Б- нь хотод хоноогүй тэр өдөртөө буюу 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой хотоос гарч, гэр рүүгээ харих замдаа осолд орсон мөн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31-06321/1234 дугаартай дүгнэлт нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна ... гэж үзсэн байна. Гэтэл хариуцагч Г.Г- нь энэхүү дүгнэлтийг гаргахдаа талийгаач Ж.Б- нь хэдэн цагт ээлжнээсээ буусан, Улаанбаатар хотод хэдэн цагийн үед ирээд хэдэн цагт Сэлэнгэ аймаг руу гарсан, ажлаас тарсан цаг осолд орсон цаг хугацааны хамаарлаас үзэхэд үйлдвэрийн осолд хамруулж болох нөхцөл байдал мөн эсэх гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй дүгнэлт гаргасан.
Талийгаач Ж.Б- нь 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед ажлаасаа бууж Жаргалант сумаас хувийн унаагаар Улаанбаатар хотод очсон гэтэл осол тус өдрийн 23 цаг 00 минутын орчимд болсон. Үүнээс харахад цаг хугацааны хувьд тооцоолоход хэрэв талийгаач нь Улаанбаатар хотод ирсэн даруйдаа буюу хувийн ажлаар саатаагүйгээр шууд гэр рүүгээ харьсан бол оройн 23 цагаас өмнө гэртээ харих бүрэн боломжтой байсан бөгөөд зам тээврийн осол болохгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Монгол Улсын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл болсон байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт дутуу, зарим зүйл заалтыг буруу бичиж хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ...талийгаач иргэн Ж.Б- нь Тх ХХК-ийн ажил олгогчийн гаргасан тушаал шийдвэр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шөнийн болон илүү цагаар ажилласныг нөхөн амрахаар гэр рүүгээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа осолдож нас барсан болох нь Замын цагдаагийн байгууллагаас гаргасан акт дүгнэлт, чөлөөний хуудас баримтаар тогтоогдсон байна,... үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй... гэж дүгнэсэн 31-06-321/1234 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Тх ХХК-аас ... хэдэн цагт ажлаас тарсан, хэдэн цагт Улаанбаатарт ирсэн, шууд гэр рүүгээ явах боломж байсан эсэх, хэдэн цагт осолд орсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тодруулаагүй... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... хариуцагч Г.Г- нь энэхүү дүгнэлтийг гаргахдаа талийгаач Ж.Б- нь хэдэн цагт ээлжнээсээ буусан, хэдэн цагийн үед Улаанбаатар хотод ирээд, хэдэн цагт Сэлэнгэ аймаг руу гарсан, ажлаас тарсан цаг, осолд орсон цаг хугацааны хамаарлаас үзэхэд үйлдвэрлэлийн осолд хамааруулж болох нөхцөл байдал мөн эсэх гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй дүгнэлт гаргасан, ...талийгаач Улаанбаатар хотод ирсэн даруйдаа хувийн ажлаар сааталгүйгээр шууд гэрлүүгээ харьсан бол оройн 23 цагаас өмнө гэртээ харин бүрэн боломжтой байсан бөгөөд зам тээврийн осол болохгүй байх боломжтой байсан ... шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр тэтгэмж, төлбөр олгоно гэж, мөн хэсгийн 3/-т ажилдаа ирэх, буцах зам гэж тус тус зааснаас үзвэл хэрэв ажилтан ажилдаа ирэх, буцах замд осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осол-д тооцохоор байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Тх ХХК нь ажилчдаа ажлын байр байрлах Төв аймгийн Жаргалант сумаас Орхон аймаг руу хүргэх албан ёсны ажилчдын автобусгүй, Төв аймгийн Жаргалант сумаас нийтийн тээвэр дуудаж Улаанбаатар хот руу хүргүүлдэг болохоо хүлээн зөвшөөрсөн байхаас гадна, Тх ХХК-аас талийгаач иргэн Ж.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ[1]-нд ажилтны гэртээ харих цаг хугацаа, замын маршрутыг зааж тогтоогоогүй байх тул тухайн өдөр талийгаач Төв аймгийн Жаргалант сумын Наран толгой гэх газар байрлах ажлын байрнаас гарч Улаанбаатар хотоор дайран Орхон аймаг руу буюу гэртээ харихаар явах замдаа авто тээврийн осолд орж нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцсон хариуцагчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гомдолд дурдсан үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г- нь Үйлдвэрлэлийн осол тогтоосон дүгнэлт-ийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хяналтын улсын байцаагч тусгайлан судалж, дүгнэлт гаргах талаар заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан нь хууль журамд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Харин нэхэмжлэгч Тх ХХК ослын шалтгааныг судлан, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үйл ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон, тэрээр энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн ослыг бүртгэх үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн атлаа ослын акт ...-ыгзөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах гэж заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2 дахь хэсгийн заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь, мөн хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тухайн асуудлаар дүгнэлт гаргах эрх хэмжээг зааж зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрт баримтлаагүй орхигдуулсан нь тус тус учир дутагдалтай байна.
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г- нь хууль журамд заасан бүрэн эрхийн хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослын тухай 31-06-321/1234 дүгээр дүгнэлтийг гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-тХөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.2.5-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах гэж заасантай тус нийцсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргах эрх хэмжээг заасан дээрх хуулийн зохицуулалтуудыг, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн зүйл заалтын үйлдвэрлэлийн осол-ыг тодорхойлсон 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус нэмж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг 2.3 дахь хэсэг гэж буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 589 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2, 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан ... гэснийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 33 дугаар зүйлийн 33.2.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 3 дахь заалтад тус тус заасныг баримтлан ... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ